Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2021/01264

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2021/01264

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,******* /РД: ЛЮ82100714/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******, 7 дугаар хороо,,, /РД: ЗЮ97083034/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 3,339,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Эрдэнэтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Эрдэнэтөгсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч миний бие нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эх А.Дугармаагаас авсан итгэмжлэлийн үндсэн дээр түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 12в дугаар байр, 51 тоот хаягт байрлах орон сууцыг Б.Ууганбатад сарын 850,000 төгрөгийн хөлстэйгээр нэг жилийн хугацаатайгаар хөлслүүлсэн. Орон сууц хөлслүүлэх гэрээний 1.2-т заасны дагуу хариуцагч Б.Ууганбат нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 сарын орон сууцны хөлс 2,550,000 төгрөгийг надад төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй тул орон сууц хөлслөх гэрээг цуцалж, тухайн орон сууцыг Б.Ууганбатын эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Эрдэнэтөгс миний бие нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч Б.Ууганбат нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг надтай байгуулж, уг орон сууцанд иргэн А.Батчимэгийг гэр бүлийн хамт амьдруулж, өөрөө хөлсийг төлөх үүргийг хүлээсэн. Б.Ууганбат нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны хөлсийг дэнчингийн хамт төлсөн, түүнээс хойшхи хөлсийг төлөөгүй болно. Тухайн орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байгаа А.Батчимэг нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч надтай орон сууц хөлслөх гэрээг байгуулж, үүнээс хойшхи хөлсийг төлөхөөр тохиролцсон. 2020 оны 11 дүгээр сарын 16-наас 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 3 сар, 12 хоногийн төлбөр 2,914,285 төгрөг, гэрээний 1.4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр зохигчид тохиролцсон тул 2020 оны 11 дүгээр сарын 16-наас 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 104 хоногийн алдангид 1,275,000 төгрөг, үүнээс дэнчингийн 850,000 төгрөгийг хасч, алдангид 425,000 төгрөг, нийт 3,339,285 төгрөгийг хариуцагч Б.Ууганбатаас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэтөгс нь хариуцагч Б.Ууганбатад холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 3,339,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Ууганбатад шүүх хуралдааны товыг 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдөр мэдэгдэж, шүүгчийн туслах тэмдэглэл үйлджээ. Гэвч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч Э.Эрдэнэтөгс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Орон сууц хөлслүүлэх гэрээ-ээр хөлслүүлэгч Э.Эрдэнэтөгс нь *******, 2 дугаар хороо, 12в дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 56 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 12 сарын хугацаатай буюу 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сарын 850,000 төгрөгөөр хөлслүүлэх, хөлслөгч нь 3 сарын хөлсийг дэнчин 850,000 төгрөгийн хамт урьдчилан төлөх, төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

*******, 2 дугаар хороо, 12в дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 56 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Дугармаа бүртгэлтэй ба 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр итгэмжлэлээр тухайн орон сууцыг бусдад хөлслүүлэх, төлбөрийг хүлээж авах, захиран зарцуулах, орон сууц хөлслөгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах, шүүхэд нэхэмжлэлийг өөрийн нэрийн өмнөөс гаргах эрхийг шилжүүлэн авчээ.

 

Хариуцагч Б.Ууганбат нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй тул 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 3 сар 12 хоногийн төлбөрт /850,000 х 3 сар = 2,550,000 төгрөг, 12 хоног 364,285 төгрөг/ 2,914,285 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Мөн зохигчдын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 1.4-т заасныг дагуу хөлслөгч нь төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиодолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг хөлслүүлэгчид төлөхөөр тохиролцсон тул 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 104 хоногийн алдангид 1,275,000 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн. Хариуцагч Б.Ууганбатын дэнчинд төлсөн 850,000 төгрөгийг түүний гүйцэтгэх үүргийн алдангиас хасч тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Б.Ууганбатаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 2,550,000 төгрөг, алдангид 425,000 төгрөг, нийт 3,339,285 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Эрдэнэтөгст олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэтөгс нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б.Ууганбатад холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж, тухайн орон сууцыг 20,000,000 төгрөгөөр үнэлж, улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүрэгт 3,339,285 төгрөг гаргуулахаар өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж нь 68,379 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгчийн илүү төлсөн 189,571 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгох, үлдэх 68,379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 68,379 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ууганбатаас 3,339,285 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Эрдэнэтөгст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгөөс 68,379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 189,571 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 68,379 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР