Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/шш2021/01643

 

 

 

 

 

       2021 оны 06 сарын 25 өдөр

           Дугаар 102/ШШ2021/01643

                     Улаанбаатар хот

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч .... дүүрэг, .... дугаар хороолол, .... дүгээр хороо, .... гудамжны .... дүгээр байрны .... тоотод оршин суух  Г. Г хүсэлттэй ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад       

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:    

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Барилгын 3 дугаар техник мэргэжлийн дунд сургуульд мастер багшаар томилогдсон ажилласан.

1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус сургууль татан буугдаж, Сургалт үйлдвэрлэлийн 3 дугаар төв болсон.

Гэтэл тэтгэвэр тогтоолгох нас минь болж, тогтоолгох гэхэд ажилд томилсон, чөлөөлсөн тухай “Хөдөлмөрийн дэвтэр”-т бичигдсэн боловч дэвтрийн тамга өөр байна гэдэг шалтгаанаар дээрх тушаалуудыг шаардсан.

Нийслэл болон Улсын архивын газраас Барилгын 3 дугаар техник мэргэжлийн дунд сургуулийн баримт олдохгүй байгаа тул намайг 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Барилгын 3 дугаар техник мэргэжлийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү, гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

 

Нэхэмжлэгч Барилгын 3 дугаар техник мэргэжлийн дунд сургуульд мастер багшаар ажиллаж байсан болох нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн “Хөдөлмөрийн дэвтэр”, Нийслэлийн архивын газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн мөн Үндэсний төв Архивын газрын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Тодорхойлолт”-ууд,    

 

Гэрч Д.С “миний бие 1981 оны 09 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд фикизийн багш, хичээлийн эрхлэгчээр Барилгын 3 дугаар техник мэргэжлийн дунд сургуульд ажиллаж байсан. Намайг ажилд орж байхад Г.Г ажиллаж байсан. Манай сургууль 1991 онд татан буугдсан. Боловсролын яамны харьяа Архивын газар шатсан учраас бичиг баримт олдохгүй байна. Манай сургуульд ажиллаж байсан бүх багш нар шүүхээр ажиллаж байсан болохоо тогтоолгосон. Би 2009 онд Сүхбаатар дүүргийн шүүхээр тус байгууллагад ажилласан байсан байдлаа тогтоолгосон”

 

Гэрч Д.Ч “ намайг тус сургуульд монгол хэл-уран зохиолын багшаар ажиллаж байхад   Г.Ганболд 1983-1990 оны хооронд мастер багшаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Сарантуяагийн ажилласан байдлыг тогтоосон 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 622 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн хамт олонтойгоо авхуулсан 1983-1986 оны гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн      115.2.1, 116, 118, 133 дугаар 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан С овогт Г.Г Барилгын 3 дугаар техник мэргэжлийн дунд сургуульд 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл мастер багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА