| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/00978/И |
| Дугаар | 183/ШШ2021/01416 |
| Огноо | 2021-06-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2021/01416
2021 оны 06 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2021/01416 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Т-т холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч М.А хариуцагч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Э гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн өргөдлийг 2020.02.12-нд эвлэрүүлэн зуучлалд гаргаж байсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2020.03.20-ний өдрийн ..... дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд “...хамтарсан уулзалтыг 2 удаа хийж, дахин уулзах хамтран ярилцахаар тохирсон боловч ирээгүй, гэрлэгчид ярилцах уулзалтыг хийгээгүй...” гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байна.
Нэхэмжлэгч Н.Э дээрх агуулга бүхий нэхэмжлэлийг 2020 оны 4 сард тус шүүхэд гаргаж байсан, гэрлэгчдийн хооронд байгуулсан 2020.05.13-ны өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.
Мөн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст “...нөхөр Ч.Т намайг хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байна гэх” утга бүхий хүчирхийллийн үйлдэл, хүүхдийн эрх чөлөөнд халдаж байгаа тухай гомдол, мэдээллийг 2021.05.17-ны өдөр гаргасан байх бөгөөд хүү Т.Т, охин Т.Н нартай 2021 оны 3 сараас хойш уулзуулаагүй, бусадтай харилцахыг хязгаарласан, Н.Э-ын гар утсанд хувийн мэдээлэл олж авах зорилгоор тусгай программууд суулган мөрдөн мөшгөсөн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн 2021.05.24-ний өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гарсан боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон 2021.06.02-ны өдрийн Зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан байна.
Дээрх байдлаас үзэхэд гэрлэгчдийн хоорондын үл ойлголцол, гэр бүлийн маргаан 2016 оны 3 сараас эхэлсэн, улмаар 2017 оны 7 сараас хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч нь энэ хугацаанд 3 удаа гэрээсээ явж, 3 удаа эргэж ирсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч Ч.Т “...гэр бүлээсээ холдохгүй” гэх боловч нэхэмжлэгч талтай эвлэрэх, харилцан ойлголцохыг хүсэхгүй байгаа байдал нь удаа дараагийн шүүх хуралдааны явцад түүний тайлбараар тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч Н.Э 2021.03.16-ны өдөр дахин шүүхэд хандаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, 2017.07.21-ний өдрөөс эхлэн 3 хүүхдэд сар бүр тэтгэлэг тогтоолгох, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Т-т холбогдуулан гаргажээ.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч.Т, Н.Э нар нь 2010.10.10-ны өдөр гэр бүл болсныг 2014.10.07-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1107001026 дугаарт бүртгэсэнээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2013.10.28-ны өдөр хүү Т.Т, 2015.04.14-ний өдөр ихэр охидууд Т.Н, Т.Но нар төрж, хүүхдүүд эцгийн нэрийг авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 7 сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж нэхэмжлэгч үзсэн, гэр бүлийн маргааны улмаас хуулийн байгууллагад удаа дараа хандаж байсан, тусдаа амьдарсанаас хойш хүүхдүүд эхийн асрамжид байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, хүү Т.Төгөлдөр, ихэр охид Т.Н, Т.Но нарыг эхийн асрамжид үлдээж, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдүүдийн тэтгэлгийг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв
Харин өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах, 2017.07.21-ний өдрөөс эхлэн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч өөрөө сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчид хөлс төлсөн, 2017 оны 7 сард гэрлэлт цуцлагдаагүй байсан тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй болно.
Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчид хамтран хүлээхээр байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ч.Т, Н.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013.10.28-ны өдөр төрсөн хүү Т.Т, 2015.04.14-ний өдөр төрсөн ихэр охидууд Т.Н, Т.Но нарыг эх Н.Э-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-т холбогдох 2017.07.21-ний өдрөөс эхлэн 3 хүүхдэд сар бүр тэтгэлэг тогтоолгох, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах тухай Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013.10.28-ны өдөр төрсөн хүү Т.Т, 2015.04.14-ний өдөр төрсөн ихэр охидууд Т.Н, Т.Но нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Ч.Т-өөс гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210,240 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ