Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01529

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 10 өдөр                          Дугаар 102/ШШ2021/01529                      Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 14 дүгээр хороо оршин суух,  Б.И-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 18 дугаар хороо оршин суух,  С Д -д холбогдох,

  

4,078,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.И, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Д, өмгөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.И миний бие 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр С.Дс түүний эзэмшлийн Б дүүрэг, 5 дугаар хороо хаягт байршилтай, 4 тал банзан хашаатай газар, 1 хаягт байрлах 4х5 харьцаатай өвлийн байшингийн хамт худалдан авсан. Ийнхүү худалдан авахдаа үл хөдлөх эд хөрөнгийн зуучийн компаниар дамжуулан уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авсан. Гэтэл газрын хамт худалдсан 4х5 хэмжээтэй байшингийн өмчлөгч нь П.Д болохыг миний бие сүүлд мэдсэн. Анх 2020 оны 7 дугаар сарын сүүлээр зарын дагуу үл хөдлөх хөрөнгө зуучлагч н.Т гэж хүнтэй холбогдож дээрх хашаа, байшин, газрыг сонирхон очиж үзэхэд хашаан дотор байгаа эзэнгүй цоожтой байшин байсан. Уг байшингийн гэрчилгээ, бичиг баримтын тухай асуухад тэрээр “...наад байшин чинь үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй, газартайгаа хамтдаа зарагдана. Газар нь чиний өмч болохоор чиний газар дээр байгаа байшин чиний л өмч ш дээ” гэж хэлсэн. Мөн газрын эзэн С.Дг шүүхийн байгууллагад олон жил ажилласан жаахан ширүүн ааштай, гэхдээ шударга хүн байгаа талаар хэлж байсан. Миний бие газрын жинхэнэ эзэн С.Д, зуучлагч нартай газар дээр нь хэд хоногийн дараа уулзаж, дахин байшингийн тухай асуухад С.Д “...тухайн үед 4 сая төгрөгөөр барьж байсан. Байшингийн үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй, чамаас энэ байшинг хэн ч нэхэхгүй, санаа зоволтгүй. Чи нураагаад өөрийнхөө юмыг барихгүй юу. Тогны төлбөр байвал би төлөөд өгнө, байшингийн түлхүүр одоогоор алга байна. Энэ байшин миний өмчлөлийн газар дээр байгаа юм чинь миний л байшин” гэж хэлсэн. Мөн тэрээр “...энэ байшинг нэг эгч, хүүгийн хамт түрээслэн амьдарч байгаа. Хүү нь хөдөө 14 хоногийн хугацаатай явж ээлжийн ажил хийдэг. Хүүгээ эзгүй ажилдаа явсан хойгуур ээж нь хөдөө явсан байх. Утас нь холбогдохгүй байна. Хүүгийнх нь ажил нь дуусаад ирэхээр нь байшинг суллаж өгнө. Чи санаа зоволтгүй...” гэсэн. Ингээд хашаа, байшинг газрын хамт худалдан авахаар болж 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зуучлагч н.Т, С.Д, түүний үеэл, миний бие дөрвүүлээ уулзаж худалдах-худалдан авах гэрээ хийж авсан. С.Д нь “...үл хөдлөхийн хөрөнгө зарсан татвараа бага төлөх хэрэгтэй байна гэж гуйсаар худалдах-худалдан авах гэрээг бага дүнгээр хийлгэсэн. Байшингийн бичиг баримтын талаар намайг асуухад тэрээр “...газрын хамт худалдсан талаар гараараа бичээд нотариатаар баталгаажуулаад өгье. Одоо гэрээгээ хурдан хийхгүй бол нотариат гээд байна, өнөөдөр үл хөдлөх хөрөнгө худалдахад сайн өдөр гэсэн амжихгүй нь” гэж яаруулж, гараар бичиж өгөх зүйлээ дараа бичээд нотариатаар баталгаажуулаад өгье гэж хэлсэн. Улмаар тухайн өдрөө газрын үнэ болох 185,000,000 төгрөгийг С.Дн “Голомт” банкны дансанд Г-2, 22 дугаартай газар, 4 тал хашаа,  4х5 хэмжээтэй байшингийн үнэ гэсэн утгатайгаар шилжүүлсэн. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр С.Д нь “Баталгаа гаргах нь” нэртэй бичиг хийж өгөөд гарын үсгээ зурсан. Тэрээр “...энэ чамд нотлох баримт болно. Би олон жил шүүхийн байгууллагад ажиллаж байна. Санаа зоволтгүй” гэж хэлээд гараар бичиж өгсөн баримтаа өгсөн юм. Үүнээс хойш өөрийн худалдан авсан байшингийн түлхүүрийг авахаар түүн рүү удаа дараа залгаж, мессеж бичихэд ямар ч хариу өгөөгүй. Мөн зуучлагч н.Ттэй холбоо барьж “...тухайн байшинд манаач оруулах хэрэгтэй байна. С.Д түлхүүрийг нь өгөхгүй байгаа” гэж хэлэхэд тэрээр “...наад байшин чинь одоо чиний өмч болсон, өөрөө мэд” гэж байсан ба түүнээс хойш дахиж миний утсыг аваагүй. Ингээд байж байтал уг 4х5 хэмжээтэй байшингийн эзэн гэх П.Д гэж хүн гарч ирсэн. Миний бие өөрийн өмчлөлийн газраас уг 4х5 хэмжээтэй байшинг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Гэвч миний газар дээр байрлах 4х5 хэмжээтэй байшин нь П.Дн өмч болохыг тус шүүхээс тогтоосон. Уг шүүхийн шийдвэрт талууд дараагийн шатны шүүхэд гомдол гаргаагүй. Ингээд миний бие хариуцагч С.Дд холбогдуулж дараах шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан. Үүнд:

1/ Миний газар дээр байгаа 4х5 хэмжээтэй байшингийн үнэлгээ болох 4,000,000 төгрөг;

2/ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөг;

Нийт 4,078,950 төгрөгийг хариуцагч С.Дс гаргуулж өгнө үү. 

Учир нь С.Д нь эрхийн доголдолтой эд хөрөнгө надад худалдсанаас болоод би өнөөдөр энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа П.Дд түүний 4х5 хэмжээтэй байшингийн төлбөрт 4,000,000 төгрөг төлөх болоод байна. Мөн хариуцагч С.Д нь эрхийн доголдолтой эд хөрөнгө надад худалдсанаас болоод би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, ийнхүү хандахдаа улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг төлсөн болно гэжээ.

 

Хариуцагч С.Д шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Манай гэр бүл одоогоос 15 жилийн өмнө Б дүүргийн 5 дугаар хороо хаягтай гэр бүлийн хэрэгцээний 88.1 м2 газрыг улсын бүртгэлийн дугаар авч өмчилсөөр ирсэн. Миний ээж хорт хавдар гэх өвчнөөр өвчилж гадаадад эмчлүүлэх болсон тул газраа зарах шаардлага гарч Зар мэдээ болон танил талаар дамжуулан газар зарах тухай зар өгч, 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Р” үл хөдлөх хөрөнгө зуучлалын төвд хандаж тэдний агент гэх О.У гэх эмэгтэйтэй гэрээ байгуулсан. 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр О.У нь залгаж манай нэг салбарын агент танай газрыг авах хүн олсон тухай хэлж газар дээрээ уулзахаар болсон ба очтол нэхэмжлэгч Б.И, зуучлагч гэх н.Т нэртэй залуутай уулзаж 200,000,000 төгрөгөөр зарах байсан газраа яаралтай байсан тул 185,000,000 төгрөгөөр худалдан борлуулж 2 газрын гэрчилгээг Б.Ин нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Энэ байшинг нэг эгч хүүгийн хамт түрээслэн амьдардаг. Хүү нь 14 хоногийн ээлжийн ажил хийдэг. Ээж нь хөдөө явсан байх ирэхээр нь суллаж өгнө” гэж дурджээ. Би тийм зүйл хэлээгүй болно. Мөн Би шүүхийн байгууллагад ажилладаггүй, надад үеэл эгч, эмэгтэй аль нь ч байхгүй болно. Газар шилжүүлж байх явцад нэхэмжлэгч Б.И нь байшингийн талаар ямар ч юм ярьж байгаагүй гэрээ хийсний дараа чи 4 тал хашаа, байшин гэж бич гэх зэргээр намайг дарамталж, өглөө оройгүй утасдаж, ажил дээр минь хүртэл ирсэн. Би чи тэр жижиг байшингаар яах гээд байгаа юм бэ наадах чинь үл хөдлөхийн гэрчилгээ бичиг баримтгүй ш дээ гэхэд заавал бичиж өг гээд байсан. Би тэр үед Б.Ид “Би чамд газраа л зарсан. Тэр байшингийн хүнтэй нь тохиролц, эсвэл тэр хүн байшингаа нураагаад материалаа аваад явна гэж магадгүй” гэж хэлсэн. Тэр хашааг харж байсан гэх айл буюу П.Д нь 15 жилийн өмнө хотод орж ирээд буух газаргүй байх үед нь манай ээж хашаандаа буулгасан бөгөөд гэр барьж сууж байснаа хэдэн жилийн байшин барьж амьдарч байсан айл юмаа. Би нэхэмжлэгчид өөрийн өмчлөлийн газрыг зарсан түүнийгээ 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2786, 2787 дугаар гэрээний дагуу хүлээлгэн өгч, улсын бүртгэлийн байгууллагаар баталгаажуулан шилжүүлсэн. Хариу тайлбар гаргах нь: Нэхэмжлэл гаргагч Б.И бид хоёрт ямар ч маргаан байхгүй, би гэрээний дагуу үүргээ биелүүлж газраа шилжүүлж өгсөн ба шүүхээр шийдвэрлүүлэх зүйлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа С.Дс газрын хамт худалдаж авсан байшин П.Дн өмч болохыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон гэж дурджээ. Хэрэв тийм бол байшингийн өмчлөгч гэх П.Д биш Б.И шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй бөгөөд хэрхэн үнэлгээ тогтоож 4,000,000 төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Надад Б.Иг хуурч мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд тухай үед нь байшингийн талаар хэлж байсан. С.Д намайг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс байшингийн өмчлөгч тогтоох талаарх хуралд дуудаагүй болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан байшинг С.Дн ээж, миний төрлийн эгч н.Дн зөвшөөрлийн дагуу газрыг нь сахиж байхдаа барьсан. Энэ талаар С.Д ч маш сайн мэдэж байгаа. Газраа зарах болбол надад хашаа, байшин авч өгөхөөр Долгоржав эгч амлаж байсан. Гэтэл С.Д нь газраа Б.Ид худалдахдаа надад мэдэгдэлгүй уг байшинг мөн хамт худалдсан нь нэхэмжлэгчийн тайлбар, С.Дн бичиж өгсөн баримт зэргээс маш тодорхой ойлгогдож байна. С.Д нь уг байшинг барихад 4,000,000 төгрөг зарцуулсныг ч сайн мэдэж байгаа бололтой. Эдгээр байдлыг үндэслэн би нэхэмжлэгч Б.И нь уг байшингийн үнийг төлсөн хүний хувьд С.Дс дөрвөн сая төгрөг буцаан нэхэмжилж байгааг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хувьд байшинг барихад гаргасан зардал болох 4,000,000 төгрөгөө төлүүлж авбал гомдол үгүй болно гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б.И нь хариуцагч С.Дд холбогдуулж 4,078,950 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан.

 

2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 472м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 5 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 409м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг худалдан авсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч С.Дс газар болон хашааг худалдан авсан. Гэтэл тус хашаанд өмчлөлийн маргаантай байшинг надад давхар худалдсанаас үүдээд би бусдад буюу иргэн П.Дд байшингийн үнэд 4,000,000 төгрөг төлөх болоод байна. Иймд уг мөнгийг Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 78,950 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. 

 

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэжээ.

 

Харин худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, мөн худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэйг Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгүүдэд заасан байна.

 

Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэжээ.

 

Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Б.И нь өөрийн худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, мөн хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах агуулга бүхий шаардлагыг гарган шүүхэд хандсан гэж үзэхээр байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.И нь эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй боловч гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээн авч, өөрийн эзэмшилд шилжүүлэх үед Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байхаас гадна хариуцагч нь доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдсан гэж үзнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Дс 4,078,950 төгрөг гаргуулах  тухай Б.Ин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ