Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 098

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч Ц.Одхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэхь хэсэгт зааснаар Ц.Одхүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000123 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-11-02 тоотод оршин суух хаягтай, Жаст Ойл ХХК-д түгээгч ажилтай, урьд ял шийтгэлгүй, ВЮ89120912 тоот регистрийн дугаартай, Тайж овогт Цагааны Одхүү.

Үйлдсэн хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р багийн нутаг дэвсгэр Тумбааш дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр 2016 оны 04 сарын 24-ний 22 цагийн үед Ц.Одхүү нь Хайлукс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас иргэн Т.Энхбаатарын жолоодож явсан мотоциклийг мөргөсний улмаас иргэн Т.Энхбаатарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                              /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч Т.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

Гэрч Ч.Энхмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч Г.Янжинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Шүүгдэгч Ц.Одхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

гэх мэдүүлэг.

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-6/

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зураглал /хх-ийн 7-12/

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-22/

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт. /хх-ийн 38/

- Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/

-жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 83/

-Жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 63, 84/

-шүүгдэгч Ц.Одхүүгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/

-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 78/

- Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 110-113/     

-хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн бармитаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 119/

-хохирогч Т.Энхбаатарын хүсэлтүүд /хх-ийн 125/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус прокурорын газраас Ц.Одхүүгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв. байна.

Шүүгдэгч Ц.Одхүү нь 2016 оны 04 сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р багийн нутаг Тумбааш дэлгүүрийн зүүн талын зам дээр 42-11БНА улсын дугаартай Хайлукс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасныг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол хэрэг гарч иргэн Т.Энхбаатарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийнн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Одхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэхь хэсэгт “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” Гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Ц.Одхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Т.Энхбаатар нь цаашид уг гэмт хэрэгтэй холбоотой хохирол гарсан тохиолдолд хохиролын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жолоочийн үнэмлэх болон 42-11БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Одхүүгийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн Цагааны Одхүүг хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэгт зааснаар Ц.Одхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Одхүү нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Энхбаатарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №589663 дугаартай жолоочийн үнэмлэх, №00808427 дугаартай тээврийн хэрэгчлийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Ц.Одхүүгийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хохирогч нь цаашид уг гэмт хэрэгтэй холбоотой хохирол гарсан тохиолдолд хохиролын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Одхүүд хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Одхүүд хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ