Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 30

 

У-, Уу-,

Б-, Д-,

Да-, Ба-нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0030/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Н.Амаржаргал, М.Мэндбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс нарыг оролцуулан  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал, М.Мэндбаяр нарын эсэргүүцлээр У-, Уу-, Б-, Д-,Да-, Ба-нарт холбогдох эрүүгийн 2040000170010 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Уу-,Да-, Д-, Ба-нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 10-17-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Хөх хад” гэх газраас М.Мөнх-Оргилын 9 тооны адууг буюу олон тооны малыг мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 8400000 төгрөгийн хохирол учруулсан,

У-, Уу-, Б- нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр багийн нутагт Ш.Мөнгөнтөгсийн бэлчээрт байсан 20 тооны адууг буюу олон тооны малыг мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 15400000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг Жаргалант багийн төвөөс Б.Ганболдын хээр азаргатай 19 тооны адууг буюу олон тооны малыг мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 20600000 төгрөгийн хохирол учруулсан,

У-, Б- нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Баруун булаг” гэх газраас Л.Цогбадрахын 8 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 9350000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Бухын толгой” гэх газраас С-ын халиун азаргатай 9 тооны адууг буюу олон тооны малыг мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 7450000 төгрөгийг хохирол учруулсан,

- 2018 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Улаан дэл” гэх газраас М-ийн бэлчээрт байсан 10 тооны адууг мотоцикл ашиглан хулгайлж, бага хэмжээний буюу 6650000 төгрөгийн хохирол учруулсан,

У-, Б- нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сард Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Улаан дэл” гэх газраас М-ийн бэлчээрт байсан 9 тооны адууг буюу олон тооны малыг мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 6300000 төгрөгийн хохирол учруулсан,

У-, Уу- нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багийн нутаг “Цамба цагаан” гэх газраас Лх-ийн 4 тооны үхрийг мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 2700000 төгрөгийн хохирол учруулсан,

У- нь 2018 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын хохирогч Ж-н шуурганд алдсан 3 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, бага хэмжээний буюу 1500000 төгрөгийг хохирол учруулж, алдуул мал завшсан,

- 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Сайр” гэх газраас М-ийн үхрийг мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 2350000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 6 дугаар сарын 02-04-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Сайр” гэх газраас А-ийн бэлчээрт байсан 5 тооны үхрийг мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 3800000 төгрөгийн хохирол учруулсан,

Д- нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Дэлгэрцогт” гэх газраас М-ийн бэлчээрт байсан 6 адууг мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 4200000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Дэлгэрцогт” гэх газраас Э-ы 2 тооны адууг хулгайлж, бусдад 1000000 төгрөгийн хохирол учруулсан,

Ба-нь 2019 оны 7 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын эхээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг “Дунд баян” гэх газраас Ам-гийн 4 тооны адууг хулгайлж, бусдад 3900000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 7 дугаар сард Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг “Дунд баян” гэх газраас М-ийн 5 тооны адууг хулгайлж, бусдад 4650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д зааснаар У-, Б-, Уу-, Д-,Да-, Ба-нарт холбогдох эрүүгийн 2040000170010 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал, М.Мэндбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх “У-, Б-, Уу-, Д-, Да-, Ба-нарт холбогдох эрүүгийн 2040000170010 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.6-д заасан ажиллагаанууд дутуу хийгдсэн, өөрөөр хэлбэл гэмт хэргийг хэн, хэрхэн, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх, гэмт хэргийн улмаас яллагдагч нар хохирогч нарт хэдэн төгрөгийн хохирол учруулсан /тус бүрээр нь тогтоох/, учирсан хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нь тодорхойгүй, эргэлзээтэй бүрэн бодитой тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй байна.

У-, Б-, Уу-, Д-, Да-, Ба-нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн 15 үйлдэл бүхэлдээ эсхүл зарим яллагдагчийн үйлдэл холбогдол нь нотлогдож тогтоогдоогүй байгаа эсэх, ямар мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэх талаар огт дурдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.6-д заасныг тогтоогоогүй гэсэн хэт ерөнхий үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу болон дээрх хуульд заасан нотолбол зохих байдлуудыг яллагдагч тус бүрээр тогтоож, яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулж, хохирогч, яллагдагч нарыг хуулийн дагуу нүүрэлдүүлэн байцаах, яллагдагч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг тогтоох зэрэг ажиллагаануудыг гүйцэтгэх шаардлагатай гэж буцаасан байх ба шүүх өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх болсон үндэслэлээ тайлбарлаагүй, яллагдагч нарын хэнийг нь аль хохирогчтой нүүрэлдүүлэн байцаах, аль яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах талаар огт дурдаагүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээтэй, ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Мөн “...яллах дүгнэлтийн 10, 20 дугаар талд авагдсан яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “яллагдагч У- нь яллагдагч Б-тэй бүлэглэн ...хохирогч Цогбадрахын 8 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 9350000 төгрөгийн хохирол учруулсан” гэж бичсэн атлаа яллах дүгнэлтийн хавсралтын 26 дугаар талд “яллагдагч У-, Б- нар нь бүлэглэн Цогбадрахын 22 тооны адууг хулгайлж, бусдад 19300000 төгрөгийн хохирол учруулсан...” гэж зөрүүтэй бичигдсэн нь ойлгомжгүй байна гэжээ. У-, Б- нар нь бүлэглэн хохирогч Цогбадрахын нийт 22 тооны адууг хулгайлж хашсанаас 8 тооны адууг ялган авсан бөгөөд яллах дүгнэлтэд нийт хулгайлсан 22 тооны адууны үнэлгээ 19300000, 8 тооны адууны үнэлгээ 9350000 төгрөгийг тус тусад нь ялгаж зааглах зорилгоор хоёр янзаар бичсэн ба хохирлын асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч нарыг оролцуулан хэлэлцэж, шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой байсан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой байхад мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн гэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ба- өмгөөлөгч Т.Ариунболд давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уу-, Д-, Да- нар нь бүлэглэн М-н 9 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт Ба-ыг бүлэглэн гүйцэтгэсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Д-, Да- нар нь Б-г 9 тооны адуу хулгайлаад ир гэж гэмт хэрэгт хатгагчаар оролцсон мэтээр мэдүүлэг өгсөн боловч Уу- нь Ба-ыг энэ хэрэгт хатгагчаар оролцсон гэж мэдүүлдэггүй. Д-, Уу-, Да- нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй бөгөөд Ба-ыг уг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Гэрч Ц-гийн өгсөн мэдүүлэг нь эргэлзээтэй буюу Ба-ын өгсөн 4 хонь, 2 адууны мөнгийг дээрх хүмүүст өгсөн мөнгөтэй хутгаж Ба-ын өгсөн малыг өрөндөө авч, үлдэгдэл төлбөрийг өгсөн гэж мэдүүлсэн ойлгомжгүй байна. Д-, Уу-, Да- нар нь дахин мэдүүлэг үнэн зөвөөр мэдүүлэг өгөх талаар Ба-т хэлсэн тул эдгээр яллагдагч нараас дахин мэдүүлэг авч Ба-ын гэм буруугүй үйлдлийг тогтоох шаардлагатай байна.

Хавтаст хэргийн 2 дугаар хавтсанд авагдсан ченж Ц-н ХААН банкны дансны дипозит хуулгад 2018 оны 11-12 дугаар сард Ц Д-д 2000000 хүртэлх төгрөгийг зээлж байсан ба Ба-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Ц- ченж танай Галшар сум явж хүнээс өрөндөө мал авна гэхээр би ч гэсэн мал өгье хамт явъя...” гэсэн мэдүүлгээр тогтоогддог, мөн Ба-т Мөнх-Эрдэнэ “Ц- ченжээс 2000000 төгрөг зээлж өгөөч мөнгөний хэрэг гарлаа” гэхээр 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлж өгсөн нь Ц-гийн ХААН банкны дипозит хуулганд Ц- Ба-т шилжүүлснээр харагддаг. Харин Ц-д М 2000000 төгрөгөө бэлнээр төлсөн бөгөөд Ц- нь Ба-2000000 төгрөгийн өрөндөө мал өгнө гэж хэлсэн гэж андуу ташаа мэдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд Ц-, М хоёр бэлэн мөнгө өрөндөө өгч авалцсан баримтыг шүүхэд хавсралтаар хүргүүлсэн. Харин Ба-нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр борлуулсан 4 хонь, 2 адууны мөнгө 1750000 төгрөгөөс 500000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 05-нд хөдөө явахаас өмнө зээлсэн 500000 төгрөгийн өрөнд суутгаж, 1250000 төгрөгийг Ц-гоос эргэж ирээд авсан байдаг. Ц-гийн хувьд 2018 оны 11-12 дугаар сард Улаанбаатар хотод Ба-ыг ажилтай явж байхад 2000000 гаруй төгрөгөд эд зүйл захиж дансанд нь 2000000 гаруй төгрөгийг шилжүүлсэн ба уг 2000000 гаруй төгрөгийг Ба-Ц-гоос зээлээд буцааж Ц-д 2019 оны 12 дугаар сард багтааж төлсөн ба 2019 оны 01 дүгээр сарын 05-нд 500000 төгрөг зээлэх хүртэл өргүй байсан.. Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаанд эдгээр мөнгө зээлсэн хөдөлгөөнийг Ц-гийн ХААН банкны данснаас хэрхэн хэнд зээлсэн болон зээлийг хэрхэн төлж байсныг тодруулах ажиллагаа явуулаагүй. Иймд дээрх үндэслэлээр Ба-ыг М-н9 тооны адууг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж буйг дахин шалгах шаардлагатай байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүдэгч У-гийн өмгөөлөгч Л.Ганганбарс давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.6 дахь заалтууд хангагдаагүй. Гэмт хэргийг хэн, хэрхэн, хэнтэй хамтарч үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд байсан эсэх, бүлэглэж хулгайлсан гэх зүйл ангиар татагдсан холбогдогч нарыг тухайн хэрэгт хамтарч оролцсон эсэхийг тогтоогоогүй байна. Яллах дүгнэлтэд 5 дугаар сарын эхээр 6 дугаар сарын сүүлээр А-ийг үхрээ алдсан гэж бичсэн бол хохирогч А- “6 дугаар сарын 01-04-ний хооронд үхрээ алдсан, тухайн үед шуургатай байсан” гэж мэдүүлэг. А- нь үхрээ шуурганд алдсан гэж бодоод өөрийн нутаг дэвсгэрээр хайгаад Дорноговь аймгийн нилээд хэдэн сумдаар явсан байдаг. Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэдэг нь харагдаж байна. У-гийн энэ үйлдэл нь санаатай хулгайн үйлдэл үү, эсхүл алдуул мал завшсан үйлдэл үү гэдгийг тогтоогоогүй, мөн У- хаанаас үхэр хулгайлсан гэдэг нь тогтоогдоогүй байна. Хохирогч М-ийн мэдүүлэгт үхрүүдийн зүс тодорхойгүй, А-ийн мэдүүлгийн он сар засвартай гэх мэтчилэн тодорхойгүй зүйл их байна. У- нь М-, А- нарын 15 тооны үхрийг хулгайлж 4, 5 тооны үхрийг тус тус ачуулсан, үлдсэн 1 тооны үхрийг Ч- “миний үхэр гэж хэлээд авсан” гэдэг. У- нь им, тамга нь таарч байсан учир эдгээр үхрүүдийг Чойжилсүрэнгийн үхэр гэж бодоод шалгуулахаар хүсэлт гаргасан боловч огт шийдвэрлээгүй. Миний бие дээрх асуудлыг шийдвэрлүүлэх талаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлах хүсэлт гаргасны дараа Амаржаргал гэх прокурорыг нэмэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан. Амаржаргал прокурор хэргийн талаар тодорхой мэдэхгүй. Мэндбаяр прокурор оролцогч нар хүсэлт гаргасан нь үнэн, яллах дүгнэлт үйлдсэн байсан болохоор хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэж ярьдаг. Хуульд хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хүсэлт, гомдол гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн байна. Энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал, М.Мэндбаяр нарын эсэргүүцлээр У-, Уу-, Б-, Д-,Да-, Ба-нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн “нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан” шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч Ц-н  “...2017 оны 01 дүгээр сарын эхээр Галшар сумын нутаг “Баруун булаг” гэх газраас зээрд азаргатай 22 тооны адуу алдсан. ...2017 оны 2 дугаар сарын дундуур Галшар сумын “Үйзэн цагаан овоо” гэх газраас 14 тооны адууг олсон, 8 тооны адуу нь олдохгүй байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 10-11 хуудас/,

Гэрч Л-н “...2017 оны 01 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар багийн нутаг “Баруун булаг” гэх газраас манай дүү Ц зээрд азаргатай 22 тооны адуугаа алдсан. ...2017 оны 02 дугаар сарын дундуур 14 тооны адуугаа Галшар сумын “Үйзэн цагаан овоо” гэх газраас олсон, 8 тооны адууг айсан боловч олоогүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 23-25 хуудас/,

Гэрч Ч-н “...У- мотоциклтой хэсэг адуу тууж ирээд 8 тооны адуу зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

Яллагдагч У-гийн “...2017 оны 01 дүгээр сард ...Галшар сумын “Баруун булаг” гэх газарт зээрд азаргатай 22 тооны адуу таарахаар нь туугаад ...Ч гэх айлын гадаа очоод ...8 тооны адууг ялгаж хашсан. Үлдсэн 14 тооны адууг нь зүүн урагш хөөгөөд явуулсан. ...8 адуугаа Ч гэх айлын гадаа ажиллаад Б-д өгөөд явуулсан. Б- надад 2000000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 63-64 хуудас/,

Яллагдагч Б-гийн “...У- ганцаараа 20 гаруй тооны адуу тууж ирээд 8 адуу барьж аваад нядалсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 70-71 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд У-, Б- нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Баруун булаг” гэх газарт бэлчээрт байсан Ц-н 22 тооны адууг мотоцикл ашиглан 25-30 километр нь тууж өмчлөгчийн эзэмшлээс гаргасан байж болзошгүй байхад прокурор “У- нь Б-тэй бүлэглэн ...хохирогч Ц-н 8 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж, 9350000 төгрөгийн хохирол учруулсан” гэж  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн яллагдагч нар нь удаа дараагийн хулгайн гэмт хэргээс олсон орлогоо хэрхэн юунд зарцуулдаг байсан, хулгайн гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон эсэхийг шалгаж тодруулаагүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.6-д заасан “гэмт хэргийг хэн, хэн, хэрхэн, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, Эрүүгийн хуульд заасан “ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл” байгаа эсэх, гэмт хэргийн улмаас яллагдагч нар нь хохирогч нарт хэд хэдэн төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нь тодорхойгүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу хуульд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох зорилгоор яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулах, хохирогч, яллагдагч нарыг хуулийн дагуу нүүрэлдүүлэн байцаах, яллагдагч нарын хэрэгт хамтран оролцсон байдлыг тогтоох зэрэг ажиллагаануудыг гүйцэтгэх шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх тул Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал, М.Мэндбаяр нарын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол У-, Уу-, Б-, Д-,Да-, Ба-нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                                 Б.ДЭНСМАА