Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч Ц.Батбаяр, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД-2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ши бичээч овогт Цабатширын Батбаярт холбогдох эрүүгийн 201726020015 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймаг Бор-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын эдийн засагч мэргэжилтэй, Их дэлгэрэх хэт ХХК-нд бригадын ахлагч ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, Тайнь 1 дүгээр гудамж, 20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, СЩ87042818 регистрийн дугаартай, Ши бичээч овогт Цабатширын Батбаяр. 

 

Шүүгдэгч Ц.Батбаяр нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж караокед нэг талаас хамт явсан эмэгтэйг өдөж хоргоолоо гэж, нөгөө талаас найзуудыгаа өмөөрснөөс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас тодорхой сэдэлттэй асуудлаас болж маргалдан иргэн Б.Түмэн-Эрдэний зүүн гарын эрхий хурууг хазаж, бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батбаяр мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Түмэн-Эрдэнэтэй найз нарыгаа өмөөрөөд хоорондоо барьцалдаж авсан. Тухайн үед би 3 шил пиво уусан байсан. Түмэн-Эрдэнэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Батбаярын өгсөн:

            “... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Дурсамж караокед найз Ханбүргэд, Сарнай, Мөнхчимэг нарын хамтаар ороод, пиво ууцгааж дуулсан. Тэгтэл Сарнай 00-ын өрөө лүү бөөлжлөө гээд явахаар нь би араас нь дагаж ороод, бөөлжүүлээд 00-ын суултуурыг цэвэрлэж байтал гаднаас 2 залуу орж ирээд, Сарнайг өдөөд, явъя гээд байхаар нь би суултуураа цэвэрлэж дуусгаад, би найз залуу нь байна яагаад эмэгтэй хүн өдөөд байгаа юм бэ гээд хоорондоо маргалдахад нэг залуу уучлаарай гэж хэлээд салах гэж байхад нөгөө залуу чи юу юм бэ гээд над руу дайраад, барилцаж авсан. Тэгтэл тухайн залуугийн ажлын газрынх нь залуучууд хүрч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд бид хэд учраа олж салчаад 00-ын өрөөнөөс гараад, Уянга, Түмэн-Эрдэнэ хоёртой өмнө маргасан залуугаас болоод дахьж маргаад, улмаар би Түмэн-Эрдэнэтэй барилцаж аваад, нэгнийгээ заамдаж авсан. Тэгэхдээ би Түмэн-Эрдэний зүүн гарын эрхий хурууг нь хазчихсан ... Түмэн-Эрдэний хурууг хазахыг Уянга харсан байж магадгүй өөр хүн бол хараагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Түмэн-Эрдэний өгсөн:

“... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай компаний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн болж, манай багийнхан хүрэл медаль авсан бөгөөд медалиа угаана гээд гадуур явцгаасан. Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Дурсамж баар луу орохоор болсон. Би хамт ажилладаг Уянгын хамтаар Дурсамж баар луу орчихоод, буцаж гараад, караокед орох гээд шатаар уруудаад явж байтал өөдөөс үл таних залуу “энэ мөн байна” гээд бариад авахаар нь би тэр залууг зөрүүлээд заамдаж авсан. Тэгтэл шууд миний зүүн гарын эрхий хурууг 1 удаа маш хүчтэй хазсан. Миний эрхий хурууны хумс унасан. ... бааранд Уянга бид хоёр орчихоод би Уянгад ажлынхаа хүмүүсийг дуудчих гэж хэлээд явуулчихаад би араас нь караокед ороход манай ажлын Уянга, Батзориг 2 миний хурууг хазсан залуутай маргалдаад байж байхаар нь би ажлынхаа хүмүүсийг өмөөрч уг залуутай маргалдаад, улмаар хоорондоо барьцалдаж авахад миний хурууг хазсан ... Бид 2 барьцалдаж аваад нэг нэгийгээ цохиогүй ... Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, ямартай ч маргалдсан байсан. Би ажлынхаа хүнийг өмөөрөөд миний хурууг хазсан залуутай маргалдсан ... Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний хуруу эдгэрсэн ...” гэх /хавтаст хэргийн 10-14-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Уянгын өгсөн:

“... Яагаад хазсан гэдгийг мэдэхгүй бөгөөд дараагаар нь хэд хоногийн дараа манай ажлынхан ярихдаа Түмэн-Эрдэний хурууг хазсан залуу нэг эмэгтэйтэй явж байсан бөгөөд манай ажлын нэг залуу Доржрагчаагийн эхнэртэй нь андуураад явъя гээд татахад Түмэн-Эрдэний хурууг хазсан залуу буруугаар ойлгоод, манай ажлын залуу руу дайрч байгаад, салаад байж байхад нь Түмэн-Эрдэнэ бид 2 гаднаас орж ирж таарсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би нээх тоолгүй байж байтал Түмэн-Эрдэнэ хуруугаа хазуулчихсан. ... Түмэн-эрдэнэ тухайн залуутай барьцалдаад нэгнийгээ заамдаад зогсож байсан тэгтэл Түмэн-эрдэний хурууг тухайн залуу хазчихсан ...” гэх /хавтаст хэргийн 17, 20-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Сайнсанаагийн өгсөн:

“... Манай ажилчид караокеноос цуварч гарцгаасан. Би Төрбаярын хамтаар 00-ын өрөөнд ороод, бие засахдаа ажлынхаа эмэгтэйтэй нэг эмэгтэйг андуураад, гарнаас нь татаад дээшээ гаръя гэж хэлэхэд нөгөө эмэгтэй гараа татаад, яагаад байгаа юм бэ гэхээр нь би уучлаарай гэж хэлэхийн завдалгүй л нэг залуу гарч ирээд чи яагаад манай найз охиныг оролдоод байгаа юм бэ гээд шууд намайг барьж аваад заамдсан. Тэгэхээр нь би уучлаарай гээд уучлалт гуйхад Төрбаяр надаас тухайн залууг салгасан тэгээд Төрбаяр бид 2 гарахад гадаа Бутлхагва байсан тул бид 3 харьцгаая гээд шууд явцгаасан. Тэгээд дахьж караокед ороогүй. Түмэн-Эрдэнийг хуруугаа хазуулж байхыг нь хараагүй ...” гэх /хавтаст хэргийн 18-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч И.Ганхуягийн өгсөн:

“...Тайшир 10-аас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Дурсамж караокед зодоон болоод байна гэх дуудлагын дагуу очиход Ц.Батбаяр нь Түмэн-Эрдэний эрхий хурууг нь хазчихсан байдалтай байсан тул гараа хазуулсан болон хазсан хоёрыг аваад цагдаагийн дэд хэсгийн байранд авчирч улмаар Ц.Батбаярыг нь саатуулсан... Батбаяр, Түмэн-Эрдэнэ хоёр хоорондоо барилцаж авсан гэсэн бөгөөд Батбаяр нь Түмэн-Эрдэнийхээ эрхий хурууг хазсан гэж Батбаяр өөрөө хэлсэн ...” гэх /хавтаст хэргийн 22-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Ханбүргэдийн өгсөн:

“... хүмүүс маргалдаад орилолдоод байхаар нь би караокений өрөөнөөс гартал Батбаяр хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Нэг залуу Батбаярт эрхий хуруугаа хазуулчихлаа гээд байж байсан. ... Батбаяр дээр очиход би хурууг  нь хазчихлаа гээд зогсож байсан ...” гэх /хавтаст хэргийн 23-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Хэнчбишийн өгсөн:

“...Дуудлагын дагуу очиход ... Ц.Батбаяр нь би энэ хүнийг дийлэхгүй байсан тул гарыг нь хазчихсан гэж хэлж байсан. Батбаярын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй ...” гэх /хавтаст хэргийн 25-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 180 дугаартай:

            1. Б.Түмэн-Эрдэнийн биед зүүн сарвууны 1-р хурууны үзүүрийн шивнүүрийн ташуу сэлсэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 27-р хуудас/,

 

  - Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 9-р хуудас/ зэрэг баримууд болон

 

шүүгдэгч Ц.Батбаярын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баярнямын өгсөн:

“... Ц.Батбаяр Орхон аймгийн 5 дугаар 10 жилийн сургуульд 1994 онд элсэн орж 2004 онд 10 жилээ төгссөн. Ц.Батбаяр нь сургуульд сурч байхдаа хичээл сурлагандаа сайн хүүхэд байсан. Ц.Батбаяр 2004 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ОУЭЗБДС-д эдийн засагч мэргэжлийн ангид сураад, 2008 онд сургуулиа төгсөөд, Их Дэлгэрэх Хэт ХХК-д ажиллах болсон ... Ц.Батбаяр одоогоор бол төрсөн ахындаа амьдарч байгаа бөгөөд эцэг, эх Орхон аймагт амьдардаг. Ц.Батбаяр хөдөөгүүр геологийн ажил хийдэг учраас дандаа л хөдөөгүүр явж байдаг. Их хөгжилтэй хүмүүстэй их эвтэй байдаг бөгөөд байнга л инээж байдаг юм. Ц.Батбаяртай хамт архи ууж байхад ширүүн авир гаргадаггүй дөлгөөн тайван, бас хөгжилтэй, яриасаг байдаг ... гэх” мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар  хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Батбуянгийн өгсөн:

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 45/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/,

- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-46/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-47/,

- Бакалаврын дипломын хуулбар /хх-н 48-49/

- Их Дэлгэрэх Хэт ХХК-н тодорхойлолт /хх-н 50/

- Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл /хх-н 51-54/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Ц.Батбаяр нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж караокед нэг талаас хамт явсан эмэгтэйг өдөж хоргоолоо гэж, нөгөө талаас найзуудыгаа өмөөрснөөс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан иргэн Б.Түмэн-Эрдэний зүүн гарын эрхий хурууг хазаж, бие махбодид нь зүүн сарвууны 1-р хурууны үзүүрийн шивнүүрийн ташуу сэлсэрсэн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

            мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ц.Батбаярын “...Түмэн-Эрдэнэтэй найз нарыгаа өмөөрөөд хоорондоо барьцалдаж авсан. Тэгэхдээ би Түмэн-Эрдэний зүүн гарын эрхий хурууг нь хазчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Түмэн-Эрдэний мэдүүлсэн “... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ... бааранд Уянга бид хоёр орчихоод би Уянгад ажлынхаа хүмүүсийг дуудчих гэж хэлээд явуулчихаад би араас нь караокед ороход манай ажлын Уянга, Батзориг 2 миний хурууг хазсан залуутай маргалдаад байж байхаар нь би ажлынхаа хүмүүсийг өмөөрч уг залуутай маргалдаад, улмаар хоорондоо барьцалдаж авахад миний хурууг хазсан ... Бид 2 барьцалдаж аваад нэг нэгийгээ цохиогүй ... Би ажлынхаа хүнийг өмөөрөөд миний хурууг хазсан залуутай маргалдсан ... Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний хуруу эдгэрсэн ....” гэх,

            гэрч А.Уянгын “... Түмэн-Эрдэний хурууг хазсан залуу буруугаар ойлгоод, манай ажлын залуу руу дайрч байгаад, салаад байж байхад нь Түмэн-Эрдэнэ бид 2 гаднаас орж ирж таарсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би нээх тоолгүй байж байтал Түмэн-Эрдэнэ хуруугаа хазуулчихсан. ... Түмэн-Эрдэнэ тухайн залуутай барьцалдаад нэгнийгээ заамдаад зогсож байсан. Тэгтэл Түмэн-эрдэний хурууг тухайн залуу хазчихсан...” гэх,

гэрч И.Ганхуягийн “...Батбаяр, Түмэн-Эрдэнэ хоёр хоорондоо барилцаж авсан гэсэн бөгөөд Батбаяр нь Түмэн-Эрдэнийхээ эрхий хурууг хазсан гэж Батбаяр өөрөө хэлсэн ... гэх”

гэрч М.Ханбүргэдийн “ ... хүмүүс маргалдаад орилолдоод байхаар нь би караокений өрөөнөөс гартал Батбаяр хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Нэг залуу Батбаярт эрхий хуруугаа хазуулчихлаа гээд байж байсан. ... Батбаяр дээр очиход би хурууг  нь хазчихлаа гээд зогсож байсан ...” гэх,

гэрч Б.Хэнчбишийн “...Дуудлагын дагуу очиход ... Ц.Батбаяр нь би энэ хүнийг дийлэхгүй байсан тул гарыг нь хазчихсан гэж хэлж байсан. Батбаярын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 180 дугаар дүгнэлт зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Ц.Батбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Түмэн-Эрдэнэ нь шүүгдэгч Ц.Батбаяраас 1,000,000 төгрөгийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Батбаярт ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх  болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.        

      

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

            ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ши бичээч овогт Цабатширын Батбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батбаярыг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батбаярт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, Ц.Батбаяр бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Батбаярт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Батбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Батбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ