Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01245

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01245

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 51-33 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Нэргүйгийн Бямбасүрэн /РД: УЗ92082380/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 51 дүгээр байр, 88 тоот хаягт оршин суух, Бэсүд овогт Энхтайваны Хишигбаяр /РД: ДЮ89102178/-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Бямбасүрэн, хариуцагч Э.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бямбасүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Хишигбаяр бид хоёр 2019 оны 3 дугаар сард танилцаж улмаар 2019 оны 10 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүү Х.Тэнүүн төрсөн. Манай хүүхдийн хувцас авч ирэхдээ манай ээжид энэ хоёр хүнээр тоглосон юм, цаашид тоглоомоо үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна гэж хэлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа халамж, анхаарал тавьдаггүй, хүүхдээ ч тоодоггүй, гадуур найзуудтайгаа зугаалж явах дуртай байсан. Би тэр болгонд нь хориг тавиад байдаггүй. Гэртээ тогтохгүй, ажлаа тараад шууд гэртээ ирдэггүй, гэртээ ирж хоолоо идчихээд буцаад гараад явдаг. Найзууд нь архи уудаг ямар хүн болох талаар нь хэлсэн. Хамаатан садан, ах эгч нар нь хүртэл надад муулдаг. Э.Хишигбаяр 30 нас хүртлээ ажил хийгээгүй. Хөөцөлдөж байгаад одоогийн ажилд нь оруулсан. Ирээдүйд хамт амьдарч чадахгүй гэдгээ мэдсэн. Тиймээс хүү Х.Тэнүүнийг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Э.Хишигбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Бямбасүрэнг зовоосон нь үнэн. Гэхдээ би архи уугаад яваад байдаггүй. Орос улсад сургуулиа төгсөж, 3 дугаар эмнэлэгт ажиллаж байгаад дахин Австри улс руу явсан. Эргэж ирээд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. Намайг 30 нас хүртэл ажилгүй явсан гэж худлаа ярьж байна. Залуу хүн хааяа гарч орох зүйл байна. Н.Бямбасүрэнгийн ярьж байгаа шиг байнга архи ууж, гадуур яваад байдаггүй. Ажил ихтэй болохоор тийм боломж ч гардаггүй. 48 цагаар ажиллахыг ч үгүйсгэхгүй, би тэр болгон ажлаа тайлагнаад байж чаддаггүй. Н.Бямбасүрэн өөрийнхөөрөө яриад байдаг. Би энэ бүхнийг худлаа гэж хэлмээр байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлж, хүүхдээ эх Н.Бямбасүрэнгийн асрамжид үлдээнэ гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.                                        

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бямбасүрэн нь хариуцагч Э.Хишигбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Бямбасүрэн, хариуцагч Э.Хишигбаяр нар 2019 оны 3 дугаар сард танилцаж, 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүү Х.Тэнүүнийг төрүүлсэн ба хариуцагч Э.Хишигбаяр нь хүү Х.Тэнүүнийг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.5 дахь хэсэгт ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж хуульчилжээ.

Хариуцагч Э.Хишигбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаж буй нэхэмжлэгч Н.Бямбасүрэн нь хариуцагч Э.Хишигбаяраас хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Н.Бямбасүрэн нь хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй тул хүү Х.Тэнүүнийг эх Н.Бямбасүрэнгийн асрамжинд үлдээж, эцэг Э.Хишигбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн хүү Х.Тэнүүн /РД: УЗ20240550/-ийг эх Н.Бямбасүрэн /РД: УЗ92082380/-ийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн хүү Х.Тэнүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Э.Хишигбаяраас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР