Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 27

 

Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0027/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Ц.Бямбадорж,

Иргэний хариуцагч Н-,

Шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 307 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадоржийн эсэргүүцлээр Б-д холбогдох эрүүгийн 1839003490182 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 17-06 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Г-н Б-

Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Д” дэлгүүрийн орчимд Н-, Ц- нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар авч явсан 4 литрийн маслоны савтай бензинээ хоёр ба түүнээс дээш хүнийг буюу Н-, Ц- нар руу цацаж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар Ц-ы амь насыг хохироосон, Н-г алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б-д холбогдох 1839003490182 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шатсан хувцаснууд, чүдэнз, бичлэг бүхий DVD зэргийг хэргийн хамт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, өмгөөлөгчийн гаргасан “дүрс бичлэгт дүрс нь бичигдсэн цээж нүцгэн хүнээс буюу Тасрангийн Батболдоос гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг хангаж, өмгөөлөгч Т.Ариунболдоос гаргасан “хүний хүзүү хоолойг боосон тохиолдолд ямар хариу үйлдэл үзүүлэх талаар туршилт хийлгэх” тухай хүсэлтийг  хангахаас татгалзахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадорж давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Б-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт: “М” ХХК нь иргэн Н-тай түрээсийн гэрээ байгуулсан нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн журамд нийцсэн эсэхийг шалгаж тогтоолгох шаардлагагүй, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3/1966 дугаартай ”М” ХХК-ийн харьяа Хэнтий аймгийн Батширээт суманд газрын тосны бүтээгдэхүүн жижиглэнгээр худалдаа эрхэлж буй шатахуун түгээх станц нь манай байгууллагаас газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журамд заасны дагуу техникийн дүгнэлт гаргуулсан бүртгэлгүй, дээрх компанийн шатахуун түгээх станцыг түрээслэгч Н- нь өөрийн эзэмшлийн жижиглэнгээр худалдаалах шатахуун түгээх станцгүй, газрын тосны бүтээгдэхүүн жижиглэнгээр худалдаалах тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд ...шатахуун түгээх станцын эрхлэгч өглөө бүр ажил эхлэхийн өмнө тухайн өдөр ажиллах түгээгч нарт ажлын байрны болон аюулгүй ажиллагааны зааварчлагаа тогтмол өгч ажиллана...” гэсэн албан бичиг /3хх 182х/, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч Г-н дүгнэлт /3хх 163-164х/, Шатахуун түгээх станцын галын аюулгүйн дүрэм /3хх 187-203х/, Шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ, Шатахуун түгээх станцын түрээсийн гэрээ /2хх 193-215х/, “М” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /2хх 137-139х/, Н-ийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /3хх 47х/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд болон Иргэний хуулийн холдогдох заалтын дагуу гэм хорын асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг буцаасан гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Б-д холбогдох гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх тул Батболд гэгчээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хүн танихгүй газар намайг алах нь гэж бодоод бензин асгасан. Нэг нь урдаас боогоод, нөгөөдөх нь араас боогоод унагахаар нь айсандаа чүдэнз зурсан. Надад хүн алах, гэмтээх зорилго байгаагүй ...миний буруутай үйлдэл байсан...” гэх мэдүүлэг /1хх 1-27х/, Б- яллагдагчаар өгсөн “...би тэр хоёртой ноцолдож зууралдаад байж байхдаа гартаа барьсан савтай бензинээ тэр хоёрын дээрээс асгасан. Тэгээд удалгүй гал гарсан гал чухам яагаад гарсан талаар би сайн санахгүй байна. ...миний өмдний халаасанд феско нэртэй чүдэнз байсан...” гэх мэдүүлэг /1хх 129-131х/, Б- гэрчээр өгсөн “...би тэр хоёрыг айлгаж өөрөөсөө холдуулж салгах гээд 4 литрийн савтай бензинээ тэр хоёрын дээрээс асгасан, тэгээд удалгүй нөгөө хоёр маань шатаж эхэлсэн ...тухайн үед би согтуу байсан. Тэгэхдээ миний өмдний баруун халаасанд феско нэртэй чүдэнз бол байсан ...би тухайн үед өмднийхөө баруун халаасанд байсан чүдэнзээ гаргаж ирээд асаасан юм...” гэх мэдүүлэг /1хх 49-51х/, гэрч Б-н “...Д дэлгүүрийн ойролцоо явж байсан чинь Н- нь хар өнгийн савхин куртектэй хүнтэй маргалдсан байдалтай байж байсан. удалгүй Н- болон Ц-ы биенээс гал гарч байсан. Тэнд байсан хүмүүс галыг унтраасан...” гэх мэдүүлэг /1хх 55-56х/, хохирогч Н-гийн “...тэр залуу уурлаад савтай бензинээ миний дээрээс асгаад удалгүй гал гарч эхэлсэн. Тэрнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. ...галыг Б- л гаргасан...” гэх мэдүүлэг /1хх 33-37х/, гэрч О-н “...Б- гэдэг хүн уурлаад барьж явсан цагаан өнгийн савтай зүйлээ нөгөө маргалдаад байсан Н-, Ц- нарын дээрээс асгасан тэгээд удалгүй гэнэт л нөгөө хоёр хүнээс гал гарч шатаж түлэгдсэн. Б- барьж явсан цагаан өнгийн савтай зүйл нь бензин байсан...” гэх мэдүүлэг /1хх 47-48х/, гэрч Х-н “...хар савхин куртектэй залуутай маргалдсан чинь нөгөө куртектай залуу барьж явсан цагаан өнгийн савныхаа амсрыг нээгээд нөгөө ноцолдоод байсан хоёр залуугийнхаа дээр нь асгаж өгсөн, тэгээд удалгүй юу болсныг сайн мэдэхгүй, намайг хараагүй байхад нөгөө хоёр залуу гэнэт шатаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 57-59х/, яллагдагч Б- биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-19х/, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 340 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 75х/, Сэтгэц гэм  судлалын магадалгаа, дүгнэлт /1хх 81-82х/, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9131 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 87-88х/, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1625 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 100-103х/, яаралтай тусламжийн хуудас, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 92-93, 95-99х/, газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-21х/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 22-27х/, 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл /1хх 28-31х/, Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт, хохирогч Ө, гэрч А, М Э, Эн, Д, О, Эр нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч Бадамгэрэлээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед дүрс бичлэгт дүрс нь бичигдсэн цээж нүцгэн  хүнээс гэрчийн мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргасныг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан.

Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүгдэгч Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан дүрс бичлэгийг харахад байшингийн хойно гудамжны урд талд болсон үйл явдал харагддаггүй. Үүнийг тодруулах зорилгоор Т-н Ба-г гэрчээр асуулгах хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гаргасан. “Н- нь амь хохирогчид 20000 төгрөг өгч архи захиад Б- аманд архи цутгаж ална” гэж хэлсэн талаар шүүгдэгч мэдүүлдэг. Энэ процессыг Бхарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан байдаг. Б-г гэрчээр байцаах нь хэрэгт ач холбогдолтой эсэхийг шалгаагүй атлаа шалгах шаардлагагүй гэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Б-г гэрчээр асуулгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-т заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг шалгаж тодруулахад ач холбогдолтой. Б- нь амь хохирогч болон хохирогчийн дээр бензин асгасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд яагаад бензин асгах болсон шалтгааныг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Мөн -г баруун халаасандаа байсан чүдэнзийг авч зураад гал гаргасан гэж ярьдаг. Энэ талаар туршилт хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч амь насанд аюултай гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Мөн хоолойд боолт хийлгэсэн үед үүсэх аюулын нөхцөл байдлыг тогтоолгох талаар туршилт хийлгэх хүсэлтийг гаргасан боловч мөн үндэслэлээр хүлээн аваагүй. Баруун халааснаасаа чүдэнз аваад, зураад, шидээд, эргүүлээд хийх хугацаа нь боолгосон хүний хувьд 4-5 секунд боломжтой эсэхийг тогтоолгохоор туршилт хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч мөн хангаагүй. Өмгөөлөгчийн зүгээс дээрх хүсэлтүүдийг дахин гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн журамд нийцсэн эсэхийг шалгаж тогтоолгохоор даалгасан атал “газрын тосны чиглэлээр мэргэжлийн ажилтан байхгүй тул шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргаагүй, прокуророос үүнийг тогтоох шаардлагагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагч Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Хэрэг гарах үед би өөрөө байгаагүй болсон үйл явдлын талаар сонссон. Намайг шүүхээс Б-д саванд задгай бензин өгсөн гэдэг үндэслэлээр иргэний хариуцагчаар татсан. Манай сум хангайн бүсэд хамаардаг, айл болгон модны хөрөөтэй, мод бэлтгэдэг аж ахуй нэгжүүд их, албан газруудын нь галч нар болон иргэд саванд бензин авч мотор асаадаг учир саванд задгай бензин авах тохиолдол их байдаг. Хэргийн тухайд түгээгч У гэх залууд саванд бензин зарсан гэдэг. Улаанаа нь манай суманд машин засдаг, мод бэлтгэж зардаг, тухайн өдөр гарч байсан түгээгчийн найз нь байсан. У-д өгсөн бензин нь гар дамжиж Б-д очиж хэрэг гарах болсон байна. Би Б-г өмнө нь харж байгаагүй. Мөн анхан шатны шүүхээс надад шинжээчийн дүгнэлт болон хэргийн материал танилцуулаагүй гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадоржийн эсэргүүцлээр Б-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр Б-д холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасан” 2020 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн 307 дугаартай захирамж үндэслэл бүхий болжээ.

“М” ХХК-ийн иргэн Н-тай байгуулсан түрээсийн гэрээ нь Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаартай тушаалын хавсралт “Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журам”, тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй аж ахуй нэгжийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эсэхийг газрын тосны чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шаардлагад нийцүүлэн, мөрдөгчийн тогтоолд /3хх-ийн 161х/ заасан асуултад бүрэн хариулт авах зэргээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн удаа дараагийн хүсэлтийн дагуу хэргийн газар байсан гэх Б-г гэрчээр байцааж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг бүрэн шалган тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд эдгээр ажиллагаануудыг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй учир прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 307 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадоржийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Б-д авсан хувийн баталгаа гаргах, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО