Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/00551

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/00551 Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Т-д холбогдох,

 

гэрээний үүрэгт 58,292,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд 2020.06.22-ны өдөр арилжааны гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн 2 үл хөдлөх хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгч хариуцагчаас нийтдээ 42,000,000 төгрөгний үнэтэй, 6210 ширхэг ханын цаасыг 260,816,000 төгрөгөөр үнэлэн авахаар тохирсон, эхний ээлжинд 4822 ширхэг буюу 202.524.000 төгрөгийн үнэ бүхий ханын цаасыг хүлээж авсан байдаг. Түүнээс хойш хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага буюу 58.292.000 төгрөгөөс 21.000.000 төгрөгийн үнэ бүхий ханын цаас хариуцагч талаас авсан учир одоогийн байдлаар 37.292.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.М 2020.06.22-ны өдрийн арилжааны гэрээний үүрэгт хариуцагч Г.Т-ээс нийтдээ 58,292,000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

 

Хариуцагч Г.Т 2021.02.08-нд нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буйгаа мэдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2020.06.22-ны өдөр арилжааны гэрээг бичгээр байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч Г.Т тус бүр нь 42,000 төгрөгийн үнэ бүхий 6210 ширхэг ханын цаасыг 260,816,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэгч М.М-т шилжүүлэх, М.М нь өөрийн өмчлөлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол /13381/ ... гудамж ... дугаар байрны ... тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, 102,97 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол ... гудамж ... дугаар байрны ... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, 61,01 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагч Г.Тгийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Шүүх талуудын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.

 

Талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээний дагуу М.М нь өөрийн өмчлөлд байсан 102,97 м.кв, 61,01 м.кв талбайтай конторын зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Г.Т-ийн өмчлөлд тус тус шилжүүлсэн гэж тайлбарласан, харин Г.Т-гээс 4822 ширхэг буюу 202.524.000 төгрөгийн үнэ бүхий ханын цаасыг хүлээж авсан баримт хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө ... нэхэмжлэл гаргаж өгснөөс хойш 21.000.000 төгрөгийн үнэ бүхий ханын цаасыг нэмж авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 21,000,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 37.292.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар Г.Т-гээс арилжааны гэрээний үүрэгт нийтдээ 37.292.000 төгрөг гаргуулж М.Мт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 344,410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ