| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03185/И |
| Дугаар | 183/ШШ2021/00589 |
| Огноо | 2021-03-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2021/00589
| 2021 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2021/00589 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХТ ХХК-д холбогдох,
гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 40,214,694 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.С, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчтай 2019.05.13-ны өдөр орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ хийсэн. Уг орон сууц ... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрладаг 405.4 м.кв талбайтай хувийн орон сууцыг нэг жилийн хугацаатай 45.500.000 төгрөгөөр хөлслөхөөр тохирсон. 2020.01.13-ны өдөр Гэрээний 3.1-д заасны дагуу 45.500.000 төгрөгийг 2020.01.13-ны төлж барагдуулахаар зохицуулалт хийсэн байдаг боловч эхний 4 сарын төлбөр болох 15.750.000 төгрөгийг үлдэгдэл төлбөрийг огт өгөөгүй. Гэрээний хугацаа дуусмагц байрыг суллаж авахад урсгал зардал болох 839.690 төгрөгийг төлөлгүй өр үүсгэсэн байсан. Анх гэрээ хийхэд нэг сарын төлбөр 3.500.000 төгрөгтэй тэнцэх барьцааг бидэнд өгсөн. Уг барьцааг нийт төлсөн үнэ дээр нэмэхэд 19.250.000 төгрөгийн хөлс төлсөн гэж үзэж байна. Хэрэв түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байдаг. Төлөх ёстой 45.500.000 төгрөгөөс нийт төлсөн 19.250.000 төгрөгийг хасахад 26.250.000 төгрөг болж байгаа. Үүн дээр алданги бодоход хоног тутамд 131.250 төгрөг болж байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 216 хоног өнгөрсөн. Нийт алданги 28.350.000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн учир 13.125.000 төгрөгийн алданги болон үндсэн гэрээний 26.250.000 төгрөг, урсгал зардал 839.690 төгрөг. Нийт 40.214.694 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Т ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани 2019 оны 05 сарын 09 өдөр ...ийн ...-р хороо .... гудамж ... тоот 400 м.кв талбайтай хаусыг түрээсэлнэ гэсэн зарын дагуу тухайн зар дээр тавигдсан утсаар холбогдон очиж уулзсан. Тухайн өдөр М ХХК-ийн ажилтан болон хаусын түрээслүүлэгч эзэн Баяраа гэдэг залуутай уулзаж түрээслэх объектыг үзсэн. Тухайн объект нь манай хэрэгцээ шаардлагад нийцсэн учраас оффисоор ашиглах хүсэлтэй байгаагаа хэлэхэд гэр бүлийнхэн болон зуучлагч байгууллагатайгаа зөвлөлдөөд эргэж хариу өгөхөөр тохирсон. 2019 оны 05 сарын 10-ны өдөр М ХХК-ийн ажилтан холбогдон оффисоор түрээслэхээр шийдвэрлэснээ дуулгаснаар бид цаг тохирон уулзалдаж түрээсийн нөхцөл болон хугацааны талаар ярилцаж манай компани НӨАТ төлөгч компани учраас түрээсийн сарын үнэ болох 3 500 000 төгрөгөнд НӨАТ багтсан байх, барьцаа төлбөр тооцохгүйгээр шууд 3 сарын төлбөрийг урьдчилан төлье гэдэг санал тавьсан ба тэд хоорондоо зөвлөлдөөд эргэж холбогдоё гэснээр бид хүлээсэн. 2019 оны 05 сарын 13-ы өдөр М ХХК-ын ажилтан холбоо барьж манай нөхцөлийг бүхлээр нь хүлээн зөвшөөрснөө хэлсэн ба бид тухайн өдрийн 16 цагийн орчим уулзахаар тохирон уулзаж түрээсийн төлбөрийг 3 сараар урьдчилан НӨАТ шингэснээр 10 500 000 төгрөгийг хаусны эзэн Баяраад хүлээлгэн өгч хаусны түлхүүрийг хүлээж авсан Манай үйл ажиллагаанаас шалтгаалан 8 ба 9-р сард түрээсийн төлбөр төлөхөд санхүүгийн хүндрэл гарч эхэлсэн ба бид 9,10 сард цувуулан 8 500 000 төгрөгийг Баяраагийн хадам ээж Э-ийн .... дансаар төлсөн. Дараагийн хуваарьт төлбөрийг төлөх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид гэх өвчин гарч хорио тогтоосноор бидэнд давагдашгүй хүчин зүйлс үүсч гаднаас орж ирэх байсан санхүүжилт хойшилсноор хуваарьт төлбөрийг төлж чадахгүй болсон ба улмаар 2020 оны 05 сарын 13-нд түрээсэлж байсан хаусыг буцааж хүлээлгэж өгсөн. Бид харилцан тохиролцсоны дагуу 2019 оны 05 сарын 13-ны өдрөөс 2020 оны 05 сарын 13-ны хооронд нийт 42 000 000 /дөчин хоёр сая/ төгрөгийг төлөх ёстой ба үүнээс анх харилцан тохирсон НӨАТ-ийн 10%-ийн татвар мөн урьдчилан болон явцын дунд төлөгдсөн нийт 19 000 000 / арван есөн сая/ төгрөгийг тус тус суутган үлдэгдэл төлбөр болох 18 800 000 / арван найман сая найман зуун мянган/ төгрөгийг төлөхөд бэлэн байгаагаа үүгээр илэрхийлж байна гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Т.С-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 26,250,000 төгрөг, алданги 13,125,000 төгрөг, урсгал зардлын төлбөр 839,694 төгрөг нийтдээ 40,214,694 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 18,800,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019.05.13-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсан, гэрээний 1.1, 1.2-т зааснаар ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж ... тоот 405.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, Т.С-ийн өмчлөлийн хувийн орон сууцыг тавилгын хамт 2019.05.13-ны өдрөөс эхлэн 2020.05.13-ны өдрийг хүртэл хугацаагаар Т ХХК хөлслөхөөр тохирч, гэрээний 1.3-т сарын хөлс 3,500,000 төгрөг байхаар, хөлслөгч нь 2 сарын хөлсийг 1 сарын төлбөртэй тэнцэх барьцааны хамт 2019.05.14-нд урьдчилан төлсөн байхаар тус тус заасан байна.
Гэрээний 3.1-д зааснаар хөлслөгч нь орон сууц хөлслөх төлбөрийг 2019.05.13-нд 2 сарын төлбөр болон барьцааны хамт 10,500,000 төгрөг, 2019.07.13-ны өдөр 3 сарын төлбөр 10,500,000 төгрөг, 2019.10.13-ны өдөр 3 сарын төлбөр 10,500,000 төгрөг, 2020.01.13-ны өдөр 4 сарын төлбөр 14,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр, гэрээний 3.2-т зааснаар цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж төлнө гэж тохиролцсон байна.
Шүүх талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн зүйлийн 302.4-т орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хөлслөгчид тухайн эд хөрөнгийг ашиглах боломжийг олгох бөгөөд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-д зааснаар хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө, 292.2-т зааснаар хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө, 292.3-т зааснаар талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө.
Хариуцагч хариу тайлбартаа ...3 сараар урьдчилан НӨАТ шингэснээр 10,500,000 төгрөгийг хүлээлгэн өгч хаусны түлхүүрийг хүлээж авсан, 9,10 сард цувуулан 8,500,000 төгрөгийг дансаар төлсөн гэх боловч нэхэмжлэгч тал ...эхний 4 сарын мөнгө 15,750,000 төгрөгийг төлсөн, барьцаа 3,500,000 төгрөгийг нэмж тооцоод нийтдээ 19,250,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан байна.
Гэрээний эхний хуудасны ар талд 2019.07.13-наас 2019.10.13-ны хооронд хийгдэх түрээсийн төлбөр болох 9,000,000 төгрөгийг 2019.11.04-ний дотор, 2019.10.13-наас 2020.01.13-ныг хүртэлх түрээсийн төлбөрийг 2019.11.10-ны дотор тус тус төлнө, дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд байрыг суллаж хүлээлгэн өгөхөөр Т ХХК-ийн захирал З.Б-д баталгаа гаргасан, мөн талууд гэрээг дүгнэж үндсэн төлбөрийн үлдэгдэл 26,250,000 төгрөг болохыг, алданги нэмж нэхэмжлэхийг хариуцагчид 2020.05.05-ны өдрийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.
Дээрх байдлаас үзэхэд хариуцагч нь сарын хөлсний хэмжээ 3,500,000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 26,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гэх, тухайн үед маргаагүй байх бөгөөд анх тохирсон төлбөр төлөх графикийг зөрчиж, орон сууцны хөлсөнд нийтдээ 19,250,000 төгрөгнөөс өөрөөр төлөлт хийгдээгүй, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д ...хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээнэ гэж зааснаар 2020.05.13-ны өдөр орон сууцыг буцаан хүлээлгэж өгсөн байна.
Гэрээний 4.1-д зааснаар хөлслөгч нь орон сууцыг зориулалтын дагуу ашиглах, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд гэрээний 4.3-т зааснаар гэрээний хугацаанд орон сууны ашиглалттай холбоотой гарах зардлууд-/байрны талбай, цэвэр бохир ус, цахилгаан, дулаан, хог, СӨХ, интернэт, кабель ТВ гэх мэт/-ыг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч орон сууцыг ашиглаж байх хугацаандаа уур, халуун усны төлбөр 526,612.21 төгрөг, цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 194,982 төгрөг /2020 оны 2,3,4,5 сарын/, дохиоллын төлбөр 58,100 төгрөг /4 сарын 40,000+2020.05.14 хүртэлх 18,100/, Univisionы төлбөр 60,000 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь ОСНААУГ ХҮТ-4-ийн нэхэмжлэх, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, УБЦТС ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, О ХХК-ийн болон Univisionы нэхэмжлэх зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.
Дээрх урсгал зардлын төлбөр нийтдээ 839,694 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь Х банк болон К банкны мөнгө төлсөн баримтаар тогтоогдож байх тул гэрээний 4.3, Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Харин тухайн орон сууцыг сарын 3,500,000 төгрөгөөр, 12 сарын хугацаагаар хөлслөхөөр тохирсон бөгөөд хариуцагч 42,000,000 төгрөгийг төлөх ёстой, үүнээс төлсөн 19,250,000 төгрөгийг хасч үлдэх 22,750,000 төгрөг төлөгдөөгүй тул гэрээний 3.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцож 11,375,000 төгрөгийг нэмж нийтдээ 34,125,000 төгрөгийг орон сууцны хөлсөнд нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд гэрээний үүрэгт 34,125,000 төгрөг, урсгал зардалд 839,694 төгрөг нийтдээ 34,964,694 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Т.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд хөлслөгч Т ХХК өөрийн хаягийг ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, ... гэж тусгасан, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дээрх хаягаар хариуцагчийн хаягийг тодорхойлсон тул шүүх хүлээн авч иргэний хэрэг үссгэсэн, хэрэгт авагдсан Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ... дүүргийн ... дугаар хороо, .... гэх хаягтай байх боловч шүүхийн харьяаллын талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.2, 292.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 34,964,694 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 332,773 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ