Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 125/ШШ/2022/0020

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би “Ү ” ХХК-нийн захирал Ж.М-ны Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” 95.8 га талбайг хамарсан түгээмэл тархацтай “дайрга”-ны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ү” ХХК-нийн захирал Ж.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “нэхэмжлэлээ өөрчлөх” эрхийнхээ дагуу нэхэмжлэгч “Ү ” ХХК-ны захирал Ж.М  миний бие тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр өөрчилж байна.

Манай компани 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” 95.8 га талбайг хамарсан түгээмэл тархацтай “дайрга”-ны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэл гаргасан.

Үүний дагуу тус шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/2038 дугаар албан бичгээр “Танай компаниас ирүүлсэн хүсэлтийг судлан үзэхэд өмнө нь ажиллаж байсан Засаг даргын зүгээс тодорхой хариу өгөхгүй уг асуудлыг удаашруулсан... тул холбогдох материалаа манайд ирүүлнэ үү” гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл “манай компани түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэе” гэх утга бүхий хариу өгсөн байдаг.

Үүнтэй холбоотой манай компани холбогдох бүхий л баримтуудыг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавд хүргүүлсэн боловч одоо болтол шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчиж байна.

Тодруулбал: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”,

16.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл түгээмэл тархацтай ашигт малтмалтын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг дээрх хуульд зааснаар “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах”, эсхүл “сунгахаас татгалзсан” аль нэг шийдвэр гаргаж бидэнд мэдэгдэх үүрэгтэй байна.

Гэтэл Ховд аймгийн Засаг дарга нь хуульд заасан энэхүү үүргээ биелүүлэхгүй манай компаны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа “Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” 95.8 га талбайг хамарсан түгээмэл тархацтай “дайрга”-ны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж өөрчилж байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасан.

Бид Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” 95.8 га талбайг хамарсан түгээмэл тархацтай “дайрга”-ны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэл гаргаж, шүүхээс тус нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул “Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” 95.8 га талбайг хамарсан түгээмэл тархацтай “дайрга”-ны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ү” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлт шийдвэрлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг холбогдох албан тушаалтнуудын хариуцлагаас үүдэн шийдвэрлэхгүй, хариу өгөөгүй байдаг талаар тус компанид болон холбогдох байгууллагад мэдэгдэж байсан.

“Ү ” ХХК-иас ирүүлсэн хугацаа сунгуулах хүсэлтийн дагуу тус талбай байрлах сумаас саналыг нь авсан тул нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ү ” ХХК-нийн захирал Ж.М нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” нэртэй 95.8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай дайрганы ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” 95.8 га талбайг хамарсан түгээмэл тархацтай “дайрга”-ны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Ү  ХХК-ны хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх тухайгаа бичгээр илэрхийлжээ.

Хариуцагч болох Ховд аймгийн Засаг дарга нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/2049 дугаартай албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-т шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх…” эрх олгожээ.

Хариуцагч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар “Ү ” ХХК-нийн захирал Ж.М-ны Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” 95.8 га талбайг хамарсан түгээмэл тархацтай “дайрга”-ны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ү ” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР