Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1748

 

МАГАДЛАЛ

 

2018.07.25                                                  Дугаар 1748                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Х.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01442 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Ц-т холбогдох,

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2006 оноос хойш орчуулгын үйл ажиллагаа явуулдаг болсон бөгөөд тус орчуулгын төвөөр орчуулга хийлгэдэг байсан Я.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид орчуулга хийлгэх саналыг утсаар тавьж, материалыг и-мэйлээр явуулсан байдаг. Энэхүү саналыг Х.П хүлээн авч, 3 хоногийн дараа орчуулгын материалыг бэлэн болгохоор тохиролцож, хөлсийг 1 500 000 төгрөг байхаар ярилцсан байдаг. Ингээд тохирсон дагуу материалыг орчуулж дуусаад 88018888, 86010008 дугаарынх нь утсаар холбогдоход түүнээс 2-3 хоногийн дараа 2 залуу явуулж материалаа авахуулсан байсан. Ингэхдээ төлбөрөө төлөөгүй бөгөөд хөлс шаардахад сүүлдээ утсаа ч авахаа болиод алга болсон байдаг. Нэхэмжлэгч арга буюу цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан боловч ирээд хоорондын маргаан гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Я.Ц анх утсаар холбогдохдоо Д.Ж нэрээр ярьсан байдаг учир энэ нэрээр нь цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан байдаг. Гомдол шалгах явцад Я.Ц-ийн эхнэр Х.И нь хэрэг бүртгэгч Ш.Т-д одоо байгаа 700 000 төгрөгөө өгье гэж хэлж байсныг нь дараа гүйцээж өгөх асуудал яригдаад алга болсон байдаг. Гэтэл өнөөдөр Х.И нь нэхэмжлэгчийг танихгүй, мэдэхгүй гэж мэдүүлж байгаа нь шударга бус явдал бөгөөд ажил хийлгэсэн бол хөлсөө төлөх үүрэгтэй шүү дээ. Нэхэмжлэгчийн хувьд 130 гаран хуудас материалыг Монгол хэлнээс Англи хэл рүү орчуулсан байдаг ба орчуулгын материалыг зөөврийн дискэнд хуулаад өгөөд явуулсан. Замын-Үүдтэй холбоотой л төслийн материал байсан гэсэн. Орчуулсан материал олон хуудас учраас шүүхэд бөөнд нь гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ямар ч байсан орчуулга хийж өгсөн нь үнэн тул хариуцагчаас орчуулгын хөлс 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зохигчдын хооронд орчуулга хийлгэхтэй холбоотой харилцаа огт бий болоогүй. Нэхэмжлэгч нь орчуулгын ямар товчоог удирдан явуулдаг, өөрөө орчуулга хийх эрхтэй болохыг нотлосон баримт ч байхгүй, ядаж орчуулга хийсэн бол түүнийгээ шүүхэд гаргах боломжтой байхад ч гаргаагүй байна. Хариуцагч Я.Ц-ийн утасны дугаарыг хаанаас яаж олж авсан нь тодорхойгүй, яагаад ийм төлбөр нэхээд, хүнийг өрөнд оруулах гээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Ц-ээс орчуулгын хөлс 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн Х.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Я.Ц-ээс орчуулгын үйлчилгээг түүнээр гүйцэтгүүлэхээр санал гаргасаныг, хариуцагч орчуулгын хөлсөнд 1 500 000 төгрөг төлөхөөр тохирсоныг тус тус нотлох баримтыг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын архивт байгаа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай материалаас гаргуулж нотлох баримтаар үнэлүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хэрэв эдгээр баримтуудыг гаргуулж хэрэгт хавсаргасан бол хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг огт танихгүй, материал орчуулгаагүй гэсэн тайлбар нь үгүйсгэгдэх байсан. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын архивт байгаа материалд хариуцагч Я.Ц-ийн эхнэр гэрч Я.Ц-ийн мэдүүлэг, түүний эзэмшилд байсан 86010008 дугаарын утаснаас нэхэмжлэгч Х.П-ийн тухайн үед эзэмшиж байсан 98006301, 99006301 дугаарын утасруу харилцаж байсан утасны жагсаалт байсан. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчсөн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.П нь хариуцагч Я.Ц-т холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Я.Ц-ийн утсаар тавьсан хүсэлтийн дагуу Замын-Үүд суманд хэрэгжүүлэх төсөлтэй холбоотой 130 хуудас Монгол хэл дээрх материалыг и-мэйл хаягаар авч, 3 хоногийн хугацаанд Англи хэл рүү орчуулж, хариуцагчийн хүсэлтийн дагуу орчуулсан материалыг 2 хүнд өгч явуулсан, ажлын хөлс 1 500 000 төгрөг гаргуулна” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгчийг огт танихгүй, орчуулга хийлгээгүй тул хөлс төлөх үүрэггүй” гэж тус тус тайлбарласан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.П нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, орчуулгын хөлсийг 1 500 000 төгрөг байхаар талууд тохиролцсон талаараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул шүүх талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний хувьд оновчтой болоогүйг давж заалдах шатны шүүхээс  зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орчуулга хийсэн ажлын хөлс буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу шаардлагаа гаргасан байхад шүүхээс иргэний эрх зүйн харилцаа, үүрэг үүсэх үндэслэлийг тодорхойлсон Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсгийн ерөнхий заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тодорхой зааж буй хариуцагчид орчуулга хийж өгсөн гэх нөхцөл байдал нотлогдоогүй тул хөлсөөр ажилласан гэх үндэслэлгүй буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлс төлөхийг хариуцагчаас шаардах эрх үүсээгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байгаа талаар өөрчлөлт оруулав.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дүүргийн Нэгдүгээр Прокурорын газрын архиваас Я.Ц-ийн эхнэр Я.Ц-ийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг шүүх хэрэгт ач холбогдол бүхий болох нь тогтоогдохгүй гэж дүгнэн хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заасан журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Учир нь хэргийн 5 дугаар талд Дүүргийн Нэгдүгээр Прокурорын газрын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16616 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоолд Х.П-ийн гаргасан Г.О , Д.Ж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан гарын үсэг зуруулсан байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв сонгон хэрэглээгүй тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01442 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Я.Ц-ээс орчуулгын хөлс 1 500 000 төгрөг гаргуулах тухай Х.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Х.П-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ