Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/00524

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2021/00524 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Х банк ХХК-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б,

 

Хариуцагч: Л.О нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 11,895,345,94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уг маргаан бүхий зээлийн гэрээ нь иргэн Б.Б-тай 2019.05.10-ны өдөр байгуулагдсан байдаг. Зээлийн гэрээгээр зээлдэгчид 15.000.000 төгрөгийг нэг жилиин 22.8 хувийн хүүтэй 24 сараар харилцан тохиролцож барьцаа хөрөнгө гаргуулан зээлийг олгосон. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл болох 15.000.000 төгрөгөөс 4.737.666,46 төгрөгийг төлсөн. Нийт хүүний төлбөрт 3.915.806,85 төгрөг, 2.293.294,35 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан. Түүнийг тухай бүр утсаар болон бичгээр мэдэгдэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Иргэний хуульд зааснаар гэрээг банкны буюу нэг талын санаачлагаар цуцалсан. Иймд 2020.10.16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,262,333.54 төгрөг, үндсэн хүү 1,533,911.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,601.12 төгрөг, гарсан зардал 10,500 төгрөг нийтдээ 11.895.345,94 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Зээлийн гэрээнд Б.Б гарын үсэг зурж хийсэн байдаг. Тэгэхээр хариуцагч нарын аль нэг нь төлөх үүрэгтэй. Мөн улс даяар цар тахал тархаж ажлын байр хомс болсон. Хариуцагч Б.Б нь ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг учир зээлийн төлөлт хийх чадваргүй болсноор өнөөдрийн нөхцөл байдал үүссэн байдаг. Нэхэмжлэгч талаас зээлтэй холбоотой асуудлаар мэдэгдэл өгч байсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Б.Бд сүүлд нэг мэдэгдсэн. Нэхэмжлэл гаргахдаа хоёр хариуцагч татаж хоёулангаас нь зээлийн төлбөр шаардаж байгаа ч хариуцагч Б.Б-д нэг удаа мэдэгдэл өгчихөөд Л.О нэг ч удаа мэдэгдэл өгч утсаар холбогдож байгаагүй. Зээлийн гэрээний хугацаа өнөөдрийг хүртэл дуусаагүй, харилцаа үргэлжилж байсан нөхцөл байдал байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Х банкны гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,262,333.54 төгрөг, үндсэн хүү 1,533,911.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,601.12 төгрөг, гарсан зардал 10,500 төгрөг нийтдээ 11.895.345,94 төгрөгийг нэр бүхий хариуцагч нараас гаргуулахыг хүссэн, хариуцагч нар хариу тайлбартаа ...энэ мөнгийг төлөх нь зүй ёсны бөгөөд боломжит хэмжээгээр төлж барагдуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Х банк болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2019.05.10-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22,80 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 4,56 хувь байхаар харилцан тохиролцсон байна.

 

Дээрх зээлийн гэрээтэй холбогдуулан Х банк ХХК нь 2019.05.10-ны өдрийн ... тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг Б.Б, Л.О нартай байгуулсан, мөн 2019.05.10-ны өдрийн ... тоот баталгааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.

 

Иймд нэхэмжлэгчээс ирүүлсэн зээл, хүүний тооцооллыг үндэслэн үндсэн зээл 10,262,333,54 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,533,911,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,601,12 төгрөг, бусад зардал 10,500 төгрөг, нийт 11,895,345,94 төгрөгийг зээлдэгч Б.Б, Л.О нараас гаргуулж Х банк ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, ХХБ-ны үүрэг гүйцэтгэхийг шаардах тухай 2020.01.24-ний өдрийн ... албан тоот зэргээс үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн байх тул зээлийн гэрээний 10.2-т зааснаар банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үндсэн өр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б, Л.О нараас 205,276 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 205,276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Б.Б, Л.О нараас зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 11,895,345,94 төгрөг гаргуулж Х банк ХХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б, Л.О нараас 205,276 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 205,276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ