Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 26

 

Э-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0026/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Г.Мөнхболд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Э-, түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболдын давж заалдах гомдлоор Э-т  холбогдох эрүүгийн 2039001590100 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өлзийт тосгонд 1994 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 14 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх С- овогт Б-н Э- нь

2020 оны 3 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 14 дүгээр гудамжны 04 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар өөрийн гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох эхнэр А-г онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сэргэлэнгүн овогт Батсүхийн Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад  зааснаар шүүгдэгч Э-ыг 15 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-т  оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон арчдас 7 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, хар саарал өнгийн оймс 1 хос, ягаан өнгийн цахилгаантай хантааз, бор шаргал өнгийн юүдэнтэй цамц, цагаан өнгийн богино ханцуйтай цамц, цэнхэр өнгийн хөхний даруулга, цэнхэр өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотоож, цагаан өнгийн оймс 1 хос зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-аас 9708520 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Э- нь 2020 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө өөрийн эхнэр А-тэй гэр бүлийн харилцааны улмаас маргалдаж түүний биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсны улмаас талийгаач А-гийн хацар яс гэмтэж, цус гарч, газар унаж,  таталт өгч дээш харан хэвтэж байсан талийгаачийн хоолойд цус бөглөрсний улмаас цусанд хахаж нас барсан. Э- нь эхнэр А-г цохиж зодсон үйлдлийн улмаас талийгаач хүнд гэмтэл авч шууд нас бараагүй ба хацар ясны бэртлээс болж цусанд бөглөрч амьсгал хураасан нь Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1хх-ийн 109-112 хуудас/, шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ /2хх-ийн 66-67 хуудас/ зэргээр тус тус тогтоогдсон байхад үхлийн шалтгааныг Э- шууд талийгаачид хохирол, хор уршгийг учруулсан гэж дүгнэж шүүх буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

А- нь эмчийг ирэхэд амьд сэрүүн байсан ба эмч анхан шатны тусламжийг үзүүлж амь насыг нь аврах бүрэн боломжтой байсан бөгөөд талийгаачийн гэрээс Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг хүртэл 1.5 минут байдаг. Эмч 20-30 минутад /талийгаач гэрт байх хугацаанд/ эмнэлэг явж эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчээр амь насыг аврах боломжийг эрэлхийлж ажиллаагүй, эмчийн мэргэжлийн ур чадвартаа хайнга хандаж, эрдэнэт хүний амь насыг авраагүй байхад энэхүү эмчийн мэргэжлийн үйл ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, дуудлагаар очсон эмчээс өөрөөс нь мэдүүлэг авсан нь хангалтгүй бөгөөд эмч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч, эмчийн ур чадварыг гаргаж ажилласан эсэхээ дүгнэнэ гэдэг нь ашиг сонирхлын зөрчилтэй хийгээд мөрдөгч, прокурор энэхүү ажиллагааг шалгаж тогтоогоогүй, дүгнэлт хийлгүй хайнга хандаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Учир нь хоолойд бөглөрөл үүсч, амьсгал тасалдаж буй өвчтөнд хоолойн бөглөрч буй хэсгийн доод талд ахуйн гуурсан хатгалтаар амьсгалыг гаргаж наад захын эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх арга хэмжээг аваагүй зөвхөн тариа тарих, хиймэл амьсгал хийх зэрэг үр дүнгүй эмчилгээ хийсэн байдаг. Энэхүү тохиолдолд эмчийн ур чадварт Эрүүл мэндийн яамны мэргэжил арга зүйн зөвлөлөөр дүгнэлт гаргуулж талийгаач А-гийн амь насыг аврах яаралтай тусламжийг үзүүлсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй байна.

Э- эхнэр А-г өөр хүнтэй эр, эмийн харилцаатай байсан гэдгийг сонсоод сэтгэл санаа цочрон давчдах нөхцөл байдалд орсон гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн, энэ талаар яллагдагчаар татагдах үедээ мэдүүлж чадаагүй ба үүнийгээ тодорхойлох хууль зүйн ойлголт байгаагүй. Өмгөөлөгчийн хувьд прокурорт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийнхээ нэгдүгээрт энэхүү санаа сэтгэл цочрон давчидсан байдлыг нягтлан шалгаж Э-аас дахин яллагдагчаар мэдүүлэг авч хэд хэдэн зүйлийг тодруулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаагүй.

Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг тайлбарласан байдаг ба уг тайлбарт “Хүндээр доромжлох” гэсэн ойлголтыг “Нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр, сонжуургүйгээр гутаасан үйлдлийг хэлнэ. Энэ нь хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, гадна төрөх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаараар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрнэ” гэж тайлбарладаг. Талийгаач урьд болон тухайн үед нэг бус удаа гэр бүлээс гадуур өөр эрэгтэй хүмүүстэй холбоотой байсан ба энэ талаар согтуу байхдаа нөхөр Э-т хэлж түүнийг үл хүндэтгэн эр нөхрөө гутаан доромжилсны улмаас Э- санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас цохиж зодсон нь субъектив байдлаар шууд санаатай цохих, зодох үйлдэл биш юм. Талийгаач нь тухайн үед согтуу байсан нь гэрч У, Т, Х нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогддог.

Мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар “онц харгис хэрцгийгээр алах” гэдгийг Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 564 дугаартай тогтоолоор “Хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх ба эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой” гэж тайлбарладаг. Тэгвэл Э- гэр бүлийн таагүй маргаанаас эхнэртээ хүндээр доромжлогдон санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас цохиж зодсон үйлдлийг богино хугацаанд үйлдсэн болохоос биш удаан хугацаанд хүндээр тарчлааж зодож, зовоох субъектив санаа зорилго агуулж гэмт хэрэг үйлдээгүй. Мөн Э- нь талийгаачийг хэрцгийгээр зодож, тарчлаасан энэхүү үйлдэл нь удаан хугацаанд үргэлжилсэн бол хэрэгт авагдсан гэрэл зургаар гэр доторх байдал эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй, гэр доторх тавилга эвдрээгүй, өөрчлөлт ороогүй, эмх замбараатай байгааг гэрэл зургаас харж болно. Мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаачийн хувцас урагдсан, сэмэрсэн зүйл байхгүй байгаа нь Э-ын мэдүүлсэн хэрэг хурдан болж өнгөрсөн, удаан үргэлжлээгүй гэдгийг нотолж байна.

Э- нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэдэг нь нотлогдоогүй байхад хүндрүүлэн зүйлчилсэн. Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаар тогтоолоор “...гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын хүмүүсийн төрөл садангийн хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ” гэж тайлбарладаг. Тэгвэл “байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэдэг нь Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаартай тогтоолоор “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу 3 ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн байхыг шаардана” гэж тайлбарласан. Э-ын хувьд эхнэр А-г байнга буюу 3-аас дээш удаа зодсон зүйл байхгүй. Гэрч Ариунчимэг “...А- ажлаасаа чөлөө авахаар нь очиж шалгахад нүд хөхөрсөн байсан, нөхөр хардаад цохисон гэж хэлсэн” гэж мэдүүлсэн /хх-ийн 68-70 хуудас/ байдаг ба энэ нь дангаараа Э- эхнэрээ цохиж зоддог байсныг нотлох баримт болохгүй, учир нь Э- шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...2019 оны 6 дугаар сард намайг хөдөөнөөс ирэхэд эхнэр А- нь оройтож ирсэн бөгөөд нүд нь хөхөрсөн байсан, найз нартайгаа шоудаж байгаад эхнэр, нөхрийн зодооны голд ороод цохиулсан гэж хэлсэн. ...А-г ирэхэд нөхөр хардаад цохисон гэж хэлэхээр нь худлаа гэж хэлж чадаагүй, гэр бүл эхнэрээ бодоод дуугүй өнгөрсөн” гэж мэдүүлсэн. Үүнийг шалгаж тогтоох талаар өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргахад прокурор хангаагүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-ын мөрдөн шалгах ажиллагаанд анх өгсөн мэдүүлэгт “Э- эхнэрээ зодож цохиж байсан талаар мэдэхгүй, талийгаач тийм зүйл ярьж байгаагүй” гэж мэдүүлж /хх-ийн 25-26 хуудас/ байснаа түүнээс хойш 2 удаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө “...Э- эхнэрээ зоддог байсан, эхнэртээ дээрэлхүү харьцдаг байсан...” гэж мэдүүлэг өгсөн нь зөрүүтэй байгааг анхаарах хэрэгтэй. Гэрч А-, А, О нарын мэдүүлгээр 2017 онд Э- эхнэр А-г зодож нүдийг нь хөхрүүлж байсан мэтээр худал мэдүүлэг өгснийг прокурор яллах дүгнэлтэд оруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан мэтээр дүгнэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрч А нь А-ын нөхөр бөгөөд энэ хэрэгт гэрчээр үнэн зөв мэдүүлэхэд эргэлзээтэй гэрч юм. Гэрч О “...Э-, түүний эхнэр А- бид нар цагаан сараар П-н гэр рүү явж байх замд Э- агсам тавиад эхнэрээ цохисон...” гэж мэдүүлдэг. Тэгвэл гэрч А “...О-н гэрт Э- эхнэрээ хардаад нүдийг нь хөхрүүлсэн...” гэж, гэрч А- “...О-н гэрт Э- эхнэрээ хардаад  нүдийг нь хөхрүүлсэн гэж нөхөр А-д О хэлсэн...” гэж хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгдөг ба гол нь тухайн өдөр А-, нөхөр А-н хамт тэнд байгаагүй ба болсон зүйлийг нүдээр харсан гэрч биш юм. Харин шүүх хуралдаанд Э- “..2017 он биш 2015 онд О-тай П-н гэр рүү явах гэж байхад О согтуу машин барина гээд би болиулах гэхэд надтай муудалцсан, эхнэр А- салгах гэж дундуур орж байгаад түлхэгдээд машины хаалганд цохигдож дух хэсэгт хавдсан, Ононбаяр их согтуу байсан маргааш тасарсан байна гэж байсан” гэж мэдүүлдэг бөгөөд гэрч нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг шууд нотлох баримтаар үнэлж, Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т зааснаар ял хүндрүүлэн зүйлчилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар “мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч хэрэглэнэ, мөн хэрэгт яллагдагчийг яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нотлох баримтыг тэнцвэртэйгээр цуглуулахыг үүрэг болгон хуульчилсан байхад энэхүү үүргээ биелүүлж ажиллахгүй байгааг нь дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт Э- болон талийгаач А- нарын охин насанд хүрээгүй Н-г хохирогчоор байцаасан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14-т зааснаар “...гэр бүлийн гишүүд, эцэг, эх ...эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, энэхүү эрх нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан онцгой сувернитив эрх бөгөөд насанд хүрээгүй 8 настай хохирогч Н энэхүү эрхийг эдлэх, эцэг, эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хууль зүйн ач холбогдлыг ойлгох чадваргүй байхад мөрдөгчөөс хууль ёсны төлөөлөгчийг байлцуулан, дараа нь өмгөөлөгч оролцуулан 2 удаа мэдүүлэг авч, түүнээс эцгийнх нь эсрэг мэдүүлэг авч, гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулж, эцэг Э-ын эсрэг мэдүүлэг авсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болно. Хууль сахиулах байгууллага, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14-т заасан хохирогчоос мэдүүлэг авахдаа хэргийн бодит байдлыг тогтооход үндэслэл бүхий мэдээлэл өгч чадах чадвар, чадамжтай гэрч, хохирогчоос мэдүүлэг авч хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх болохоос биш мөрдөн байцаах ажиллагааны тактик болгон ашиглах, гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгсөн хэргийн оролцогч, гэрчийн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож ашиглахыг тус тус олон улсын эрүүгийн эрх зүйн хэм хэмжээнд хориглодог бөгөөд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий Ассамблейн 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор баталсан Хүний эрхийн конвенц, 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, нэмэлт протоколд тус тус гэр бүлийн гишүүнийх нь эсрэг мэдүүлэг авах нь эрүүдэн шүүх гэмт хэргийн төрөлд хамааралтай гэж зохицуулсан байгааг анхаарах нь зүйтэй. Насанд хүрээгүй хохирогч Н нь Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар иргэний эрх зүйн чадамжтай иргэн бөгөөд энэхүү чадамж нь үүсээд 1 жил болж байгааг анхаарах нь зүйтэй. Мөн насанд хүрээгүй хохирогч Н- нь талийгаач А-г архи уугаагүй, эрүүл байсан гэж мэдүүлсэн бол талийгаач А-тэй хамт 0.75 грамм цагаан архи уусан гэж гэрч Усанболор, согтуу байсан талаар таксины жолооч Т, хэрэг болдог өдөр такси унаагаар үйлчилсэн жолооч Т-н хамт машинд явсан Х нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө талийгаач А-г архи уусан согтуу байсан гэдэг хөндлөнгийн гэрчийн мэдүүлгээр няцаагддаг. Үүнээс дүгнэхэд насанд хүрээгүй хохирогч Н- мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй ба тэрээр эх талийгаач А-г нас барсан хүнд нөхцөл байдалд өөрийн сэтгэл зүйг удирдах болон сэтгэлийн гүн хямрал зэргээс эцэг Э-ыг эх талийгаач А-г алсан гэдэгт баттай итгэж буруутгаж мэдүүлэг өгсөн нь насанд хүрээгүй хүн өөрийн хэлсэн ярьсан зүйлд хууль зүйн дүгнэлт өгөх чадамжгүй, хуульд зааснаар худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээх хууль зүйн боломжгүй тул түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбар, мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Мөн эх Э /1хх-ийн 42-43 хуудас/, дүү Э /1хх-ийн 44-46 хуудас/, охин Н-н мэдүүлгүүдийг прокурор яллах дүгнэлтэд оруулан Э-ыг яллаж байгаа нь гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг хангаагүй, түүнийг мөрдөн шалгах ажиллагааны тактик болгон гэм буруутай гэж тогтоох яллах талын нотлох баримт болгож байгаа нь шууд Үндсэн хууль, Олон улсын болон органик хуульд заасан эрхийг ноцтой, бүдүүлгээр зөрчиж байна. Гэрч Э, Э нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-т заасныг танилцуулж гарын үсэг зуруулсан хэрнээ, мэдүүлэг эхлэхэд тэмдэглэлээр өөрийн төрсөн хүүхэд, төрсөн ахын эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж, мөн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг тайлбарлаж тэмдэглэлд тусгаагүй нь тэдгээрийн хууль ёсны эрхийг зөрчиж, гэр бүл төрөл садангийнх нь эсэх мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн, мөн гэрчийн онцгой тохиолдолд өмгөөлөгчөөр хангагдах эрхийг нь тайлбарлаж мэдүүлэг аваагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1, 2.3-т зааснаар насанд хүрээгүй хохирогч Н-, гэрч Э, Э нарын мэдүүлгийг дээрх үндэслэлээр нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлттэй тул нотлох баримтаас хасч өгнө үү.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Э-ыг санаа сэтгэл цочрон давчидсан үедээ бусдын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хохирогч А-гийн аав нь миний нагац ах юм. Талийгаач татаж унадаг хууч өвтэй байгаагүй. Э- нь өөрийнхөө эхнэрийг хоёр нялх хүүхдийнхээ дэргэд өмдийг шувталж, зодож алчхаад хүндэвтэр гэмтэл учруулсан, золгүй тохиолдлоор цус эсхүл бөөлжсөндөө хахаад үхсэн, эмч нь очоод алчихсан ч юм шиг ярьж байгаад харамсаж байна. Би цогцсыг нь харсан. Манай зан үйлээр шарилыг нь угааж цэвэрлээд нутаглуулдаг. А- гэж танигдахааргүй болсон байсан. Миний зүгээс шүүхээс Э-т оногдуулсан ял шийтгэлд гомдол гаргаагүй. Э- нь 9000000 төгрөгийн хохиролд мал өгнө гэж байгаа боловч өөрийн нэр дээр малгүй, 2018 онд банкнаас зээл авах зорилгоор айлын малыг өөрийнхөө нэр дээр тоолуулсан байсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсч байна гэжээ.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А- нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учраас хамаатныхаа ах болох К-ыг өөрийгөө төлөөлүүлж шүүх хуралдаанд оруулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэрт байсан ширээ сандал эвдрээгүй, талийгаачийн хувцас урагдаагүй, зодоон болоогүй гэж ярьж байна. Талийгаач гэртээ орж ирээд нөхөртэйгээ ямар нэгэн байдлаар зодолдож ноцолдсон асуудал байдаггүй. Харин талийгаачийг орж ирэхэд нь шкаф, хана мөргүүлээд дээрээс балбаж зодсон нөхцөл байдал харагддаг. Талийгаачийн биед учирсан гэмтлийг Э- учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Э- сэдэл санаа нь цочрон давчидсаны улмаас талийгаачийг зодож биед нь гэмтэл учруулсан, онц хэрцгий аргаар алаагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн биед нийт 7 төрлийн гэмтэл, 36 тооны гэмтэл буюу шарх учирсан байсан.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Э-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр гомдол гаргасан байна. Сэтгэл санаа нь цочрон давчидсан гэдгийг Улсын дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тайлбарт “цочрон давчидсан хүн ухамсарт байдлаа алдаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх чадваргүй болсон байдаг” гэж тайлбарладаг. Гэтэл Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “би орж ирээд чи хаачсан юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Дуугарахгүй болохоор нь би нэг удаа алгадсан. Гараараа цохисон гэхдээ би гараа зангидаагүй байсан. Би хөлөөрөө өшиглөсөн. Гэхдээ би гутлаа өмсөөгүй, хөл нүцгэн байсан. Би толгой, нүд рүү цохисон нь үнэн” гэж мэдүүлдэг. Тухайн үеийн нөхцөл байдлыг яриад байгаа хүн өөрийгөө хянах чадвараа алдчихсан байх үндэслэлгүй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч Э, Эн нарын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулахаар гомдол гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Э, Эн хоёроос мэдүүлгийг авахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэг байдлаар мэдүүлэг аваагүй. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдүүлэг авсан. Э- болон түүний өмгөөлөгч гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, мөн эмчийн буруутай ажиллагаа байна гэж үзэж байна. Гэрч С “...намайг ороход шалан дээр эмэгтэй хүн байсан. Очоод зүрхийг нь чагнахад зүрхний үйл ажиллагаа нь зогсчихсон байсан. Би зүрх судасны ажиллагаа дэмжих арга хэмжээ авсан боловч нас барсан” гэж мэдүүлдэг. Уг мэдүүлгээс үзэхэд зүрх нь зогсоогүй байхад эмчилгээ хийж байгаад алсан асуудал харагддаггүй.

Талийгаач Э-тай 18 настайдаа гэр бүл болж, 8 жил амьдраад 26 настай, 2 хүүхдийн ээж болсон. Талийгаач зодуулж байхдаа болон амь тавьж байхдаа миний хоёр хүүхэд цаашид яаж зовж амьдрах бол гэж хоёр хүүхдээ бодож зовж шаналж нас барсан байх. Аав нь уурласан нөхцөл байдалтай байхад бага насны хоёр хүүхдэд шар хаданд очих хэмжээний сэтгэл зүйн гэм хор уршиг учирсан ба талийгаачийн эгч А- хоёр хүүхдийг эмчилгээнд аваад явсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч А-ыг хохирогчоор худал мэдүүлэг өгсөн гэж байна. А- нь “...цуг амьдардаггүй болохоор би нарийн зүйлийг мэдэхгүй байна. Харддаг эсэхийг нь би сайн мэдэхгүй” гэж гэж мэдүүлэг өгсөн бөгөөд дараа ах дүү нар нь Э-ыг эхнэрээ хардаж зодож байсан талаар ярихад А- “нээрээ тийм ш дээ, өвөл нөхөртөө зодуулчихсан ирж байсан” гээд ярьж эхэлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар талийгаач нь Э-ын гарт амь насаа алдсан гэдэг нь тогтоогдсон байхад эдгээр гэрч нарын мэдүүлгүүдийн нотлох баримтаас хасах нь ач холбогдолгүй юм. Талийгаач нь тухайн үед хүндэвтэр гэмтэл авсан ч уг гэмтлийн улмаас хоолой руу цусархаг шингэн орж тэрэндээ бөглөрч амь насаа алдсан. Талийгаачийн үхэл, Э-ын зодсон үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хөдөөнөөс ирэхэд манай эхнэр гэртээ байгаагүй. Би гэрлээ асаагаад хоёр хүүхдээ тэврээд хэвтэж байгаад унтчихсан байсан. Манай эхнэр шөнийн 01 цагийн үед ганцаараа орж ирсэн. Би хар шөнө хаагуур яваад ирж байгаа юм бэ гээд эхнэрээ уурлаж загнасан. Эхнэр маань “яадаг юм, би явж байгаад ирлээ, чи намайг явалддаг гэдгийг мэддэггүй биз дээ, би чамаас залхаж байна, чамаас сэтгэл санааны болон биеийн таашаал мэдэрдэггүй” гэж хэлсэн. Би ханиасаа тийм үг сонсоно гэж бодож байгаагүй бөгөөд хэсэгхэн зуур юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд би эхнэртээ гар хүрчихсэн, манай эхнэр газар унасан байсан. Эхнэр бид хоёр 8 жил хамт амьдрахад маргах үе байдаг байсан ч эхнэртээ ганц ч удаа гар хүрч байгаагүй. Манай эхнэр жирэмсэн байхдаа татаж унаж байсан. Тухайн үед эхнэрийгээ жирэмсэн учраас ингэж байна гэж бодож байсан ч сүүлд хэд хэдэн удаа татаж унаад эмнэлэгт хэвтэж байсан. Өмнө нь би ийм зан гаргаж байгаагүй учраас хүүхдүүд маань цочирдож айсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа үйлчлүүлэгчдээ танилцуулсан байх шаардлагатай. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол болон хэрэгт авагдсан баримт дээр Э-т танилцуулсан талаар баримт байхгүй байна.

Э- нь А-г алаагүй, хөнгөн, хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан гэж байна. Амь хохирогч А- нь шүүгдэгч Э-т зодуулж хамар ясны бяцарсан хугарал гэмтлийн улмаас амьсгалын эрхтэн цус алдан улмаар амьсгалын зам гадна биет буюу цусаар бөглөрч нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Үхэлд хүргэсэн шалтгаан нь Э-ын үйлдсэн гэм буруутай үйлдэл буюу А-г зодсоны улмаас үүссэн үр дагавар, үйлдэл, түүнээс үүсэх хор уршиг хоёрын шууд шалтгаант холбоотой буюу Э-ын цохисны улмаас хамар яс бяцарч түүнээс доош амьсгалын доод эрхтэн рүү цус алдаж цагаан мөгөөрсөн хоолой нь цусаар бөглөрч нас барсан. Тийм учраас талийгаачийн үхлийн шалтгаан нь Э-ын үйлдэлтэй шууд холбоотой байна гэж үзэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эмчийг ирэхэд талийгаачийг амьд сэрүүн байсан ба амь насыг нь аврах боломжтой байсан гэж байна. Эмчийг ирэхэд А- нь амьд сэрүүн байсан талаар “...2 удаа өнгөц амьсгалах шиг болсон боловч үзэхэд зүрх нь бүрэн зогссон байсан” гэсэн эмчийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт байдаггүй. Гэрч Э нь “...А- эгчийн хажууд очиход хоолой нь хэрчигнээд амьсгалаад байсан” гэж мэдүүлдэг бөгөөд тухайн үед А- нь амьсгал хурааж байсан. Иймд эмчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үндэслэлгүй.

Э-ыг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах нөхцөл байдалд орж хүний амь нас хохироосон гэж байна. Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэг нь “хүндээр доромжлох гэсэн ойлголтын улмаас илрэх хариу үйлдэл юм” гэж тайлбарладаг. Заавал хүндээр доромжлогдсон хүн санаа сэтгэл цочрон давчидна гэж байхгүй. Шүүгдэгч нь амь хохирогчид 36 тооны гэмтэл шарх үүсгэн зодоод, хардаж өөр хүн рүү утсаар яриад, цагдаа, эмнэлгийн байгууллага дуудахын өмнө ээж дүү 2 нь болиоч гэхэд “..та нарт хамаагүй миний амьдрал” гэж яриад хүн зодоод, мөн цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага дуудсаныг мэдээд буцаж ээжийнхээ гэрт орж агсан тавиад багана, угаалгын машиныг өшиглөсөн” асуудал байдаг. Үүнийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэж үзэх боломжгүй юм. “Апект” гэдэг нь хоромхон зуурын сэтгэхүйн цочролд орсны улмаас нэг удаагийн үйлдлээр юм уу, хоромхон зуурын үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байна гэж бодож байна. Гэмт хэргийн санаа, сэдэл, зорилго гэдэг нь үйлдлийн аргаар тогтоогддог. Үйлдлийн арга нь Э-ын тухайд 36 тооны гэмтэл шарх үүсгээд, орж ирээд зогсоох гэсэн тэр үйлдлийн эсрэг үйлдэл хийж, дахин өөр айлд орж агсан согтуу тавьж байгаа нь ямар ч апектын шинж байхгүй байна гэж үзэж байна.

Онц харгис хэрцгийгээр алах гэдгийг Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-т зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тайлбарын 5.13-т “онц харгис хэрцгий арга” гэдэгт “ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж, тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан үйлдлийг хамруулна” гэсэн байдаг. Э-ын хувьд ойр дотны хүмүүсийнх нь хажууд буюу 2 хүүхдийнх нь хажууд ээжийг нь алсан, бага насны хоёр хүүхэд нь сэтгэл санааны хувьд хүндээр шаналсан байх тул түүнийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэж гэр бүлийн харилцаатай хүний, сэтгэл санаа бие махбодод халдсан 3 ба түүнээс дээш үйлдлийг ойлгоно. Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаартай тогтоолоор “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй. Түүнийг нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар гэр бүлийн харилцаатай байдлыг далимдуулан зодсон 3 ба түүнээс дээш бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана” гэж тайлбарласан. Шүүгдэгч нь эхнэрээ 2 удаа зодсон нь хохирогч Ариунчимэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог, гурав дахь удаагаа зодоод алчихсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээр давхар зүйлчлэх шаардлагагүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н, Э, Эр нарыг хуульд заасан эрхээр хангаж мэдүүлэг, тайлбар аваагүй тул мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасуулах талаар гомдол гаргасан байна. Хуульд тухайн гэрчийн мэдүүлэг өгч байгаа хүн өөрөө сэжигтэн яллагдагчаар татагдаж болзошгүй болбол өмгөөлөгчөөр заавал хангана гэж заасан байдаг. Мөн Н-ээс эхний удаа мэдүүлэг авахдаа насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд заавал өмгөөлөгч байцуулна гэсэн хуулийн шаардлага хангаагүй мэдүүлэг авсан байсан тул алдаагаа засаж дахин мэдүүлэг авахдаа өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарыг байлцуулсан. Н-ийн мэдүүлэг нь бусдад гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог. Иймд өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболдын давж заалдах гомдлоор Э-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Э- нь 2020 оны 3 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 14 дүгээр гудамжны 04 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар өөрийн гэр бүлийн харилцаа хамааралтай эхнэр А-г харгис хэрцгийгээр зодож алсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач миний төрсөн дүү байгаа юм ...дүүгийн маань нүүрийг танигдахын аргагүй зэрэмдэглэсэн, эрхтнийх нь тэнд зүссэн болов уу гэмээр шархтай, хөл нь шархтай, нуруу гэдэс нь хөх няц болсон, маш аймшигтай яргалсан байсан. ...Э- нь их ууртай, дээрэлхүү зантай, шалтгаангүй харддаг. ...бага насны хоёр хүүхэд нь ээжийгээ зодуулж амь насаа алдсаныг нүдээрээ харсан болохоор маш их айдастай, цочиж, хашхирч, уйлж, хэцүү байдалд байна. ...оршуулгын зардалд 9934426 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг  /1хх-ийн 28-31 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав Э- ээжийн үснээс барьж байгаад хувцасны шүүгээ, ширээ, гэрийн багана, хана мөргүүлж хамар руу нь зодож, өшиглөсөн. ...эмээгийн үгэнд орохгүй, ээжийн ам, хамар цус болчихсон байхад зодож байхдаа өмдийг нь тайлсан. ...дахин зодсон. Ээжийг ажлаасаа ирэхэд яасан их уддаг юм гээд зоддог байсан...“ гэх мэдүүлэг /1хх-ийн 39-41 хуудас/,

Гэрч Эн-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү маань согтуу ирээд эхнэрээ зодоод байхаар нь салгах гэхэд дийлдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 хуудас/,

Гэрч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэрт нь ороход А- эгч гэрийнхээ баруун талд дээшээ хараад хэвтэж байсан. Өмд болон дээгүүр хувцсыг нь өвдөг хүртэл нь шувталсан, нүүр хамраас нь цус гарч байсан. Э- ах согтуу “та хоёрт хамаагүй, гар, ална шүү” гээд байсан. ...А- эгчийн хоолой хүрчигнээд байсан. ...хүүхдүүд нь их айсан..” гэх мэдүүлэг  /1хх-ийн 44-46 хуудас/,

Гэрч Э.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дуудлагаар гэрт нь очиход нүүр, ам нь цус болсон, өмдийг нь өвдөг хүртэл нь шувталсан эмэгтэй амьд байсан ба хоёр удаа өнгөц амьсгал аваад нас барсан. ...зүрх судасны ажиллагаа дэмжих суурь тусламж үзүүлсэн боловч зүрх нь цохилоогүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48, 49-50 хуудас/,

Шинжээч Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадны биет гэдэг нь амьсгалын дээд замаас алдаж байгаа цусыг хэлж байгаа юм. Уг цус нь талийгаачийн хамар ясны бяцарсан хугарал, хамрын хөндий, салстын гэмтлээс үүссэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 119-120 хуудас/,

Шүүгдэгч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...бараг 30-40 минутын дараа эхнэр газар унасан байдалтай хувцас нь шороо болчихсон гаднаас орж ирсэн. ...тэр орой би өөрөө уучихсан халамцуу байсан болохоор тэсгэл алдаад алгадсан. ...дахиад баруун гараараа нүд рүү нь цохисон. Гэхдээ гараа зангидаж цохиогүй. ...бас өшиглөсөн. Би хөл нүцгэн байсан. Би гуталтай бол хүрээгүй. Дээрээс нь толгой руу нь гараараа цохисон. Тэгээд ээж дүү хоёр орж ирэхээр нь хажууд нь байж орж гарахыг нь ч мэдэхгүй байхдаа яадаг юм бэ гэж уурласан. Тэгээд ээж дүү 2 гараад цагдаа түргэн дуудсан байсан... ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 141-143 хуудас/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай:

“Талийгаач А-гийн цогцост хамар ясны бяцарсан хугарал, өвчүү, зүүн 3, 4, 5-р хавирга ясны хугарал, баруун чихний хөндийн үүдэвч хэсэгт язарсан шарх, дух, хамрын орой, зүүн талын чамархай, зулайн ар, хажуу хэсэг, хацар, шанаа, чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун, зүүн чихний дэлбэн баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай, баруун эгэм, суганы урд шугамаар зүүн 5-р хавирганы түвшинд, баруун сарвууны гадна 4, 5-р хурууны уг хэсэгт цус хуралт, баруун талын чамархай, хацарт, зүүн талын чамархай, хацар, уруулын баруун дээд хэсэг, баруун доод хэсэг, хүзүүний баруун дээд хэсэг, баруун чихний омог, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн дээд хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг умдаг ясны зүүн дээд хэсэгт зулгаларт, зулайн зүүн дээд хэсгийн үсний халцрал гэмтэл тогтоогдлоо...

....Талийгаачийн цусанд 2,2%, цөсөнд 2,1% спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ...

...Талийгаач А- нь амьсгалын зам гадны биет /цус/-ээр бөглөрөн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 109-112 хуудас/,

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын

“Э- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэц мэдрэлийн ямар нэг өвчингүй байсан, Э- нь болсон үйл явдлыг зөв тусгаж авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, Э- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.... ” гэсэн дүгнэлт /1хх-ийн 101-103 хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай “...гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Х-н сэтгэцэд өөрчлөлт орсон... ” гэсэн дүгнэлт  /2хх-ийн 53-54 хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай “...гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Н-н сэтгэцэд өөрчлөлт орсон. ...Э.Н- нь болсон үйл явдлыг зөв тусгаж авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... ” гэсэн дүгнэлт  /2хх-ийн 60-61 хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 15 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Э-ын эх Б.Энхчимэг, төрсөн дүү Э.Эрдэнэцэцэг, охин Э.Н- нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасуулах” талаар гаргасан давж заалдах гомдлын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эн, Э, Э.Н- нараас тэднийг гэм буруутай гэж мэдүүлэг аваагүй болох нь тогтоогдсон, насанд хүрээгүй Н-н хувьд түүнээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2-т зааснаар түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулсан бөгөөд мэдүүлэг авахын өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14-д заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх /1хх-ийн 39 хуудас/ эрхийг болон хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн ач холбогдлыг тайлбарлаж өмгөөлөгчтэй мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх тул эдгээр мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасах үндэслэлгүй байна.

Өмгөөлөгчийн “Э-ыг санаа сэтгэл цочрон давчидсан үедээ бусдын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцуулж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлын тухайд: Эрүүгийн эрх зүйн онолоор “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хувийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжиж, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгох бөгөөд энэ үед бусдыг алах санаа гэнэт хоромхон зуур төрдөг бол хохирогчийн зүгээс Э-т өөрт нь болон түүний ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Э- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь гэрч А-н “...цагаан сарын үеэр талийгаач А-г зодож хамраас нь цус гаргаж, нүдийг нь хөхрүүлсэн байсан. ...зодож байхыг нь манай найз О харсан байсан...” гэх эх сурвалжаа зааж өгсөн мэдүүлэг /2хх-ийн 26 хуудас/, гэрч О-н “...2017 оны цагаан сараар Э- эхнэрийн хамт манайд ирсэн юм. Тэгээд эхнэрээ зодож, үснээс нь чирч, өшиглөөд, эхнэрийнх нь нүд хамар хөхөрч, хамраас нь цус гарч бөөн юм болсон. ...намайг дараад хэвтэж байсан чинь Э- хацрыг маань хазсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 30 хуудас/, насанд хүрээгүй гэрч Н-н “...ээжийг ажлаасаа хоцроод ирэхээр аав яасан уддаг юм, эрэгтэй хүнтэй утсаар удаан ярилаа гээд зоддог байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40 хуудас/, гэрч А-ын “...Э- их ууртай, айлд очсон ч авгай хүүхдээ загнаж зандарсан дээрэлхүү хүн. ...миний дүү гэр бүлийн хүчирхийлэлд байсан юм болов уу гэж бодож байна, сална гэж зугтаад хот руу явж байсан, шалтгаангүй харддаг...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул түүнийг байнга, хэвшил маягтай гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн эхнэртээ олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, бага насны хоёр хүүхдийнхээ дэргэд эхийг нь хэрцгийгээр зодож амь насыг хохироож, тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан байх тул түүнийг онц харгис хэрцгий аргаар бусдыг алсан гэж тус тус хүдрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.  

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь хохирогч А-гийн биед хамар ясны бяцарсан хугарал гэмтлээс амьсгалын зам гадны биетээр /цус/ бөглөрөн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан нь шалтгаант холбоотой бөгөөд эмч С-н “...гэрт ороход талийгаач хоёр удаа өнгөц амьсгал авах шиг болсон, зүрхийг нь чагнаж үзэхэд бүрэн зогссон байсан, зүрх судасны ажиллагаа дэмжих суурь тусламж үзүүлсэн боловч зүрх нь цохилоогүй...” гэсэн мэдүүлгээс /1хх-ийн 49-50 хуудас/ үзэхэд хохирогчийн үхэлд эмчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                            Я.АЛТАННАВЧ

                                                                                                Б.СҮХГОМБО