Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/69

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,      

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,             

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Х-ийн Б-д холбогдох 2428001090100 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Биеийн байцаалт:   

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, ... тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Ба-тай маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, хоолойноос нь багалзуурдах, мөр рүү нь гараараа цохих зэргээр биед нь халдсан,

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот байранд түүний үснээс нь зулгаах, зүүн мөр рүү нь гараараа цохих зэргээр зодож биед нь халдсан,  

2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багт орших орон сууцны ... тоотод түүний толгой руу цохих, байшингийн хана руу мөргүүлэх зэргээр биед нь халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Архи уухаараа согтуудаа агсам тавиад ийм үйлдэл гаргачихдаг бөгөөд энэхүү үйлдэлдээ харамсаж байгаа. Одоо архины эмчилгээнд явж архинаас холдохгүй бол ийм үйлдэл гаргачихаад байдаг. 3 удаа бие эрх чөлөөнд нь халдсан. Архи уухаар намайг архичин гээд байдаг. Архиныхаа халуунд ийм үйлдэл гаргадаг гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Б-тай хамт 3 хүүхдээ аваад миний төрсөн ээж болох Б гэх хүн дээр цагаан сарлах гээд ирсэн. 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баяндалай сумын төвд орон сууцны ... тоотод манай ээжийн гэрт байхад манай нөхөр Б сумын төвөөр айл хэсэж яваад 19 цагийн үед согтуу гэрт орж ирээд буцаад гарах гэхээр нь би одоо согтуу айлд очоод яах юм, амар гэсэн чинь уурлаад намайг хэл амаар доромжлоод намайг гараараа толгой түлхээд би байшингийн хана мөргөөд толгой өвдсөн. ... 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг ... тоотод би охин Отэй 2 бага хүүхдийн хамт гэртээ байж байхад Б согтуу гэртээ орж ирээд агсам тавиад намайг нэг удаа цохиж аваад зодох гээд дайраад байхаар нь манай охин О хорих гэсэн охиноо цохиж аваад уйлуулсан. Тэгээд цагдаад өгч арга хэмжээ авхуулж байсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 47 байрны 2-25 тоотод байхад би охин О, Од С, хүү Ц нарын хамт байж байхад Б гэрт согтуу орж ирээд бид нарт агсам тавиад миний толгой хэсэгт 1 удаа цохиж аваад, баруун гарын дотор хэсгээс гараараа базаад дахиад зодох гээд дайраад байсан. Манай охин О цагдаа дуудаж өгч байсан. Тухайн үед миний баруун гарын булчингийн хэсэгт хөхрөл үүсгэж толгой хөндүүрлэж байсан. ...Б-ыг архи уусан үед нь хүүхдээ аваад зугтаад явдаг. Сүүлийн 5 жил байнга шахуу архи ууж байгаа. Одоогоор Ноён сумын “Үйлсийн говь” ХХК-д 21 хоног ажиллаж ирээд 14 хоног амрах хугацаанд 5-12 хоногт архи ууж гэр бүлийн дарамт учруулж байдаг. ...намайг нийт 3 удаа зодоод байгаа. Б гэх хүнээр байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртөж үр хүүхдээ дарамттай амьдруулмааргүй байна, энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” /хавтаст хэргийн 45-47 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Ба-ы биед толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжтой. Б.Ба-ы биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Баы биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хавтаст хэргийн 60-61 дэх тал/.

Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Даланзадгад сумын төвд гэрт болсон тухайн өдрийн болсон зүйлийг сайн мэдэхгүй байна, тэр үед би архи уусан байсан, намайг агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж баривчилж байсан. Улаанбаатар хотод очоод 2023 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр байх би найзтайгаа архи уучихаад гэртээ байж байхад орой 20 цагийн үед эхнэр Б.Ба гадуур явж байгаад гэртээ ирээд архи уулаа гээд маргаан болсон. Би хүүхдээсээ гар утасны цэнэглэгч булаацалдаж байгаад охин Од-ыг санаандгүй цохисон чинь эхнэр, хүүхэд асуудал болоод цагдаад өгч баривчлуулж байсан. 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвд байх Б-ийн гэрт эхнэр, хүүхдийн хамт очоод байсан юм. 2024 оны 02 дугаар сарын 10-ны өглөө гараад айл хэсээд архи уусан, бусад асуудлыг санахгүй байгаа. Өглөө би машиндаа ороод унтсан байсан. Тэгээд босоод гэртээ орсон чинь эхнэр, хүүхэд дахиад агсам согтуу тавина гээд цагдаа дуудаад өгсөн, өөр зүйлийг нь мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 75-76 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ЗШ/127 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 8...4 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЗШ/4003 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 88-89 дэх тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 94 дэх тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дахь тал/

“Үйлсийн говь” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 104 дэх тал/

Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 102-128 дахь тал/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/27 дугаартай тушаал /хавтаст хэргийн 129 дэх тал/

Шүүгдэгч Б.Ба-ы Өмнөговь аймаг дахь Прокурорын газарт 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 131 дэх тал/

Прокурорын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 31 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 135 дахь тал/

Прокурорын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 31 дугаартай санал /хавтаст хэргийн 137-138 дахь тал/   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Х.Б нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, ... тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Ба-тай маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, хоолойноос нь багалзуурдах, мөр рүү нь гараараа цохих зэргээр биед нь халдсан,

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот байранд түүний үснээс нь зулгаах, зүүн мөр рүү нь гараараа цохих зэргээр зодож биед нь халдсан,

2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багт орших орон сууцны ... тоотод түүний толгой руу цохих, байшингийн хана руу мөргүүлэх зэргээр биед нь халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 3 удаа буюу байнга зодсон нөхцөл байдал тогтоогдож байна.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ба-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 41-47 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/, шүүгдэгч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ЗШ/127 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 8...4 дэх тал/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЗШ/4003 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 88-89 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.    

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч Х.Б, хохирогч Б.Ба нар нь 2000 оноос хойш хамт амьдарч дундаасаа 5 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.   

Энэхүү зүйлд заасан байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгох бөгөөд ингэхдээ хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэрээр илэрч болдог байна. Шүүгдэгч Х.Б нь эхнэр Б.Ба-ыг 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, нийт 3 удаагийн үйлдлээр буюу байнга Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг ... тоотод орших гэртээ, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот байранд, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багт орших орон сууцны ... тоотод үснээс нь зулгаах, хоолойноос нь багалзуурдах, мөр рүү нь гараараа цохих, толгой руу цохих, байшингийн хана руу мөргүүлэх зэргээр зодсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Х.Б нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, дээрх байдлаар хохирогчийн эсрэг тухай бүр хүч хэрэглэж зодсон үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна. 

Шүүгдэгч Х.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд Х.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ба нь шүүхэд хандан “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.          

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Х.Б-ын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлтэй хэрэгт шалгагдсанаас хойш чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдал, эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг, өөрөө хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явдаг байдал зэргийг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх агуулга бүхий дүгнэлтүүдийг, шүүгдэгчийн хувьд энэ хэрэгт гэмшиж байна, дахин архи, дарс уухгүй, итгэлийг нь алдахгүй, амьдралаа дээшлүүлж авч явна гэх тайлбарыг тус тус гаргав.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.     

Шүүх шүүгдэгч Х.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Х.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

 ТОГТООХ нь:       

1. Шүүгдэгч Б овгийн Х-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                        

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Х.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Бд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.              

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.          

5. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

                                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ВОЛОДЯ