Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/59

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

         2024        05          22                                      2024/ШЦТ/59

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС            

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404000610047 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               Б.Наранжаргал

Улсын яллагч                                                              Б.Баттуяа

Иргэний хариуцагч                                        М.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Ж.Цэцэгээ

Шүүгдэгч                                                                      ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын машинист мэргэжилтэй, ******* ХК-д тэсэлгээчин ажилтай, ам бүл 2 ээжийн хамт амьдардаг, ******* дүүргийн 3 дугаар хороо 43 дугаар байрны 5 тоот орон сууцанд оршин суух хаягтай, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, ******* (РД:*******)          

          Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо “*******” зочид буудалд байхдаа хохирогч Б.*******ын Хаан банкны тоот дансны картнаас Хаан банкны АТМ-ээс 600.000 төгрөг бэлнээр авсан, Мөн “Iphone 13 загварын гар утсаа Б.*******д зарсан бөгөөд худалдан борлуулсан мөнгөнөөс зээлж байгаа” гэх итгэл үнэмшлийг М.*******од төрүүлж Б.*******ын Хаан банкны тоот дансны картнаас Голомт банкны АТМ-ээр 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 18 минутад 500,000 төгрөгийг, Хас банкны АТМ-ээр 22 цаг 58 минутад 500,000 төгрөг, 23 цаг 00 минутад 500,000 төгрөгийг тус тус бэлнээр гаргуулж, нийт 2,100,000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

           Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 11 цагийн үед найз *******той уулзаж, ******* дүүргийн 3 дугаар хороо “*******” нэртэй зочид буудлын өрөөнд орж, хоёулаа 0.7 граммын архи хувааж уусан. Тэгээд 18 цагийн үед найз ******* ирсэн. Тухайн үед ******* архи уугаагүй. Буудлын тооцоо хийх юм чинь гээд ******* өөрийн картны кодыг хэлээд ширээн дээр тавьсан. ******* миний ашиглаж байсан I phone 13 загварын гар утсыг худалдаж авъя гээд байсан. ...маргааш нь ******* надад *******ын данснаас 1,500,000 төгрөг аваад хэрэглэсэн шүү гэж хэлж байсан. Тэгээд 4-5 хоногийн дараа Б.******* надтай уулзаад “миний данснаас хэдэн төгрөг авсан юм бэ, мөнгөө хэзээ өгөх юм” гэсэн. Тэгэхээр нь би Б.*******д “би *******той уулзаад чадвал цагаан сар болохоос өмнө мөнгийг чинь буцаагаад өгье” гэж хэлсэн..., би ******* гэх хүний виза картнаас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөгийг бэлнээр гаргаж авсан, Б.******* нь мөнгө гаргаж авч болно гэж надад хэлээгүй...,

           ...2023 оны 12 дугаар сарын 22-нд “*******”-д *******той хамт орсон “утсаа зарах уу” гэхээр нь “авахаар бол ав” гээд тэр үед ярилцаж байсан, яг өгч авалцсан асуудал байхгүй байж байгаад тэр өдрөөс хойш хот яваад утсаа хаяж үрэгдүүлсэн. Буудалд уугаад сууж байхад ******* хүүхдийн бие муу байна мөнгөний хэрэг байна гээд залгахаар нь  “би утсаа зарж байна, мөнгө хэрэгтэй бол ирээд ав” гэж хэлсэн. Тэгээд ирэхээр нь *******ын картыг өгөөд энэнээс хэрэгтэй мөнгөө авчих гээд явуулсан нь үнэн, тухайн картны эзэн зөвшөөрөл өгөөгүй байхад нь картнаас нь мөнгө авсан миний буруу. ******* картын кодоо хэлж намайг дэлгүүрээс ундаа, ус аваад ир гээд өгч байсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-н 25,27-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)

              Цагдаагийн байгууллагаас 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол мэдээллийг шалгах явцад баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4, 43-48-р хуудас)

              Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн танил *******, Б.Мөнхөө нарын хамтаар ******* дүүргийн 3 дугаар хороо, “*******” нэртэй зочид буудлын өрөөнд хамт архи хувааж уусан юм. Тэгээд сууцгааж байгаад би өөрийн Хаан банкны тоот данс бүхий картыг *******д өгч дэлгүүр явуулсан юм. Би хэдэн цагийн үед гэдгээ санахгүй байна, тухайн үед нэлээн согтуу байсан юм. Тэгээд би дэлгүүрээс ирэхээс нь өмнө унтчихсан байсан. Тэгээд шөнө 01 цагийн үед сэрэхэд зочид буудалд ганцаараа, миний виза карт ширээн дээр байсан. Тэгээд би картаа аваад гэртээ очиж амарсан юм. Тэгээд би байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн дансаа шалгаж харахад 2023 оны 12 дугаар сарын 22-ны 17 цаг 40 минутаас 23 цагийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 2,100,000 төгрөг миний данснаас гарсан байсан. Тэгээд би *******гийн утасны дугаар руу залгахад утас нь холбогдохгүй, фейсбүүк хаягаар блок хийчихсэн байсан. Би 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр *******гийн гэр болох ******* дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 5 тоотод очиж биеэр уулзаж ярилцахад “би чиний данснаас 800,000 төгрөг авсан, тэгээд тухайн өдөр би гэж хүнд картыг чинь өгч явуулсан тэр авсан юм байлгүй” гэх яриа өгүүлэлтэй байсан бөгөөд өөрийн авсан гэх 800,000 төгрөгийг цагаан сар болохоос өмнө өгнө гэж хэлсэн. Тэгээд би түүнээс хойш *******гийн 88071218 гэсэн утас руу залгахаар утас нь холбогдохгүй алга болчихсон. ...тухайн хүн нь надад хэлэхдээ “би мөрийтэй тоглоом тоглоод мөнгийг чинь алдчихсан” гэсэн зүйл ярьж байсан. Өөр ямар нэг зүйл хэлээгүй. Би тухайн өдөр *******д картынхаа пин кодыг хэлээд өгсөн. Өөр ямар нэг хүнд өгөөгүй. Миний виза картын кодыг надаас өөр мэдэх хүн байхгүй. Өөр хүн ашигладаггүй. Тухайн өдөр би *******д картынхаа кодыг хэлж өгөөд пиво авхуулахаар явуулсан юм...” гэсэн мэдүүлэг ( хх-ийн 8-9-р хуудас),

              Хохирогч Б.*******ын 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *******той хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* зочид буудалд сууж байхдаа түүний ашиглаж байсан Iphone маркийн гар утсыг 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэхдээ ******* нь надад гар утсаа өгөөгүй, мөн бид хоёр хэзээ утас, мөнгөө солилцох талаараа ярилцаж тохиролцсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас),

              Хохирогч Б.*******ын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн “...Би *******д өөрийн виза картаа өгөхдөө зочид буудлаас хоол авах, дэлгүүрээс ус, ундаа авч ирэхээр захисан юм. Тэгээд би унтаад босоод ирэхэд хоол ундааны зүйлүүд авч ирсэн байсан. Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн хажууд байдаг “Ахиц” нэртэй дэлгүүрт явж байхдаа *******той таарсан юм. Тэгээд Ахиц дэлгүүрээс 10 цаг 53 минутад 41,500 төгрөгийг зарлага гарсан нь бид хоёр пиво, ундаа усны зүйл авсан юм. Тэгээд бид хоёр “*******” зочид буудал руу орсон юм. 11 цаг 20 минутад хийгдсэн 120,000 төгрөг нь буудлын төлбөр байгаа юм. Тэгээд өдөр 14 цаг 04 минутад 100,000 төгрөгийг би өөрөө хүн рүү шилжүүлсэн мөнгө байгаа юм. Түүний дараагийн 14 цаг 33 минутын 150,000 төгрөг нь хоолны мөнгө байгаа юм, нэлээн их хоол захиалчихсан унтаад босоод ирэхэд ширээн дээр хоол ирчихсэн байсан. Түүний дараа уншигдсан 39,000, 5,000, 27,000, 39,000, 16,000 төгрөгүүд нь бүгд “*******” зочид буудлаас авч хэрэглэсэн ус, ундаа, пивоны мөнгө байгаа юм. Миний виза картаас зөвшөөрөлгүй илүү мөнгө авсан *******гоос 2,100,000 төгрөг нэхэмжилж байна. Би М.******* гэх хүнд өөрийн виза картыг өгсөн зүйл байхгүй. ******* нь М.*******од миний картыг өгч явуулсан. Зочид буудлын төлбөрийг анх орохдоо би өөрөө хийсэн юм. Шөнө (хэдэн цагийг нь санахгүй байна) би ганцаараа зочид буудлын өрөөнөөс гарч агаар амьсгалчихаад буцаж ороод унтаж амарсан юм. Би маргааш нь гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас)

              Гэрч М.*******ын өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний хэрэг гараад өөрийн танил ******* ХК-нд ажил хийдэг Л. гэх хүн рүү мөнгө асууж залгасан юм. Тэгтэл ******* нь “би гар утсаа зарж байна, ирээд мөнгө авчих, шилжүүлэх боломжгүй байна” гэсэн. Тэгээд би *******гийн байгаа ******* дүүргийн 3 дугаар хороо, “*******” нэртэй зочид буудалд явж очсон юм. Тухайн буудлын өрөөнд ******* нь танихгүй нэг залуугийн хамт согтууруулах ундааны зүйл уугаад сууж байсан юм. Тэгээд би *******гоос 500,000 төгрөгийн хэрэг байна зээлэх боломж байна уу гэхэд “би энэ хүнд утсаа зарж байгаа юм, чи энэ хүний данснаас 500,000 төгрөг авчих гээд тухайн танихгүй хүний виза карт гээд кодыг нь надад хэлж өгсөн юм. Тэгээд би картыг нь авч гараад Хаан банкны АТМ-ээс 500,000 төгрөг бэлэн мөнгөөр гарган авч, өөрийн Төрийн банкны 330001882365 тоот данс руу хийсэн. Тэгээд би буцаж очоод *******д картыг нь өгсөн юм. Тэгээд хэсэг ярилцаж сууж байгаад би *******гоос чамд дахиж мөнгө зээлэх боломж байгаа юм уу гэхэд ******* нь надад боломж байгаа хэд хэрэгтэй вэ гэж хэлэхээр нь би “чамд үнэхээр боломж байгаа бол нэмээд 1,000,000 төгрөг зээлчих” гэсэн юм. Тэгтэл ******* нь дахиж нөгөө картаа өгөөд нэмээд 1,000,000 төгрөг авчих гэсэн. Тэгэхээр нь би картыг нь авч гараад Хас банкны АТМ-аас 500,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж 1,000,000 төгрөг гарган авч өөрийн Голомт банкны 4605020334  тоот данс руу хийсэн юм. Тэгээд би буцаж картыг нь очиж өгөөд хэсэг сууж байгаад харьсан юм. ... Тухайн үед ******* нь надад өгсөн картаа Б.******* гэж хүнийх гэдгийг хэлсэн. Тэгээд тухайн хүнд гар утсаа зарж байгаа гэж ярьж байсан. ... Б.******* нь яг өөрөө надад мөнгө авч болно гэж хэлээгүй. ******* л авч болно гээд байсан. ... Би тухайн мөнгийг ар гэрийнхээ ахуйн хэрэгцээнд зарцуулсан. Би тухайн үед ажил явдал гарах, эхнэр, хүүхэд эмнэлэгт хэвтчихсэн байсан учраас мөнгөний хэрэгцээ байсан юм. Тэгээд ******* гэх хүнээс мөнгө зээлсэн зүйл байгаа юм. ...Би тухайн мөнгөнөөс буцааж өгсөн мөнгө байхгүй. Би боломжоороо 2024 оны 3 сард өөрийн авсан 1,500,000 төгрөгийг буцааж өгнө. Би *******гоос л мөнгө авсан тул ******* гэх хүнд л буцааж өгнө...” гэх мэдүүлэг  (хх-ийн 19-20-р хуудас),

              Иргэний хариуцагч М.*******ын өгсөн “...Мөнгөний хэрэг болоод тухайн орой руу залгаж мөнгө зээлэх үү гэж асуусан чинь, “мөнгө байна ирээд ав” гэхээр нь байгаа газарт нь яваад очсон. энэ картнаас ав гээд нэг карт өгөхөөр нь эхлээд 500.000 төгрөг авсан. нилээн халамцуу ширээн дээр нь архи, пиво, хоол өрөөтэй байсан. Би уугаагүй жаахан сууж байгаад дахиад мөнгө зээлэх боломж байна уу гэхэд “тэг тэг” гээд дахиад 1.000.000 төг авсан...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

               “Хаан” банкнаас ирүүлсэн 5770/24/84 дугаартай “АТМ 1367, УБ, ******* дүүргийн 4 дүгээр хорооны Ахиц худалдаа үйлчилгээний төв8 АТМ 724, УБ, ******* дүүргийн 3 дугаар хороо, Leaf худалдааны төв” гэх албан бичиг, хавсралт (хх-ийн 41-48-р хуудас),

               ******* дүүргийн цагдаагийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 30 м-7/1566 тоот албан бичиг (хх-ийн 51-р хуудас)

              *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан...” хуудас (хх-ийн 98-р хуудас)

              Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 81-91-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

              Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцууулах саналыг гаргаж байна, мөн үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна, нийт хохирол 2.100.000 төгрөг байгаа бөгөөд хохирол төлбөр төлөгдсөн...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогч бараг 2 сар өнгөрч байж өргөдлөө гаргасан. ******* зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй байдлаас болж энэ хэрэг үүссэн. Энэ залуу энд сууж байгаа учраас хэлье гэж бодлоо. Хохирол төлбөр төлөгдсөн өөр зүйлгүй...“ гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа ойлгож байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо “*******” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.*******ын Хаан банкны тоот дансны картнаар Хаан банкны АТМ-ээс 600.000 төгрөг бэлнээр авсан, Мөн “Iphone 13 загварын гар утсаа Б.*******д зарсан бөгөөд худалдан борлуулсан мөнгөнөөс зээлж байгаа” гэх итгэл үнэмшлийг М.*******од төрүүлж Б.*******ын Хаан банкны тоот дансны картнаар Голомт банкны  АТМ-ээр 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 18 минутад 500,000 төгрөгийг, Хас банкны АТМ-ээр 22 цаг 58 минутад 500,000 төгрөг, 23 цаг 00 минутад 500,000 төгрөгийг тус тус бэлнээр гаргуулж, нийт 2,100,000 төгрөгийн  хохирол учруулж, бусдын хөрөнгийг завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг мэдсээр байж завшсан болох нь хохирогчийн түүнд итгэмжлэн хариуцуулж өгсөн хаан банкны картнаас нийт 2,100,000 төгрөгийн гарган авсан үйлдлээр нь тогтоогдсон.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй, болгоомжгүй байдал нөлөөлжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх эрхэд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******гийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч Б.*******д 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчид уг мөнгийг буцаан өгсөн болох нь хохирогчийн “... нь 2024.05.20-ны өдөр 2,100,000 төгрөг төлж барагдуулсан тул гомдол саналгүй...” гэсэн баримт ирүүлсэн болон иргэний хариуцагчийн “...1.500.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “...хохирогчид 600.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг, баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч, болон иргэний хариуцагч нар нь хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “...шүүгдэгч *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.100.000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулах саналтай....гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хамгийн гол нь хохирол төлбөр төлөгдсөн учраас ялын доод хэмжээгээр 2700 нэгжээр торгож өгөөч. Настай ээжийгээ харж ханддаг байдал байгаа, мөн тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харж үзээсэй гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчээс “...найзынхаа картыг авч мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хамгийн багаар торгож өгөөч...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогчид 600,000 төгрөгийг төлсөн, иргэний хариуцагч М.******* нь хохирогчид 1,500,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг, хохирогч М.******* нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай

7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

             

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ