Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00486

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2021/00486 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.И-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  З СӨХ-нд холбогдох,

 

дутуу олгосон цалингийн үлдэгдэл 4,450,000 төгрөг, хоол унааны зардал 408,000 төгрөг, тоног төхөөрөмж угсралтын хөлс 400,000 төгрөг, цалин хугацаандаа олгоогүй алданги 650,000 төгрөг нийтдээ 5,908,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.С, гэрч Б.Н, нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.И нь З СӨХ-нд гүйцэтгэх захирал буюу ерөнхий менежерээр 2019.04.02-ны өдрийн тушаалаар томилогдсон. Нэхэмжлэгч нь тус СӨХ-нд 2019.04.02-ны өдрөөс эхлэн 2019.06.14-ны өдрийг хүртэл 2 сар 6 хоног ажилласан. Энэ хугацаанд 100.000 төгрөгийн урьдчилгаа цалин авсан байдаг. Түүний дараагаар нэхэмжлэгч эхнэрээ эмчлүүлэх зорилгоор гадаад улс руу явах болоод өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч гадаад улсаас ирээд ажилласан хугацааны цалин хөлсийг авах гэхэд захирал Б.Н нь хууль бусаар ажлаас халагдаж тамга, тэмдэгийг хүч хэрэглэхгүйгээр булаан авсан, тийм учир цалин хөлсийг олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Улмаар З СӨХ-ны шинээр томилогдсон гүйцэтгэх захиралаас цалин хөлс авах гэхээр Б.Нын үед ажиллаж байсан учир Б.Наас гаргуулж ав гэсэн. Энэ мэтчилэн хоёр захиралын хоорондын маргаанаас болж нэхэмжлэгч Н.И нь 1 жил 5 сарын хугацаанд цалин хөлс авч чадалгүй явсан. Н.И З СӨХ-нд ажиллаж байх хугацаандаа 101-106 дугаар нийт 6 байрны В1 давхарын халуун ус тоног төхөөрөмж, услалтын системийн угсралтын нэмэлт ажлыг хийсэн ба тус ажлыг зүгшрүүлж СӨХ-нд хүлээлгэн өгсөн байдаг. Уг ажлын хөлсөнд 400.000 төгрөгөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл авч чадалгүй байсаар байна. Мөн ажилласан хугацаанд хоол унааны зардалд 408.000 төгрөг олгогдоогүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлсийг хугацаандаа олголгүй саатуулсан 650.000 төгрөг, мөн хуульд заасан 0.3 хувийн алдангийг тооцож нэхэмжлэлд тусгасан байдаг. З СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Н-аас гаргасан 2020.11.12-ны өдрийн албан бичиг нь маргаан таслах комиссын албан бичиг гэж үзэхгүй байгаа. Мөн Г.Н-ын маргаан таслах комиссын өмнөөс гаргасан бичиг нь Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд ач холбогдолгүй гэж үзсэн учир шүүхэд нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иймд 2020.11.07-ны өдөр нэхэмжлэгчийн маргаан таслах комисст гаргасан гомдол эсрэг тал эсэргүүцээгүй эсхүл хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй гэж би ойлгож байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Н гэх хүн өөрийн биеэр лифтний гэрчилгээг хүлээлгэж өгсөн. Тэгэхэд Н.И-ын ажилд томилсон тодорхойлолт, ажлаас чөлөөлөгдсөн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ архивт хадгалагдаагүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 3 сард Н.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч над дээр ирээд Н.И гэх хүний ажлаас чөлөөлөгдсөн тушаалд тамга нь дарагдаагүй байна. Энэ тушаалууд дээр тамга дараад өгөөч гэж гуйж байсан. Тэр үед архивт хадгалагдаагүй байсан учир би тамга дарж өгөлгүй гаргасан. 2020.07.09-ний өдөр ... дүүргийн нотариатчаар гарын үсгийн баталгаанд нотариатын тамга дарж баталгаажуулсан байсан. Мөн миний бие 2019.07.29-ний өдөр СӨХ-ны гүйцэтгэх захиралаар томилогдсон. Томилогдсон хугацаанаас хойш сар бүрийн 5-ны өдөр цалин хөлс олгосоор ирсэн. Манай СӨХ-нд цалин хөлсний ямар нэгэн маргаан огт гардаггүй. Гэтэл Н.И гэх хүн ажилласан хугацааны цалин хөлс авахаар шүүхэд хандсан байсан. Сууц өмчлөгчдын холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд тодорхой тусгагдсанд гүйцэтгэх захиралын орлогч эсхүл менежер гэх албан тушаал байдаггүй. Иймд Н.И-ын ажлын тодорхойлолт гарах боломжгүй болж байгаа юм. Мөн хуулийн 12.6-д тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал нь СӨХ-ны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар бүх гишүүдийн хурал буюу удирдах зөвлөлийн хурлаар тодруулах эрхийг хэтрүүлэн хэрэглэх, урвуулан ашиглах зорилгоор СӨХ-нд хохирол учруулсан бол уг хохиролыг өөрийн хувийн эд хөрөнгөөр барагдуулна гэж заасан байдаг. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Н.И-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь дутуу олгосон цалингийн үлдэгдэл 4,450,000 төгрөг, хоол унааны зардал 408,000 төгрөг, тоног төхөөрөмж угсралтын хөлс 400,000 төгрөг, цалин хугацаандаа олгоогүй алданги 650,000 төгрөг нийтдээ 5,908,000 төгрөгийг хариуцагч З СӨХ-ноос гаргуулахыг хүссэн, харин хариуцагч тал ...Н.И-ын ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ архивт хадгалагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.И-ыг З СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2019.04.12-ны өдрийн ... тоот тушаалаар аж ахуйн үйл ажиллагааны менежер /орлогч захирал/-ээр ажилд авсан, 2019.06.18-ны өдрийн ... тоот тушаалаар чөлөөлсөн гэх тушаал болон Н.И-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь З СӨХ-ны тамга тэмдэггүй, 2019.04.16-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны нэр-үйлчлэгч, ажлын байрны зорилго-хариуцсан байр, орц, талбайг хоггүй цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн тоноглол, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хангах гэж тусгасан нь эргэлзээтэй байна.

 

Н.И-ыг ажилд авсан болон чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг З СӨХ-ноос ирүүлэхийг шаардсан боловч дээрх баримтууд тус СӨХ-ны архивт хадгалагдаагүй болохыг мэдэгдсэн З СӨХ-ны 2020.02.27-ны өдрийн ... тоот албан бичиг ирүүлсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болно.

 

Гэтэл Н.И-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр байхгүй, цалин олгож байсан гэх баримтгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3-т зааснаар ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах зэрэг журам баталж мөрдүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэсэн заалтыг тухайн үеийн ажил олгогч нь хэрэгжүүлээгүй байна.

Иймд үндсэн цалинг 1,000,000 төгрөгөөр тогтоосон, 2019.06.18-ны өдрийг хүртэл 2 сар 6 хоног ажилласан гэх нотлох баримтгүй тул цалингийн үлдэгдэл 4,450,000 төгрөг, цалин олгоогүй хугацааны алданги 650,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн Н.И-ын шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар ажилтан ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгож болох боловч Н.И нь З СӨХ-нд ажиллаж байх хугацаандаа 101-106 дугаар нийт 6 байрны В1 давхарын халуун ус тоног төхөөрөмж, услалтын системийн угсралтын нэмэлт ажлыг хийсэн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Иймд хоол унааны зардал 408,000 төгрөг, тоног төхөөрөмж угсралтын хөлс 400,000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020.10.21-ний өдрийн 268 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлд Н.И нь нийтдээ 72,818,000 төгрөгийг З СӨХ-ноос гаргуулах өргөдөл өгч байсан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 5,908,000 төгрөг гаргуулахыг хүссэн байдлаас үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй, үнийн дүнгийн тооцоолол хэт зөрүүтэй байна.

 

Г.Н-ыг З СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон Хан-Уул дүүрэг ... дүгээр хороо, ... хотхоны З СӨХ-ны удирдах зөвлөлийн 2019.07.29-ний өдрийн ...тоот тогтоол, тус сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн гэрчилгээ хэрэгт авагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт зааснаар З СӨХ-нд холбогдох 5,908,000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.И-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ