Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2021/01166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2021/01166 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Х-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З.С-д холбогдох,

 

Тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Х, хариуцагч З.С, түүний өмгөөлөгч З.А, нарийн бичгийн даргад Б.Батмандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх З.С надаас 2019.07.31-нд 120,000,000 төгрөг зээлсэн, тэр мөнгийг би хүнээс зээлсэн байсан. Зээлийн графикийн дагуу төлөхгүй байсаар үлдэгдэл нь 180,000,000 төгрөг болсон байсан. Барьцаалсан байрыг нь суутгая гэхэд лизингтэй байсан тул 180 хоногийн хугацаанд байраа зарахаар болсон. Зээлийн гэрээний 3.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар зарахаар тохирсон байсан. Анх надаас зээлсэн мөнгөө 1 жил 2 сарын хугацаанд хэрэглэсэн, надад 42,000,000 төгрөгийг хүү төлөх ёстой байсан. 2020 оны 9 сард байраа зараад 152,000,000 төгрөгийг өгсөн, бид хоорондоо тооцоо нийлээд 160,000,000 төгрөг өгөхөөр тохирсон байсан, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг төлж чадахгүй бол машинаа надад өгөхөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч өнөөг хүртэл хариуцагч З.С тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй, одоо өөр хүнд шилжсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг гаргуулмаар байна гэв.

 

Хариуцагч З.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээл авсан нь үнэн, сарын 2,2 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаагаар 120,000,000 төгрөгийг зээлсэн. Төлж чадахгүй явсаар зээлийн үлдэгдэл 156,000,000 төгрөг болсон. 2020 оны 9 сард байраа зараад үндсэн зээл, зээлийн хүүд 152,000,000 төгрөгийг өгсөн. Өмнө нь бид тооцоо нийлээд 160,000,000 төгрөгийг өгөхөөр тохирсон байсан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Э.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Э.Х нь 2020.11.05-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үүрэгт ...... улсын дугаартай Лексус GS450НО суудлын авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг З.С-д холбогдуулан анх гаргасан байна.

 

Хариуцагч З.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа ... нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Э.Х нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 8,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч тал зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019.07.31-ний өдөр зээлийн гэрээ анх байгуулсан, гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаагаар З.С зээлж авсан, өөрийн өмчлөлийн ..... дүүргийн ..... дугаар хороо, ...... хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, 408.13 м/кв талбайтай ....... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг ...... дугаартай 250 м/кв газрын хамт зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон байна.

 

Зээлийн гэрээний 1.3, 2.1-д зээлийн нийт дүнг 150,000,000 төгрөг гэж тусгасан боловч талуудын тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, З.С-ын Х банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаас үзэхэд 50,000,000 төгрөгөөр 2 удаа, 20,000,000 төгрөгөөр 1 удаа нийтдээ 120,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон болно.

 

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

З.С-ын авсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч 2019.09.01-нд 2,728,000 төгрөг, 2019.10.01-нд 2,640,000 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд 2019.11.01-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн удаа дараагийн бичсэн хүсэлтээр тогтоогдсон байна.

 

Талуудын тайлбараас үзэхэд 120,000,000 төгрөгийг хариуцагч З.С нь 14 сарын /1 жил 2 сар/ хугацаанд хэрэглэсэн байх бөгөөд 120,000,000 төгрөг, сарын хүү 2,640,000 төгрөг, 14 сараар тооцоход 36,960,000 төгрөг нийтдээ 156,960,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан, гэвч тэдний хоорондын тохиролцоо, хариуцагч З.С-ын удаа дараагийн хүсэлт, баталгаанаас үзэхэд алданги тооцохыг зөвшөөрсөн гэх үндэслэлээр 160,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

 

Зээлийн гэрээний 3.2.2-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг үл маргах журмаар худалдан борлуулж зээл, зээлийн хүү, анзыг тооцон авах эрхийг зээлдүүлэгчид олгожээ.

 

Түүнчлэн 2020.03.14-ний өдрөөс эхлэн үл хөдлөх хөрөнгө зарагдах хүртэл алданги тооцохыг түр зогсоохоор тохиролцож, 2020 оны 9 сард үл хөдлөх хөрөнгөө зарж үндсэн зээл, зээлийн хүүнд 152,000 төгрөгийг төлж, үлдэх 8,000,000 төгрөгийг 2020.12.05-ны өдрийн дотор төлөхөөр тохирч, төлөөгүй тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний дагуу З.С-ын нэр дээрх .... дугаартай Тоёота Лексус маркийн машиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон тухай 2020.11.05-ны өдрийн баталгаа хэрэгт авагджээ.

 

Ийнхүү тухайн өдөр буюу 2020.11.05-ны өдөр талууд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2008 онд үйлдвэрлэгдсэн ...... арлын дугаартай мөнгөлөг өнгөтэй... улсын дугаартай Лексус GS450НО суудлын авто машиныг 8,000,000 төгрөгөөр худалдахаар, гэрээний 3.4-т зааснаар тээврийн хэрэгслийг 2020.12.05-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон байна.

 

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар З.С нь дээрх автомашиныг бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон байх бөгөөд анх байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Х-ын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232,6 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Сос зээлийн гэрээний үлдэгдэл 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Х-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ