| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Янжиндулам |
| Хэргийн индекс | 125/2022/0017/з |
| Дугаар | 125/ШШ/2022/0015 |
| Огноо | 2022-06-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 125/ШШ/2022/0015
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ
БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ
БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би
Нэхэмжлэгч: “Т ” ХХК
Хариуцагч: Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Д.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 2021/116/ШТА-ГА дугаартай тайлангийн "Т " ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 2021/116/ШТА-ГА дугаартай тайлангийн "Тахидаг хар" ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Д.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т ” ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрхийхээ дагуу хүлээн зөвшөөрч “...Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийсэн аудитын тайлан...”-ийн Т ХХК-тай холбоотой хэсгийн “...Т ХХК-иас хуучин цахилгаан халаалтын зарим тоног төхөөрөмж, цахилгааны устыг буцаан авч эзэмшигч Эвийн хүч худалдааны төвд хүлээлгэн өгөх...” гэснийг “...Эвийн хүч хоршооны дутагдсан хөрөнгийг хуулийн байгууллагад хандан буруутай этгээдийг тогтоолгож учирсан хохирлыг буруутай этгээдийг тогтоолгож учирсан хохирлыг буруутай байгууллагаас гаргуулах...” гэж өөрчилж, өөрчлөгдсөн тайланг холбогдох газруудад хүргүүлж, tailan.audit.mn сайтад байршуулах болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ” ХХК нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Д.М-д холбогдуулан “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 2021/116/ШТА-ГА дугаартай тайлангийн "Т " ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “...Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийсэн аудитын тайлан...”-ийн Т ХХК-тай холбоотой хэсгийн “... Т ХХК-иас хуучин цахилгаан халаалтын зарим тоног төхөөрөмж, цахилгааны устыг буцаан авч эзэмшигч Эвийн хүч худалдааны төвд хүлээлгэн өгөх...” гэснийг “...Эвийн хүч хоршооны дутагдсан хөрөнгийг хуулийн байгууллагад хандан буруутай этгээдийг тогтоолгож учирсан хохирлыг буруутай этгээдийг тогтоолгож учирсан хохирлыг буруутай байгууллагаас гаргуулах...” гэж өөрчилж, өөрчлөгдсөн тайланг холбогдох газруудад хүргүүлж, tailan.audit.mn сайтад байршуулахаа бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу тус хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Т ” ХХК-ны Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Д.М-д холбогдуулан гаргасан “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 2021/116/ШТА-ГА дугаартай тайлангийн "Т " ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ