Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2022/0010/з |
Дугаар | 125/ШШ/2022/0018 |
Огноо | 2022-06-22 |
Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 125/ШШ/2022/0018
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ
БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ
БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Г.Янжиндулам би Д.Ч-ын Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Жаргалант сумын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/31 дугаартай "Эзэмшил газрын хэмжээ, талбай өөрчлөр тухай" захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2018 онд иргэн Д.Энхболдын эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн ойн бүсэд байрлах 1.9295 га газрыг газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу худалдан авч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/318 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжаар ойжуулах нөхөн сэргээх зориулалтаар 13 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2019 оны 7 сарын 19-ний өдөр 08401-2019/00196 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000029197 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан юм.
Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн 4 дэх заалтаар миний эзэмшлийн 19295 кв метр газрыг эзэмших гэрээг дүгнэж, газрын хэмжээг 12500 кв метр болгон өөрчилж шийдвэрлэсэн. Миний бие Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний едрийн А/31 дүгээр захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад гомдол гаргасан ба аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханы 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 1/372 дугаар алба бичгээр Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 02 сарын 25-ны едрийн 1/112 дугаартай албан бичгийг ирүүлсэн.
Иймд Ховд аймгийн Жаргалант сумын 2022 оны 02 дугаар сарын 09-ний едрийн А/31 дугаартай "Эзэмшил газрын хэмжээ, талбай өөрчлөх тухай" захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу Д.Ч-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоо мэдэгдье.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын 2022 оны 02 дугаар сарын 09-ний едрийн А/31 дугаартай "Эзэмшил газрын хэмжээ, талбай өөрчлөх тухай" захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах...”-аар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Жаргалант сумын Засаг дарга нь Д.Ч-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2022 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн албан бичгийг ирүүлжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас үүссэн маргааны үйл баримтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээд байхгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Ч-ын Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ Ховд аймгийн Жаргалант сумын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/31 дугаартай "Эзэмшил газрын хэмжээ, талбай өөрчлөх тухай" захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ