Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00487

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00487

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Д СӨХ-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж.Д-д холбогдох,

 

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,058,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Т, түүний өмгөөлөгч Д.Б, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгч Ж.Д нь 2015 оны 12 сараас 2020 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэл оршин сууж байсан. Хариуцагч тухайн байранд оршин сууж байхдаа 3 жилийн хугацаанд сууц өмчлөгчдын холбооны төлбөрийг төлсөөр ирсэн. 2018 оны 5 сараас 2020 оны 10 сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй байдаг. Нийт 30 сарын хугацааны төлбөр болох 1.050.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хэмжээ нь тогтмол байдаг. Хариуцагчийн 3 өрөө орон сууцны нэг сарын зардал нь 35.100 төгрөг байдаг. Үүнд засвар үйлчилгээний зардал 210 төгрөг, лифт ашиглалтын төлбөр болох 6.000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөр 5.000 төгрөг, хогны 2.500 төгрөг, граш ашиглалтын зардал 5.000 төгрөг болж нийтдээ 35.100 төгрөг болдог юм. Хариуцагчаас өнгөрсөн хугацаанд төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Хариуцагч хуульд заасан үүргээ хүлээж төлбөр төлөөгүй, шүүхэд 14 хоногийн дотор хариу тайлбар гаргаагүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зуөвшөөрч байна гэж үзэж байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Д СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д СӨХ нь 2018 оны 05 дугаар сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.058.100 төгрөгийг хариуцагч Ж.Д-гоос гаргуулахыг хүссэн байна.

 

Хариуцагч Ж.Д 2021.01.26-нд нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буйгаа мэдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд Д СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар байгуулагдсан болох нь 2014.03.31-ний өдөр олгогдсон 147 дугаар гэрчилгээ, СӨХ-ны дүрэм, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014.04.01-ний өдрийн ... тоот хурлын тогтоол зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул Д СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан авагдсан авлагын дэлгэрэнгүй тайлан /5-7-р тал/, Д СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2015.04.01-ний өдрийн 01 тоот шийдвэр зэргээс үзэхэд тухайн зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг сарын 35,100 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд Ж.Д нь 2018 оны 05 дугаар сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй тул 35,100 төгрөгийг 30 сараар тооцож, нийтдээ 1,058,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Ж.Д-гоос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,058,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д СӨХ-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д-гоос улсын тэмдэгтийн хураамжид 30,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ