Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1745

 

МАГАДЛАЛ

 

2018.07.25                                                  Дугаар 1745                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,   

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02093 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч БЗД ЗД холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 10 560 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад улмаар Иргэдийн нийтийн хурлын сонгуулиар ялалт байгуулан 4 жилийн хугацаатай сонгогдон ажиллаж байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 тоот захирамжаар ажлаасаа хууль бусаар халагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн №128/ШШ2017/0260 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн №221/МА2017/0461 магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны №523 дугаар тогтоолоор хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хурал 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны 12 cap, 5 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 8 000 224 төгрөг олгохоор шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр нөхөн авсан. Дээд шүүхийн тогтоолыг үл хайхран хуулиа биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадахгүй хохирсоор байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараалан шаардлага хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй байна. Иймд хуулийн хэрэгжилтийг баталгаажуулж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 12 cap 03 хоногийн цалин болох 10 560 000 төгрөгийг нөхөн гаргуулж эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж хохиролгүй болох хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй улмаас надад хохирол учруулсан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.О-ийн нэхэмжлэлтэй, БЗД ЗД холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 260 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 323 дугаар тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2016 оны Б/11 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.О-г урьд эрхэлж байсан 04 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 000 224 төгрөгийг нөхөн олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан байдаг. Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Д.О-г тус дүүргийн 04 дүгээр хорооны Засаг даргаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 000 224 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/389 тогтоолоор дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор буюу хохирол     10 560 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.О-ийн төлсөн 183 910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төрийн албаны хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ёстой. Энэ заалтын дагуу шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу "ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олгвор олгоно" гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан гэж нэхэмжлэгч миний зүгээс үзэж байна. Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнийг мэдэн, үүний үндсэн дээр зохих ёсоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаар миний бүрэн эрхийн хугацаа үргэлжлэн тоологдохгүй зогсох ёстой гэж логикийн хувьд би ойлгож байгаа, гэтэл шүүх ингэж тайлбарласныг огт ойлгохгүй байна. Шүүх аливаа хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явуулах ёстой. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгзэр зүйлийн дагуу нэхэмжлэл гаргасан байтал хэргийг шийдвэрлэх явцад гэм хор мэтээр ойлгож бүрэлдэхүүнтэй буюу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн    явдал нь хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-г зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч БЗД ЗД холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 10 560 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 тоот захирамжаар ажлаас халсан, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №128/ШШ2017/0260 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон, шийдвэр хүчин төгөлдөр болсон, түүний ажилгүй байсан 12 сар 05 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас гаргуулах 8 000 224 төгрөгийг нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар нөхөн авсан, шүүхийн шийдвэр биелэгдээгүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.О-гажлаас үндэслэлгүй халсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрээр тогтоогдсон ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

Түүнчлэн дээрх шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосноос 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд уг шийдвэр биелэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг энэ хүртэл 12 сар 03 хоногоор тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй. Учир нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт нэхэмжлэгчийн ажилгүй байсан 12 сар 5 хоногийн цалинг 8 000 224 төгрөг гэж тогтоосон нь дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзнэ.

Иймд хариуцагчаас 12 сар 03 хоногийн цалинтай тэнцэх олговорт 7 939 385 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос “...шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн...” гэснийг хангах үндэслэлгүй. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг буруу тодорхойлж, 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөлгөөний тогтоолыг үндэслэн зохих журмын дагуу албажуулсан шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02093 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 7 939 385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх 2 620 615 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...хариуцагчаас 183 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 183 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                       М.НАРАНЦЭЦЭГ