Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0262/З |
Дугаар | 379 |
Огноо | 2017-10-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 379
“ӨУ” СӨХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “ӨУ” СӨХ-ны захирал Г.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, гуравдагч этгээд Ж.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0530 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “ӨУ” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0336 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л, 29.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 дугаар, 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай “ӨУ” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0530 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 336 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичиг,” гэснийг хасч, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2, 3 дахь заалтыг 3, 4 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “ӨУ” СӨХ-ны захирал Г.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нийтэд илэрхий хуурамч баримтыг үндэслэн шийдвэр, магадлал гаргасан. 216 гишүүний 55,6% гэдэг нь дор хаяж 120 хүн оролцсон байх ёстой. Хурал хийсэн гэх заал нь 4,6*5,6=25,76 мкв талбайтай заал байна. 25,76 мкв талбайд хүмүүс суугаад хуралдана гэж тооцоолохоор хэдэн хүн уг талбайд сууж хуралдсан болж таарах вэ?, 120 хүн дээр Засаг дарга төлөөлөгч нар, СӨХ-ны үйлчлэгч 6 хүн гээд нийт 130 гаруй хүн болж байна.
Ингэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар 25,76 мкв талбайтай өрөөнд тэргүүлэгчид нь гишүүдийн өмнөөс хараад сурагчийн ширээ 6 ширхгийг тавиад 130-аад гишүүдийн өөдөөс харж сууж байгаад хурал хийсэн байна гэж шийдвэрлэсэн. Тэгэхээр шүүхийн шийдвэр, магадлалын үнэн зөв гэвэл 1 хүн 0,15 мкв талбайд сууж хуралдсан болж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх үүрэгтэйгээр заажээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал 30 мкв талбайд 130 хүн багтахгүй гэж мэтгэлцсэн боловч шүүх 130 хүнийг багтаагаад шийдвэр гаргачихсан учраас багтсан байж таарна гэж шийдвэрлэжээ. Зүй нь хурал болсон газар үзлэг хийж болох байлаа.
Мөн шүүх 120 хүний гарын үсэг байна гэж шийдвэрлэсэн. Тэр 120 хүн гэдэг нь 10 гаруй өмчлөгч бусад нь түрээслэгч, өмчлөгчийн итгэмжлэлгүй хамтран амьдрагч, Засаг даргын албаны хүмүүс, СӨХ-ны ажилчид байсан байдаг.
СӨХ-ны бүх гишүүдийн хурал гэдэг нь өмчлөгч нарны хурал болохоос түрээслэгч нарын хурал биш. Энэ талаар шүүх хурал дээр ярьсан ба шүүх бүрэлдэхүүн байранд амьдардаг л бол СӨХ-ны гишүүн байх ёстой гэж үзсэн. Зүй нь шүүх тэр гарын үсэг зурсан хүмүүс нь өмчлөгч мөн эсэхийг шалгаж болох байлаа.
Мөн шүүх дүүргийн Засаг дарга 20 жил болсон СӨХ-ны хурлыг зарлан хуралдуулдаг, СӨХ-ны дансыг хаалгах, нээлгэх асуудлыг шийдвэрлэдэг эрхтэй учир эрхээ хэрэгжүүлсэн гэж шийдвэрлэлээ. Хуульд тийм эрх Засаг даргад олгогдоогүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуралдсан байранд үзлэг хийж, мөн гарын үсэг зурсан этгээдийг өмчлөгч мөн эсэхийг шалгуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “ӨУ” СӨХ нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 дугаар, 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий захирамжаар “Ш-Э-41” СӨХ-г бүртгэж, “ӨУ” СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “хурлын ирц 50%-д хүрээгүй, сууцны өмчлөгч биш түрээслэгч иргэд, СӨХ-ийн ажилчдыг хуралд оролцуулсан тул уг хурлаас гаргасан тогтоол хүчин төгөлдөр биш” гэх үндэслэлээр маргаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус байхын зэрэгцээ юуны өмнө түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохоор заажээ.
Энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй гэж үзлээ.
Учир нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3061 дүгээр шийдвэрээр ... нэхэмжлэгч Г.Т-ын “ӨУ” СӨХ-ны хууль ёсоор сонгогдсон захирал тул эргүүлэн тогтоож, СӨХ-ны тамгыг хууль бусаар томилогдсон захирал Л.У гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, эндээс нэхэмжлэгч Г.Т-ын “ӨУ” СӨХ-ны “захирлаар ажилладаг” гэх үйл баримт үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгчээс “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар холбооны тамгыг Т-д олгосон” гэж тайлбарлаж байгаа боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсаар “СӨХ-ны тамгыг Л.У-гээс албадан гаргуулж, Г.Т-д олгосон ажиллагаа хийгээгүй” болохыг тодорхойлсон, нөгөө талаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжих болохоос шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй үйл баримтын асуудлаар нэхэмжлэгчид давуу эрх үүсгэхгүй.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаас үзэхэд Сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар цөөнх болсон гишүүдийн эрх зөрчигдөхгүй, улмаар СӨХ-ны нэг гишүүн эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цөөнхийн эрх нь сэргэхгүй юм.
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дүүргийн Засаг даргаас Сууц өмчлөгчдийн холбоог бүртгэх шийдвэрийг гаргаснаар нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн, хэрхэн сөрөг үр дагавар учруулсан болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, 41 дүгээр байрны Сууц өмчлөгчдийн холбооны хурал 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр болж, олонхийн саналаар холбоог өөрчлөн байгуулсан байдал нь тус СӨХ-ны гишүүдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд СӨХ-ны хурлын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг захиргааны хэргийн шүүх хянахгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дээд шатны Засаг даргаас дүүргийн Засаг даргын шийдвэр буруу болохыг тогтоосон байхад шүүх бодитой үнэлээгүй” тухай гомдлын хувьд:
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 01/671 дүгээр албан бичгээр “сууц өмчлөгчдийн холбооны хариуцах орон сууцны байшинд өөрчлөлт гараагүй тул Сууц өмчлөгчдийн холбоог өөрчлөн байгуулах асуудлыг шийдвэрлэх ёсгүй байсан, бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ үү” гэсэн байх боловч энэ нь маргааны үйл баримтад шууд нөлөөлөх ач холбогдолтой баримт биш байна. Учир нь Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгоогүй, СӨХ-ны бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болохоос гадна маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхөөс өмнө “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх” хуулийн урьдчилсан нөхцөл дээр дурдснаар үгүйсгэгдсэн болно.
Нэгэнт маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байхад нэхэмжлэгчийн “хурлын ирц хүрээгүй, байрны өмчлөгч биш этгээд хуралд оролцсон байхад Засаг даргаас бүртгэсэн” тухай гомдолд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 дугаар албан бичгээр “СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг яаралтай зарлан хуралдуулж, гарсан шийдвэрийг албан бичгээр хариу мэдэгдэх” гэсэн байгаа нь захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй, эрх зүйн үр дагавар шууд учруулаагүй, СӨХ-ноос дахин хуралдах боломжгүй гэсэн хариу ирүүлснийг Засаг дарга хүлээн зөвшөөрч, холбогдох бүртгэлийг хийснээр уг албан бичгийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Нэхэмжлэгчийн “Засаг даргад СӨХ-ны хурал зарлах эрх олгогдоогүй” гэх гомдол үндэслэлгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар шаардлагатай тохиолдолд Засаг даргын санаачилгаар холбоог хуралдуулах боломжтой байна.
Эдгээр үндэслэлүүдээр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0530 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ