| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/209 |
| Огноо | 2024-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0190/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
улсын яллагч Г.Уянга,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2418000000216 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2024 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дөчин******* овогт**************, (РД:******* ), 1971 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* ” ТӨХК-д авто кранист ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ДАН улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ДАР улсын дугаартай Starex маркийн тээврийн хэрэгслээр зөөлөн холбоогоор чирүүлж замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.4-д заасан “зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс 6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200 мм х 200 мм-ээс багагүй хэмжээний улаан дарцгийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино”. 9.3е-д заасан “механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа үед /чирч ба чирүүлж яваа/ ослын дохионы гэрлийг хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолоодож явсан ДАР улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсанын эрүүл мэндэд баруун 2,3,9-р хавирганы хугарал, тархи доргилт, 2 шилбэ, баруун шуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ДАН улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ДАР улсын дугаартай, Starex маркийн тээврийн хэрэгслээр зөөлөн холбоогоор чирүүлж замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас жолоодож явсан ДАР улсын дугаартай Киа Оптима маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсанын эрүүл мэндэд баруун 2,3,9-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн, баруун шилбэ, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-16 дахь тал),
Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 17 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...саарал өнгийн старекс маркийн тээврийн хэрэгсэл нь саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийг чирч хөдөлгөөнд оролцох ба чирэгдэж явсан саарал өнгийн Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь урсгал сөрж эсрэг урсгалд хойноос урагш чиглэлтэй явж байсан хар өнгийн Киа Оптима маркийн тээврийн хэрэгслийг мөргөж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв. (хавтаст хэргийн 25 дахь),
Хохирогчын өгсөн: “...Би 10 цагийн орчимд ажлын газраасаа
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар очих гээд албаны ДАР улсын
дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байх үед Гандангийн урд зам дээр миний
зорчиж явсан машин өөр машинтай мөргөлдсөн. Би жолоочоос юу болсон тухай
асуухад та тайван байгаарай сандарч болохгүй гээд машинаасаа бууж хүмүүстэй
уулзаад байх шиг байсан. Тэгээд би хэсэг машиндаа сандраад сууж байгаад бие
эвгүй байхаар нь жолоочдоо хандаж түргэн дуудаад өгөөрэй гэсэн. Тэгээд 20 орчим минутын дараа ирэхгүй болохоор нь хүн дуудаад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Би тээврийн хэрэгслийн баруун хойд талын суудал дээр зорчиж явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
Иргэний нэхэмжлэгч өгсөн: “...Gold гээд буудлын харалдаа
зам дээр явж байхад миний эсрэг талын урсгалаас Приус-30 маркийн тээврийн
хэрэгсэл миний явж байсан урсгалд орж ирээд миний машины урд тал руу
мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад нөгөө машины жолооч мөн адил бууж
ирэхээр нь цагдаа дуудаарай гэж хэлчхээд буцаад машиндаа суугаад ард сууж
явсан даргаас таны бие яаж байна гэхэд миний гар эвгүй болчихлоо гээд өөрөө 103 руу залгаж дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа түргэн ирэхгүй болохоор нь
өөрөө нэг машинд суугаад эмнэлэг явлаа гээд явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
Гэрч өгсөн: “...******* гарааш дээр таараад дахиад машин чирээд өгөөч гэхээр нь би хуучин Дархан руу ажлаар явах гэж байна тэгээд машиныг чинь чирээд өгье гээд түүний машин болох ДАН улсын дугаартай Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг чирсэн ба******* өөрийн машинаас чирэгч гаргаж ирсэн. Тухайн чирэгч нь зөөлөн 2 талынхаа үзүүр дээр даавуун гогцоотой чирэгч байсан. Тэгээд машиныг чирээд хуучин Дарханд байдаг гарааш руу аваачна гэхээр хээтэй хорооллын арын замаар яваад тойргоор өнгөрөөд Монгол алтны уулзвараар шүүх тал руугаа эргээд анхан шатны шүүх өнгөрөөд 18-ын буудал тал руугаа явж байхад миний ард аймаар чимээ гарахаар нь би зогссон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 187 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ *******
биед баруун 2,3,9-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн, баруун шилбэ, баруун
шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн
үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар
эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт
хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт
нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “ ******* биед баруун 2,3,9-р хавирганы хугарал, тархи доргилт, 2 шилбэ, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цохигдох үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн эмч П.Одмаагийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 187 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” (хавтаст хэргийн 66-69 дэх тал),
“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 4,337,000 төгрөг.” (хавтаст хэргийн 73 дахь тал),
Шинжээч С.Саруулболдын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаартай дүгнэлт “ ******* нь ДАР улсын дугаартай, Х.Старейкс маркийн
тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрэм зөрчсөн байна.а нь ДАР улсын дугаартай, Киа Оптима
маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын
хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. ******* нь ДАН улсын дугаартай Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын
хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. ДАН улсын дугаартай Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй. ДАР улсын дугаартай, Киа Оптима маркийн тээврийн хэрэгслийн осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй. Жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3е-д заасан механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа үед /чирч ба чирүүлж яваа/, ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.4-д заасан зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс 6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200 мм х 200 мм-ээс багагүй хэмжээний улаан дарцгийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино. 9.3ед заасан механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа үед /чирч ба чирүүлж яваа/ гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна.” (хавтаст хэргийн 80 дахь тал),
Шинжээч Ш.Бямбажавын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт “...Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны
эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь MNS-
4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой.
Тээврийн хэрэгслийн зогсолтын тормоз нь тээврийн хэрэгслийн хурдаас шууд
хамааралтай юм. Т.Приус маркийн цайвар цэнхэр өнгийн ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоор өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тормозны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцож байсан байна. Тээврийн хэрэгслийн тормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног
төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн
тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тормозны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл
байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй.
Зөвхөн жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн
бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй.” (хавтаст хэргийн 86 дахь тал),
Шүүгдэгч *******ы хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...******* гэх хүнтэй машин дээрээ ирээд миний тээврийн хэрэгслийг Цэвэгжавын ДАР Х.Старейкс маркийн тээврийн хэрэгслээр зөөлөн холбоогоор чирээд 18-н буудал дээр байрлах гарааш руу явсан юм. Ингээд би өөрийн тээврийн хэрэгсэлд суугаад явж байхад Дархан сумын 4-р багт байрлах Gold зочид буудлын урд зам дээр миний тээврийн хэрэгсэл нь замаас гулгаж гараад эсрэг урсгал руу ороод ДАР улсын дугаартай хар өнгийн жижиг тээврийн хэрэгслийг мөргөсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),
Тоёота Приус-30 маркийн ДАН улсын дугаартай тээврийн
хэрэгслийн дугаартай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 118 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч ******* нь ******* ДАН улсын дугаартай Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож чирэгдэж явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.4-д заасан зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс 6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200 мм х 200 мм-ээс багагүй хэмжээний улаан дарцгийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино. 9.3ед заасан механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа үед /чирч ба чирүүлж яваа/ гэсэн заалтуудыг зөрчсөнөөс эсрэг урсгалд орж мөргөн осол гаргасан байна.
Ийнхүү ******* жолоодож явсан ДАР улсын дугаартай Киа Оптима маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тухайн тээврийн хэрэгсэл дотор сууж явсан иргэнын биед шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл авсан нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрт хохирогчын эмчилгээний зардалд 3,700,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн эд хөрөнгийн хохиролд 6,270,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 1,221,700 төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулсан байна.
Харин хохирогчын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зардал 8,580,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ы хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, сэтгэцэд учирсан хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2418000000216 дугаартай хэрэгт эрх бүхий албан тушаалтнаас 2010 онд үйлдвэрлэгдсэн ДАН улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 02 сарын 02-ны өдрийн битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ******* дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч************** овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 300,000 (гурван зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* нь хохирогчын эмчилгээний зардалд 3,700,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн 6,270,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 1,221,700 төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулсан ба хохирогчын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 8,580,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай:
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч *******аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******ы 270258 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, эрх бүхий албан тушаалтнаас 2010 онд үйлдвэрлэгдсэн 05 44 ДАН улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2024 оны 02 сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН