Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0165/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өөлөг овогт*******ид холбогдох эрүүгийн 2418000000218 дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өөлөг овогт******* /РД:******* /, 1990 оны 02 сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Орхон сум, Энхтал 02 дугаар баг,*******,******* оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь 2024 оны 04 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Саран-Элит ” эмнэлгийн авто зогсоолд байрлуулсан******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн*******гийн эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий Iphone XS загварын гар утас, ХААН банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дархан зах дотроос эд зүйл худалдан авсан төлбөр 41,000 төгрөгийг уншуулан нийт 749,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саран-Элит” эмнэлгийн авто зогсоолд байрлуулсан******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн*******гийн эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий Iphone XS загварын гар утас, ХААН банкны виза карт зэргийг авч, улмаар Дархан захаас 41,000 төгрөгийн эд зүйл худалдан авахдаа ХААН банкны картыг уншуулан нийт 749,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

“...нөхрийнхөө араас “Саран-Элит” эмнэлэг рүү орохоор машинаа цоожлох гэтэл цоожлогдохгүй байхаар нь цоожлоогүй орхиод эмнэлэг рүү орсон. Гэтэл жолоочийн суудал дээр үлдээсэн Iphone XS загварын гар утас алга болсон байсан. Гар утастай хамт ХААН банкны карт байсан...” гэх хохирогч*******гийн мэдүүлэг /хх-ийн 7/,

“Саран-Элит” эмнэлгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг камерын бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-12/,

Хохирогч*******гийн ХААН банк дахь******* тоот данснаас 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 11:37 цагт 41,000 төгрөгийн Нарантолгой Гурвансайхан гэх утгаар зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга /хх-ийн 14/,

Шүүгдэгч *******оос Iphone XS загварын гар утас, ХААН банкны карт зэргийг хураан авч, хохирогч*******д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 16-17/,

Iphone XS загварын гар утас, ХААН банкны виза карт зэрэг нь нийт 708,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******д нийт 749,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 41,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь гар утас, банкны виза картаа биет байдлаар хүлээн авч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хүсэлт, 41,000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг “Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГазарт эдлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлөг овогт*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар “Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГазарт эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР