| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/04484/И |
| Дугаар | 183/ШШ2021/00705 |
| Огноо | 2021-03-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2021/00705
2021 оны 03 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2021/00705 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.У-т
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батмандал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2012 онд Б.У-тай танилцаж 2013 онд том хүүгээ, 2014 онд хоёр дахь хүүхдээ төрүүлж, 2019 онд бага хүү маань төрсөн. Бага хүүгээ гэдсэнд байхад Б.У-аас салахаар шийдэж ... аймгаас Улаанбаатар хот руу ирсэн. Б.У-тай хамт амьдарч байхад архи согтууруулах ундаа хэрэглэж намайг их зовоодог байсан. Гэр бүлийн хүчирхийлэлд байсан гэж хэлж болно. Намайг манай хадам тал их дарамталдаг байсан. Тийм учир 2019.04.20-нд бага хүүгээ гэдсэнд 4-5 сартай байхад нь Б.У-аас салаад хотод ирсэн. Түүнээс хойш бага хүүг төрөхөд Б.У-т хэлсэн боловч биднийг огт тоогоогүй, ирээгүй. Харин тухайн үед хамт амьдарч байсан 5 ханатай гэрийг надад сүүлд өгч явуулсан байсан. Өгч явуулсан гэрийг нь би хүүхдүүдээ сургуульд оруулахын тулд зарсан юм. Түүнээс хойш надтай нэг ч удаа холбоо бариагүй утас, цахим хаяг гээд бүх зүйлээрээ намайг блок хийсэн байсан. Түүнээс хойш 2020.01.18-ны өдөр буюу миний төрсөн өдрөөр 200.000 төгрөг шилжүүлж байсан, одоо хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна гэв.
Хариуцагч Б.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ... аймгийн ... дугаар багийн ...дүгээр гудамж ... тоотод оршин суудаг. Ч.Б-тэй 2012 оны 11 дүгээр сард танилцаж байсан. Ч.Б нь У.Б, У.У, У.Г нарт тэтгэлэг олгох нэхэмжлэл гаргасан байна. Миний бие Б.У нь У.У, У.Г нарт тэтгэлэг олгохыг зөвшөөрч байна. У.Б-д тэтгэлэг олгохыг зөвшөөрөхгүй байна. Учир нь У.Б нь миний хүүхэд биш болно. Ч.Б анх надтай уулзахад жирэмсэн байсан. Энэ тухай өөрөө надад хэлж байсан. Ч.Б-т амьдарч байсан гэрээ өгсөн, мөн сард 300,000 төгрөг өгч байсан. Миний бие сүрьеэ өвчний улмаас .... аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа учир одоогоор эрхэлсэн ажилгүй тул хүүхдийн тэтгэлэг өгөх боломжгүй байна. Өөрийн гэсэн гэр байхгүй ээж болох н.Э-гийнд амьдарч байгаа. Учир нь гэрээ Ч.Б-т өгсөн гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Бийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч.Б, Б.У нар нь 2012 онд танилцаж, хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2013.07.17-ны өдөр хүү У.Б, 2014.08.21-ний өдөр охин У.У, 2019.09.10-ны өдөр хүү Б.Г нар төрж, хүү У.Б, охин У.У нар эцгийн нэрийг, харин хүү Б.Г эхийн нэрийг авсан болох нь..., ...., ..... дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар 2013.07.17-ны өдөр төрсөн хүү У.Б, 2014.08.21-ний өдөр төрсөн охин У.У, 2019.09.10-ны өдөр төрсөн хүү Б.Г, эцэг Б.У, эх Ч.Б нарын хооронд эрх, үүрэг үүснэ.
Б.У, Ч.Б нар 2019.04.20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд хүү У.Б, охин У.У, хүү Б.Г нар эхийн асрамжид байсан ба хариуцагч Б.У хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй боловч 2013.07.17-ны өдөр төрсөн том хүү У.Б-г өөрийн хүүхэд биш гэсэн үндэслэлээр энэ хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Б нь хүү Б-г түүний хүүхэд биш болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү У.Б, охин У.У, хүү Б.Г нарыг эхийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин У.У, хүү Б.Г нарт тус тус хүүхдийн тэтгэлгийг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013.07.17-ны өдөр төрсөн хүү У.Б , 2014.08.21-ний өдөр төрсөн охин У.У , 2019.09.10-ны өдөр төрсөн хүү Б.Г нарыг эх Ч.Б-ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2014.08.21-ний өдөр төрсөн охин У.У, 2019.09.10-ны өдөр төрсөн хүү Б.Г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Б.Уаас гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.У-аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ