| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/00278/И |
| Дугаар | 102/ШШ2021/01763 |
| Огноо | 2021-07-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2021/01763
2021 оны 07 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2021/01763 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Ж сум оршин суух хаягтай, Ж А
Хариуцагч: Б дүүрэг, 18 дугаар хорооны оршин суух хаягтай, Ч Ж-д холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх хариуцагч Ч.Ж-с нийт 132 тонн цемент авахаар тохирсон. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ч.Ж-н Хаан банкны 50......... тоот данс руу 14,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгөөр нийт 20,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ч.Ж-н Хаан банкны 54............. тоот данс руу 8,000,000 төгрөг, 2,360,000 төгрөгөөр нийт 10,360,000 төгрөг, нийт 30,360,000 төгрөг шилжүүлсэн. Ч.Ж нь цементээ тохирсон хугацаандаа өгөхгүй чирэгдүүлж байж 2020 оны 8 дугаар сард 66 тонн цементийг ачуулсан. 66 тонн цементийг 1 тонныг 185,000 төгрөгөөр тооцсон ба 12,210,000 төгрөгийн цементийг хүлээн авсан. Ч.Ж-с “...үлдэх 66 тонн цементээ эсхүл үлдэх 18,150,000 төгрөгөө авъя” гэхэд тэрээр “...удахгүй өгнө” гэж худал хэлээд байсан тул арга буюу шүүхэд үлдэгдэл 18,150,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Ж 15,150,000 төгрөгийг төлсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн байхад хариуцагч тохирсон ёсоор үлдэх цементийг өгөөгүй учир хариуцагч үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж барагдуулах ёстой. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу 3,000,000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч овогтой Ж нь нэхэмжлэгч талын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй ба 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 30,360,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд энэ хоёр вагон 132 тонн цементийн үнэ юм. Ковид-19 Цар тахлын улмаас үндсэн үйл ажиллагаа зогсож, бизнесийн орлогогүй болж тодорхой хугацаа алдсан нь аль аль талаас ойлголцох зүйн хэрэг гэж ойлгож байна. Үүнтэй холбоотойгоор улс даяар цементийн дутагдалд орж эхний нэг вагоныг 8 дугаар сард хүлээлгэн өгсөн ба дээрх дүнгээс 15,180,000 төгрөг суутгагдсан болно. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны 58........... тоот дугаар бүхий Ж.А дансанд үлдэгдэл төлбөр болох 15,180,000 төгрөгийн 5,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд манай хүлээн зөвшөөрөх төлбөрийн 10,180,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны дотор барагдуулах юм. Иймд төлбөрийн тал дээр хоорондоо тохирохгүй байгаа бөгөөд манайхаас төлөх ёстой төлбөрийг дээр дурдсан хугацаанд багтаан төлөх болно гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Ч.Ж-д холбогдуулж 18,150,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжилсэн үнийн дүнгийн зарим хэсгийг барагдуулсан гэсэн үндэслэлээр өөрийн шаардлагын хэмжээг 3,000,000 төгрөг болгон багасгасан.
Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчид 132 тонн цементийн үнэд нийт 30,360,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 12,210,000 төгрөгийн цементийг хүлээн авсан. Гэвч хариуцагч тохирсон ёсоор үлдэх цементийг өгөөгүй учир шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 18,150,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Ж 15,150,000 төгрөгийг төлсөн учир одоо 3,000,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Ч.Ж-ийн зүгээс нэхэмжлэгчид 132 тонн цемент худалдахаар тохирсон болон нийт 30,360,000 төгрөгийг хүлээн авсан, мөн тохирсон хугацаанд цементийг бүрэн нийлүүлж чадаагүй талаар маргаан гаргаагүй.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс “...хариуцагчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон” гэсэн агуулгаар татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэмжилсэн гэж үзэхээр байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба мөн зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.
Дээр дурдсанчлан хариуцагч Ч.Ж нь гэрээний үүргийг тохирсон ёсоор биелүүлээгүй талаар маргаагүй. Үүнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсгүүдэд заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүргийг хүлээдэг ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.
Нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.З-г гэрчээр асуулгасан.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан судлахад нэхэмжлэгчийн хариуцагчаас авах төлбөрийн үлдэгдлийг 3,000,000 төгрөг гэж үзэхээр, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Ч.Ж-с 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ж-с 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ж-с 247,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ