Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/258

 

 

 

 

 

 

  

 

   2024         04           *******                                   2024/ШЦТ/*******8

 

                         

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүххуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч Б.Урангоо /томилолтоор/,

Шүүгдэгч З.У******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Билгүүтэйгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С******* овогт З******* У*******т холбогдох эрүүгийн 24*******004260248 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1967 оны ******* дугаар сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Буянт-Ухаа хороолол ******* тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй,

            С******* овогт З******* У******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч З.У******* нь “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо байрны буудлын урд талын шүдний эмнэлэгт үйлчлүүлж байх хугацаанд 16 цагийн орчимд О.Х******* эзэмшлийн тус эмнэлэгийн цонхны тавцан дээр тавьсан байсан “Ай фоне 14 про” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 3,999,920 төгрөгийн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З.У******* нь “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо байрны буудлын урд талын шүдний эмнэлэгт үйлчлүүлж байх хугацаанд 16 цагийн орчимд О.Х******* эзэмшлийн тус эмнэлэгийн цонхны тавцан дээр тавьсан байсан “Ай фоне 14 про” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 3,999,920 төгрөгийн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.У*******ийн “...Би хулгай хийгээгүй хүний үлдээсэн байсан утсыг алга болчих байх гэж бодоод авсан. Дараа нь хүнд нь өгөх гэж байсан...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 24*******004260248 дугаартай хэргээс:

 

Цагдаагийн байгууллагын дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 3 дугаар тал/,

 

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч О.Хүслэнт-Одын өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед гэрийн ойр байдаг шүдний эмнэлэгт 2 дүүгийн шүдийг үзүүлэх гээд гурвуулаа хамт шүдний эмнэлэг дээр очсон. Тэгээд манай дүүгийн орох цаг болоод хувцсыг нь өлгүүлэх гээд цонхны тавцан дээр өөрийнхөө гар утсыг тавьсан. Тэгээд эмч хурдан ороорой гэхээр нь шүдээ үзүүлэх гэж байсан том дүүгээ дагуулаад өөрийнхөө утсыг цонхны тавцан дээр орхиод бага дүү А******* “наанаа сандал дээр тэгээд сууж байгаарай” гэж хэлээд үлдээгээд шүдний эмчилгээний өрөө рүү орсон. Тэгээд манай дүү шүдний эмчилгээний өрөө рүү орсон. Бага дүү байн байн хаалга онгойлгоод байхаар нь “цаашаа сууж бай миний гар утсыг харж бай” гэж хэлээд ойролцоогоор 15-20 минутын дараа дүүгийн шүдийг эмчлүүлж дуусаад, гарч ирээд өөрийн гар утсаа цонхны тавцан дээрээс хайсан боловч байхгүй байсан. Би ойр орчмоор хайж айхад сандал дээр сууж байсан эмээ надад хандаад “би аваагүй шүү, би мэдэхгүй, гадаа гараад дэлгүүр ороод ирсэн” гэх зэргээр яриад байхаар нь “эмээ таньд гар утас байна уу өөрийнхөө гар утас руу залгаад үзье” гэсэн чинь нөгөө эмээ надад гар утсаа өгөөд би өөрийнхөө дугаар руу залгахад миний утас холбогдох боломжгүй байсан. Би эмчийн өрөөнд өөрийн гар утсыг тавьсан байх гэж бодоод ороод гар утсаа шалгахад миний гар утас байхгүй байсан. Эмч эгч манайх хяналтын камертай гэхээр нь би хяналтын камерийг шүүж үзсэн юм. Тэгсэн сандал дээр сууж байсан эмээ босож ирээд цонхны тавцан хэсгээс юм авч харагдаж байсан. Тэгэхдээ утас гэдгийг нь сайн мэдээгүй, нэг зүйл авсан. Тухайн эмээ намайг нэгжээд үз гарч ирэх үү гээд өөрийгөө үзүүлж харуулсан боловч гар утас байхгүй байсан болохоор эмч цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм. Би 2023 оны 8 дугаар сарын сүүлээр 3,4 дүгээр хорооллын Писси молл худалдааны төвөөс Айфоне 14 про хар үзмэн ягаан өнгөтэй, 128 гвт багтаамжтай гар утсыг банкны лизингээр нийт 6,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Одоо миний гар утас 5,000,000 төгрөгөөр үнэлж байна. Намайг дүүгээ дагуулаад өрөө рүү орох үед 60 орчим насны эмээ 35-40 насны эгч, хүүхэдтэйгээ байсан. Миний гар утасны имей 352149873467996, 352149873*******7843 гэх дугаартай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ХУ2-24-62 дугаартай “...гар утас нь 3,999,920 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.У*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус  шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч З.У*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд  шүүгдэгч З.У******* нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо байрны буудлын урд талын шүдний эмнэлэгт үйлчлүүлж байх хугацаанд 16 цагийн орчимд О.Х******* эзэмшлийн тус эмнэлэгийн цонхны тавцан дээр тавьсан байсан “Ай фоне 14 про” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 3,999,920 төгрөгийн хохирол санаатай учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь: насад хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ХУ2-24-62 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэр нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

 

Шүүгдэгч З.У******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авах байдлаар илэрдэг бол завших гэмт хэргийн хувьд “...гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан байдагаараа ялгагдах шүүгдэгч З.У******* нь насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг цонхны тавцан дээр байхад нь алга болчих байх гэж бодоод авч хадгалсан гэж мэдүүлж байгаа боловч түүний үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч З.У******* нь “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо байрны буудлын урд талын шүдний эмнэлэгт үйлчлүүлж байх хугацаанд 16 цагийн орчимд О.Х******* эзэмшлийн тус эмнэлэгийн цонхны тавцан дээр тавьсан байсан “Ай фоне 14 про” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 3,999,920 төгрөгийн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч З.У*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

Шүүгдэгч З.У******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт насанд хүрээгүй хохирогч О.Хүслэнт-Одод Айфоне 14 про маркын гар утсыг буцаан өгсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч З.У*******ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч З.У******* нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч З.У*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх…”гэсэн зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У*******т хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шүүгдэгч нь тэнссэн, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.*******, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С******* овогт З******* У*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.У*******ийг тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.У******* нь тэнссэн, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч З.У*******т тэнссэн, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.    

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч , улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.У*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ