Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/49

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч С.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.И-д холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1956 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн .... суманд төрсөн, 66 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй тэтгэвэрт гарсан, ам бүл 2 нөхрийн хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын ...... багийн .... ..... хэсгийн .... тоотод оршин суух хаягтай, ..... .... овогт .... И /регистрийн дугаар:...../

Шүүгдэгч С.И нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Завхан аймгийн ..... сумын ...... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б" нэртэй хүнсний дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч Ө.Н-ийн лангуун дээр мартаж, орхисон "Iphone 15 Pго mах" загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж түүнд бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 4.050.000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.И-ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Ө.Н түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Ө нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар

Хохирогч Ө.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн .... сумын ...... багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Б дэлгүүрээр үйлчлүүлээд гарахдаа дэлгүүрийн кассын хажууд I phone-15 promax загварын гар утсаа мартаж орхисон нь хохирогч Ө.Н-ийн “ ... Би 2024 оны 04 сарын 07-ны өдөр 16 цаг 20 минутын орчимд .... сумын ..... багт байдаг "Б" нэртэй дэлгүүрээс ...бэлэн гоймон 1 ширхэг, чипс 1 ширхгийг авч касс дээр очиж тооцоогоо хийгээд гарч гэр рүүгээ явсан. Ингэж явах замдаа буюу "Б" дэлгүүрийн хажуугийн хутагтын хүрээлэнгийн урд явж байхдаа гар утсаа үзтэл байхгүй байхаар нь буцаад нөгөө дэлгүүрт ороод касс болон бэлэн гоймон, чипс авсан газраа очиж үзээд байхгүй болохоор нь худалдагчаар өөрийнхөө дугаар луу залгуулсан чинь дуудаж байсан боловч миний утсыг авахгүй байсан. Тэгээд камер шүүж үзэхэд ахимаг настай эгч миний гар утсыг лангуун дээрээс авч кармандаа хийж байхыг хараад цагдаа дуудсан. Миний алдсан утас бол "Iphone-15 Рго Мах" маркийн хар хөх өнгөтэй гадна талаараа ягаан өнгийн кейстэй 2024 оны 01 сарын 02-ны өдөр "PC mall" дэлгүүрээс лизингээр авч байсан. Лизингийн үнэ 8 сая гаран төгрөг болж байсан..." гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Ө.Н-ийн дэлгүүрт мартаж орхисон гар утсыг лангуун дээрээс С.И авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Б дэлгүүрийн камерийн бичлэгт 2024 оны 04 дүгээр сарын 08- ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлийн “ 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минут 30 секундээс эхэлж байх бөгөөд тус бичлэгт ...саарал өнгийн куртиктэй ягаан өнгийн алчуураар хүзүүгээ ороосон улаан өнгийн хэтэвчийг зүүн гартаа барьсан баруун гартаа ногоон өнгийн бараа барьсан хар өнгийн тайрмал үстэй хар өнгийн цүнх зүүн сугандаа сугавчилсан хижээлдүү насны эмэгтэй ...лангуун дээр байсан гар утсыг авч баруун халаасандаа хийж байгаа нь бичигдэн үлдсэн байв ...” гэсэн хэсгээр,

С.И-с хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн ягаан өнгийн гэртээ ар хэсэгтэй 3 ширхэг камертай Iphone-15 proмах гар утсыг мөрдөгч 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан тэмдэглэлээр,

С.И-ын хүлээлгэж өгсөн гар утсыг хохирогч Ө.Н дэлгүүрт мартаж орхисон гар утас мөн байна гэж таньсан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 4,050,000 төгрөгийн хохирол учирсан нь "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Н.Э-ийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №00 дугаартай "...2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 1 ширхэг "Iphone 15 Pro max" загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 4.050.000. (дөрвөн сая тавин мянга) төгрөг гэж тогтоолоо..." гэсэн (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас) дүгнэлтээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүйгээс хаяж гээсэн, аль нэг байршилд тавиад мартаж орхисон эд хөрөнгийг хэлэх бөгөөд тухайн хөрөнгийг олж авч байгаа этгээд хэнийх гэдгийг нь мэдээгүй байдаг онцлогтой.

Хохирогч Ө.Н нь гар утсаа дэлгүүрийн лангуун дээр мартаж орхисон байх тул уг утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ. Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг олсон хүн тухайн эд хөрөнгийг өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.6 дэх хэсэгт зааснаар олон нийтийн газраас гээгдэл хөрөнгө олсон бол тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгөхөөр тус тус заасан.

С.И нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг авах нь хууль бус гэдгийг ухамсарлан ойлгосон атлаа Иргэний хуульд заасан үүрэг болгосон заалтуудыг зөрчиж дэлгүүрийн лангуун дээр бусдын мартаж орхисон гар утас байгааг мэдсэн атлаа тухайн дэлгүүрийн эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөлгүй, утсыг өөрийн 4 өмчлөлд авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг, шүүгдэгчийн үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.050.000 төгрөгийн хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгө завших гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч С.И-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.И нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч хохирогчийн гар утсыг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн байна.

Шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тухайн хэргийн үйл баримтыг шууд тусган дүрсжүүлсэн СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах 5 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ..... овогт .....-ийн И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.И-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.И-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч С.И-д 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч С.И нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ