Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1746

 

МАГАДЛАЛ

 

2018.07.25                                                  Дугаар 1746                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Г.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01290 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М Д  ХХК-д холбогдох,

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 30 421 599 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний төрсөн ах Г.Х нь Э Ү ХХК-ийн Ил уурхайд ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зүрхний шигдээс өвчний улмаас гэнэт нас барсан. Ах маань 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5 дугаар хорооллын 2 дугаар байрны 46 тоот 2 өрөө орон сууцыг Г Б ны ипотекийн зээлээр 48 400 000 төгрөгөөс 144 сар буюу 12 жилийн хугацаатай төлөхөөр худалдан авсан байсан юм. Г Б тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний 3.1.6-д “...барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, эд хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулах үүрэгтэй гэж заасны дагуу даатгалын гэрээ хийгдсэн байна. Дараа нь Г Б  хамтран ажиллах даатгалын компаниа сольсон тул 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр М Д  ХХК-тай Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг шинэчлэн хийжээ. Энэ гэрээний 8 дугаар зүйлд гэнэтийн ослын даатгалын хамгаалалт гэсэн зохицуулалт байх бөгөөд даатгалын эрсдэлд даатгуулагч бүх төрлийн гэнэтийн осол өвчний улмаас нас барах гэж тодорхойлсон байна. Талийгаач ах маань зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан, энэ өвчин нь хүний зүрх, амьсгалын үйл ажиллагаа нь гэнэт зогсдог тул гэнэтийн өвчнөөр нас барсан гэж үзэх үндэслэлтэй тул М Д  ХХК нь үүнийг даатгалын эрсдэлд тооцож талийгаач ахын маань банкинд төлөх ёстой зээлийн үлдэгдлийг нөхөн төлбөр гэж төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Иймд даатгалын гэрээний 3.1-т зааснаар М Д  ХХК-иас 30 421 599 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гэнэтийн ослын даатгал нь гэнэт ямар нэгэн осол аваар, өвчний улмаас нас барахыг ойлгоно. Зүрхний шигдээс өвчин нь Эрүүл мэндийн газрын 2005 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн сайдын удирдамж баталсан байдаг. Иймд гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтыг үндэслэж М Д  ХХК-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мандал даатгал ХХК нь гэрээний 6.1.5, 6.1.8 гэж тайлбарладаг боловч үүнийг бид нар үгүйсгэхдээ мэдэгдээгүй гэх боловч цаг хугацаандаа мэдэгдээгүй гэдэгт маргадаггүй. Нэхэмжлэлийн үнийн дүнд маргадаггүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгуулагч Г.Х нь 2017 оны 3 дугаар сарын       29-ний өдөр гэртээ нас барсан гэсэн. Гэхдээ даатгалын гэрээнд заасан эрсдэл учирсны улмаас хохирол учирсан болохыг тогтоох шинжилгээнд оруулаагүй. Г.Х-аас тухайн үед утсаар тодруулж асуухад гэртээ сууж байгаад гэнэт таталт өгч нас барсан. Улмаар түргэн тусламж дуудсан ч эмч ирэх үед нас барчихсан байсан. Түргэний эмч зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэж хэлсэн байсан. Өөрөөр хэлбэл түргэн тусламжийн эмч ямар ч үзлэг шинжилгээ хийхгүйгээр зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэх онош тогтоосон байсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч н.Б зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн байсан. Мөн энэхүү өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтыг үндэслээд Э Ү ХХК-ийн сувилал цогцолборын комисс нь нас баралтын шалтгааныг тогтоосон шийдвэр гаргасан байсан. Зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан тохиолдолд таталт өгөхгүйгээр гэнэт амьсгал хураадаг. Гэтэл даатгуулагч Г.Х-ийн хувьд таталт өгч нас барсан гэх шинжилгээ байсан бөгөөд даатгуулагчийн хамгийн сүүлд хийгдсэн үзлэг шинжилгээний хуулбар нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд зүрхний шигдээс өвчний шинж тэмдэг илэрч байгаагүй. Харин бөөрний архаг үрэвслийн улмаас нас барсан байж болзошгүй байсан. Нас барсан шалтгаан тодорхойгүй байсан тул эдгээр эмч, эмнэлгийн байгууллагын онош үндэслэлтэй эсэхийг тодруулахаар Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт өргөдөл гаргаж тодруулсан. Өргөдлийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2/757 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Ийнхүү хариу ирүүлэхдээ өвчний түүх, шинжилгээг судлаад архаг бөөрний дутагдлын улмаас нас барсан байж болзошгүй гэж тодорхойлсон. Түүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч Ц-ийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байсан тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтээр задлан шинжилгээ хийгээгүй, бодит үндэслэл тодорхойгүй, хэргийн газар баримт байхгүй тул Г.Х-ийн нас барсан шалтгааныг бүрэн тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Энэ нь захирамжийн 2.1 дэх асуултад хариулсан хариултад байгаа. Мөн задлан шинжилгээнд оруулаагүй нас барсан хүнийг зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэдгийг дараах 3 шинжилгээний хариунаас тодорхойлно гэж 2.5 дахь асуултад хариулсан. Амьд ахуйд нь авсан шинжилгээгээр зүрхний шигдээс болох өөрчлөлтүүд илрээгүй байсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр зүрхний титэм судсанд гарсан өөрчлөлтүүдийг дүгнэх шинжилгээний хуулбар хавтаст хэрэгт байхгүй тул дүгнэлт хийх боломжгүй байна гэж хариулсан байдаг. Энэ нь дүгнэлтийн 2.6 дахь асуултын хамгийн сүүлд байгаа. Энэ нь манай 1603006137 тоот зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 6 дахь нөхцөл буюу нөхөн төлбөр олгохгүй нөхцөл байдлын 6.1.5, 6.1.8-д заасан нөхцөл болж байгаа. Эдгээрийг тодруулбал дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагавар үүсэхэд даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Даатгалын гэрээний 6.1.5-д даатгуулагч нь учирсан хохирлыг нотлох баримтыг нөхөн төлбөрийн хэмжээнд тогтоох шаардлагатай гэж үзэх бүрэн гүйцэт баримт бичиг, мэдээ мэдээллийг даатгагчид өгөөгүй тохиолдолд, 6.1.8-д хохирлыг нотолход оролцоогүй тохиолдолд нөхөн төлбөрийг олгохгүй гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл байдал үүссэн. Иймд манайх Даатгалын гэрээний 6.1.5, 6.1.8-д заасны дагуу буюу гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан М Д  ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 30 421 399 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Хүрэлбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 310 060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан Зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн 15 дугаар тал болон 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 4181 дугаар захирамжаар томилогдсон Улсын гуравдугаар эмнэлгийн шинжээч эмч нарын дүгнэлтийн 2.5 дахь асуултад хариулсан байдлаас харвал "задлан шинжилгээнд оруулаагүй нас барсан хүнийг Зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан гэдгийг дараах 3 шинжилгээний хариунаас тодорхойлдог гэсэн. Амьд ахуйд нь авсан цусны сийвэнгийн ферментийн түвшингийн ихсэлт (зөвхөн зүрхний булчингийн гэмтэл, үхжилийн үед цусад гардаг өвөрмөц фермент), Титэм судасны ангиографийн шинжилгээ эсвэл зүрхний хэт авиан шинжилгээ, Зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт, гэтэл дээрх амьд ахуйд нь авсан цусны сийвэнгийн фермент гэж байхгүй, зүрхний шинжилгээ цахилгаан бичлэг зэрэгт зүрхний шигдээс болох өөрчлөлтүүд илрээгүй байсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр ч Зүрхний титэм судсанд гарсан өөрчлөлтийг дүгнэх шинжилгээний хуулбар хавтаст хэрэгт байхгүй тул "дүгнэлт" хийх боломжгүй байна гэж хариулсан байсан. Зүрхний шигдээс өвчнөөр нас барсан болохыг гаднах үзлэг, дуудлага өгсөн, очсон хугацаагаар оношлох ямар ч эмнэл зүйн удирдамж байхгүй буюу ийнхүү арга замаар оношлох боломжгүй байхад гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн. Э Ү ХХК-ийн Эрдэнэт сувилал цогцолбор комиссын гаргасан нь нас баралтын шалтгааныг тогтоосон шийдвэр нь өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргаагүй шийдвэр байсан. 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1003 дугаар захирамжаар томилогдсон шинжээч Р.Ц-ийн дүгнэлт нь үндэслэлгүй байсан тул дахин 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4181 дугаар захирамжаар Улсын гуравдугаар эмнэлгийн шинжээч эмч нарыг томилсон атлаа өмнөх үндэслэлгүй гэж үзсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 4181 дугаар захирамжаар томилсон Улсын гуравдугаар эмнэлгийн шинжээч эмч нар шинжээчийн дүгнэлтэд дараах өвчний улмаас нас барсан байж болно гэж таамаглал дэвшүүлснийг үндэслэсэн. Үүнд, тархины давтан харвалт, бөөрний дутагдлын хүндрэл, зүрхний дутагдал, архины хордлого, зүрхний шигдээс, талуудын харилцааг тусгайлан зохицуулсан гэрээний зохицуулалтыг баримтлаагүй буюу гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 4181 дугаар захирамжаар томилсон Улсын гуравдугаар эмнэлгийн шинжээч эмч нарын хийсэн шинжээчийн дүгнэлтийн 2.1 дэх Т.Х нь ямар өвчний улмаас нас барсан эсэх, гэх асуултад "Задлан шинжилгээ хийгээгүй, тухайн нас барах үеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг тодорхойгүй, хэргийн газрын баримт байхгүй тул Т.Х-ийг үхэлд хүргэсэн шалтгаан, өвчнийг тогтоох боломжгүй" гэж хариулсан. Даатгалын гэрээний 2.1-т зааснаар даатгуулагчийг гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах эрсдэлийг даатгасан бөгөөд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр нас барсан шалтгааныг тогтоох боломжгүй гэсэн нь гэрээнд заасан эрсдлийн улмаас хохирол учирсан болохыг тогтоох боломжгүй байдалд хүргэж, гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд. 6.1 Дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэлийн улмаас хохирол үүссэн эсэх нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох гол шалгуур болдог байхад нас барсан шалтгаан нь даатгалын хохиролд хамаарахгүй гэж үзсэн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч М Д  ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 30 421 399 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгох шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг даатгагчид бүрэн өгөөгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн төрсөн ах болох даатгуулагч Г.Х нь 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Орон сууцны зээлийн гэрээг “Г Б ” ХХК-тай бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Г Б ” ХХК нь 48 400 000 төгрөгийг 144 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байх бөгөөд уг зээлээр худалдан авсан орон сууцны болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдлээс хамгаалах зорилгоор Г.Х нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг хариуцагчтай 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 71 000 000 төгрөгөөр үнэлж, зээлийн үлдэгдлийг 31 743 837,8 төгрөгөөр тооцож даатгалын гэрээ байгуулсан нь тогтоогдож байна. /хх-ийн 9-10 дахь тал/

Даатгуулагч болон хариуцагч компанийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүрэг үүссэн байна. Г.Х нь өвчний улмаас гэртээ нас барснаар зээлийн даатгалын гэрээний 8-д заасан даатгалын тохиолдол бий болсон.

Даатгуулагч Г.Х нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ гэнэтийн өвчний улмаас нас барж, зээлийн даатгалын гэрээний 2.1-т заасан нөхцөл үүссэн байх тул түүний өв залгамжлагч гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Т.Х нь даатгуулагч Г.Х-ийн төрсөн дүү болох төрөл садангийн лавлагаагаар нотлогдож байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 24 тоот өвлөх эрхийн гэрчилгээ авсан, бусад өвчлөгч нар өвийг хүлээн авахаас татгалзсан тул түүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д зааснаар даатгуулагч Г.Х-ийн хууль ёсны өвлөгч гэж үзэх тул тэрээр даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч М Д  ХХК нь даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасан эрсдэлд архаг хууч өвчин орохгүй гэж маргах боловч гэрээний 2.1-т зааснаар зээлдэгч /Г.Х/ өвчний улмаас амь насаа алдвал даатгалын нөхөн төлбөр олгохоор талууд тохиролцсон тул нас барах шалтгаан болсон өвчний шинж буюу шинэ эсхүл архаг өвчин байсан эсэх нь нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэл болохгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 310 060 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                          М.НАРАНЦЭЦЭГ