Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/00534

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2021/00534 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.З-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гарсан зардал нийтдээ 1,548,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б.З бид хоёр багын найзууд байсан. Би 2018 онд Хятад улсад ажил хийдэг байх үедээ танилцсан Г гэдэг хүн надтай холбогдож надаар тамхи дайлгаж хүнд өгүүлэхээр болсон. Би тамхинуудыг Б.З-д учрыг нь хэлж 48 блок бүхий 1.248.000 төгрөгийн тамхийг өгч хүнд нь дамжуулах өгүүлэх гэтэл Б.З найз нь хэд хоног мөнгийг нь эргэлдүүлж байгаад буцаагаад өгье гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн юм. Түүнээс хойш Б.З огт холбоо барилгүй 1.248.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг аваад сураггүй алга болсон. Түүнээс болж би Баянгол дүүргийн шүүхээр орж бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлээр 1 жилийн тэнсэн харгалзах ял авсан. Мөн хариуцагчийн тайлбарт намайг нэг жилийн хугацаанд гэрт нь амьдарсан гэж дурдсан байсан. Би түүний гэрт амьдарсан удаа байхгүй. Бид гэр бүлийн найзууд байсан учир би хааяа нэг очиж тусалдаг байснаас өөр зүйл байхгүй. Би өмнө төрийн албан хаагчаар ... аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байгаль орчны байцаагчаар 8 жил ажиллаж байсан. Энэ жил төрийн албаны шалгалт өгч дахин төрийн албанд ажиллах гэж байсан боловч хариуцагч Б.З-гийн буруугаас болж нэг жилийн тэнсэн харгалзах ял авч улмаар төрийн албаны шалгалтад орох боломжгүй болсон. Нэмж хэлэхэд иргэн Г-д учруулсан хохирлыг барагдуулахад ажилгүй байсан учир ойр дотны хүмүүсээс зээл авч барагдуулсан. Би өөрийн хэрэглэсэн 2 блок тамхины үнэ болох 52.000 төгрөгийг эхэлж төлөөд сүүлд хариуцагч Б.З-гийн хэрэглэсэн 48 блок тамхины үнэ болох 1.248.000. төгрөгийг төлж барагдуулсан Иймд миний бие гомдолтой байна гэв.

 

Хариуцагч Б.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.З миний бие нь Ч.О-н гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Би л ийм нэхэмжлэл гаргах байтал энэ хүн яасан санаа нь зовдоггүй байнаа. Ч.О нь 2019 оны 04-р сард манайд ирж орох газаргүй гээд янз бүрийн юм тоочоод ирэхээр нь нэг ангид сурдаг байсан болохоор өрөвдөөд гэртээ байлгаж хооллож ундаалж нэг жил байлгасан нь буруу болов уу. Яасан сэтгэлгүй ичдэггүй хүн бэ? тэр үед би дэлгүүр ажиллуулдаг байсан. О ч надаас мөнгө, архи, пиво, тамхи байнга авдаг байсан ч мөнгө төгрөг өгдөггүй байсан. Өвөрмонгол найз нэг хүн рүү хүртэл надаас мөнгө авч шилжүүлж байсан бас л төлөөгүй. Гэтэл нэг өдөр камел гэсэн тамхи надад авчирч өгсөн ба тусалж бас авч байсан зүйлийнхээ оронд өгч байна гэж бодоод баярлаад л өнгөрсөн. Тэгсэн тийм биш байжээ ... гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Ч.Оын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2020.01.25-ны өдөр 1,248,000 төгрөгийн үнэ бүхий Камел тамхийг түр хэрэглүүлэхээр өгсөн, үүнээс болж 2020.05.27-ны өдөр шүүхээс 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн, өмгөөллийн хөлс 300,000 төгрөг төлсөн гэх үндэслэлээр нийтдээ 1,548,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан байна.

 

Хариуцагч Б.З хариу тайлбартаа ...нэг өдөр надад Камел нэртэй тамхи авчирч өгсөн, би тусалж байна, бас авч байсан зүйлийнхээ оронд өгч байна гэж баярлаад л өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.

 

Хэрэгт авагдсан .... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.27-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.О нь 2020.01.25-ны өдрийн 10 цаг 10 минутын үед ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар Төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлаас Б.Г-ийн итгэмжлэн өгсөн Камел нэртэй тамхийг завшиж бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсан байна.

 

Мөн Б.З иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэгтээ ...Ч.О-ын авчирсан 50 блок Камел тамхины 48 блокийг нь хэрэглэсэн маань үнэн, 2 блок тамхийг нь Ч.О өөрөө хэрэглэсэн гэжээ.

Дээрх байдлаас үзэхэд хохирогч Б.Г-ийн итгэмжлэн өгсөн 50 блок Камел нэртэй тамхины 2 блокийг Ч.О, үлдэх 48 блок тамхийг Б.З хэрэглэсэн байх бөгөөд Б.Г-д учирсан хохиролд нийтдээ 1,302,000 төгрөг- /52,000+1,250,000/-ийг Ч.О төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хохирлын талаар тусгасан шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул Б.З-гоос 48 блок тамхины үнэ 1,248,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй бөгөөд 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 492.1.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдол үүссэн байхыг шаарджээ.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн гэдэг нь хөрөнгийн эзэмшигч өөрийн хөрөнгийг мэдэж, эсхүл андуурч сайн дураар, нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн эд хөрөнгийг биет байдлаар эзэмших эрхийн хамт шилжүүлсэн байхыг хэлдэг, харин Буцаан шаардана гэх ойлголтод хөрөнгийг биет байдлаар, эрхийн хамт шаардахыг хамааруулдаг байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Ч.О нь өөрийн мөнгийг /хөрөнгө/ бусдад шилжүүлсэн байхыг ойлгох бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан тохиолдол үүссэн тул хөрөнгө /тамхи/ олж авсан этгээд буюу Б.З-гоос шаардах эрхтэй, хариуцагч Б.З-г бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Харин өмгөөллийн хөлс 300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, Ч.О өөрийн буруутай үйлдлийн улмаас эрүүгийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.З-гоос 1,248,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 39,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,501 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ