Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1744

 

МАГАДЛАЛ

 

2018.07.25                                                     Дугаар 1744                                Улаанбаатар хот

 

 

 

 

С.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/01383 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Орон сууц үнэлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.М,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зээлийн төлбөрт 89 015 537 төгрөг гаргуулж Э К ББСБ ХХК-д олгохоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.Д миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009791 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотод байрлах 3 өрөө орон сууцны үнийг хөндлөнгийн шинжээч 89 932 800 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Ү миний гомдлыг хангахаас татгалзсан тухай 18/03 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан. Уг тогтоолыг эс зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр даргад хандаж дахин үнэлэх боломжийг олгож өгөх тухай гомдол гаргасан боловч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5/132 тоот албан тоотоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Орон сууцыг үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн бодит ханшаас хэт доогуур үнэтэй байгаа тул үнэлгээ тогтоосон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 475 дугаар захирамжаар С.Д , С.Д нараас 89 015 537 төгрөг гаргуулж Э К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ  дээх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2017 оны 09 дүгээр сарын 18-ны дотор төлбөр барагдуулахыг мэдэгдэж 1/128 дугаартай мэдэгдэл өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009791 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж хадгалалт хамгаалалтыг С.Даваасүхэд үлдээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотод         89 932 800 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч С.Д , С.Д нарт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/30461 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлэн танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй. Өөрсдөө үнэтэй байх ёстой л гэдэг. Түүнээс С.Д нь хэдэн төгрөгийн үнэтэй байх талаар үнийн саналаа өгөөгүй. Бид үнийн саналаа өгөх мэдэгдлийг 2, 3 удаа өгсөн. Ингээд үнийн санал ирээгүй учир шинжээч томилсон. Хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүрэгт 40 м.кв байр 2 200 000 төгрөгөөр үнэлэгдсэн нь бага биш үнэлгээ. Үүнийгээ ч нэхэмжлэгч тал мэдэж байгаа байх. Нэхэмжлэлийн тухайд зориудаар хуулийн процесс ажиллагааг тасалдуулах, хугацаа авах арга заль мэх гэж ойлгож байгаа. Шүүгчийн захирамж гарснаас хойш буюу 2017 оны 03 дугаар сараас хойш одоо 1 жил 2 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хэмжээгээр манай байгууллага хохирч байна. 90 гаруй сая төгрөгийн эх үүсвэрийг зогсонги байдалд оруулаад өдийг хүрлээ. Хугацаа авах зорилготой шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Д-ын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдох Орон сууц үнэлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 184/ШШ2017/00475 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009791 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Х Э  ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн тул хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бодит ханшаас доогуур үнэлсэн гэдгээ нотлоогүй гэж дурдсан байх ба шүүхийн шатанд шинжээч томилоогүй мөртлөө, шинжээчийн дүгнэлт бодитой, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу авагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан орон сууц үнэлсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/00475 дугаар захирамжаар Э К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Д ,С.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 92 562 404 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт зохигчид 89 015 537 төгрөгт эвлэрч, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотод байрлах С.Д-ын өмчлөлийн 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   /хх35-36/

Зохигчдын эвлэрэлд үндэслэн, НШШГГ  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хурааж ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцсэж байна.

Нэхэмжлэгч С.Д нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас түүний өмчлөлд бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, үүний тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал ирээгүй, талууд харилцан тохиролцож тогтоогүй тул төлбөр авагч Э К ББСБ ХХК-ийн хүсэлтээр Х Э  ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн” гэх үндэслэл заасан байх боловч уг үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаанд гаргаагүйг шүүх зөв дүгнэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/01383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                          М.НАРАНЦЭЦЭГ