| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/00333/И |
| Дугаар | 102/ШШ2021/01404 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2021/01404
| 2021 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2021/01404 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,******* /РД: РЭ91022889/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,*******,,,н суух, Алаг адуут овогт Батбаярын Мөнхнасан /РД: УП89042316/-д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Цэнд-Аюуш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ, хариуцагч Б.Мөнхнасан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан тайлбарт: Миний бие хариуцагч Б.Мөнхнасантай анх 2015 онд ажил дээрээ танилцсан. Бидний хамран амьдрах хугацаанд 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин М.Наран төрсөн. Хүүхэд төрсний дараа буюу 2018 оноос хойш бид хоёрын харилцаа муудсан. Б.Мөнхнасан нь гэр бүлдээ халамжгүй, санхүүгийн тал дээр их маргалддаг байсан. Хариуцагч Б.Мөнхнасан нь мөнгө санхүүгийн тал дээр их чанга хатуу байдаг байсан. Мөн 2019, 2020 онд би хоёр удаа жирэмсэн болсон. Гэвч эхнийх нь өсөлтгүй байсан бөгөөд би маш их ядаргаанд орж сэтгэл санааны дарамттай байдаг байсан учир авахуулсан. Бидний дундаас 2018 оны 01 дүгээр сарын 10-нд охин М.Наран төрсөн. Би охиноо өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Охин хүүхэд ээжтэйгээ хамт байвал зүгээр байх. Хариуцагч Б.Мөнхнасан нь хүүхэддээ мөнгө өгдөггүй. Тодорхой хэмжээгээр заримдаа маш багаар л өгч байсан. Тиймээс би охиныхоо тэтгэмжийг эцгээс нь гаргуулах хүсэлттэй байна. Хүүхэд өдрөөс өдөрт өсөж идэж уух, мөн цэцэрлэг сургууль болон хэрэглээний зардал их гарч байна. Бид 2019 онд Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр,,ны 36 тоот хаягт байрлах 50.31 м/к орон сууцыг худалдаж авсан, Б.Мөнхнасангийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Дундын өмчлөлийн эд хөрөнгө тул ногдох хэсгийг нь ааваас нь гаргуулж охиндоо л хадгална. Бидний хувьд цаашид өөр гэр бүлтэй болохыг үгүйсгэхгүй. Гэвч бидний дунд охин минь байгаа. Охиноо би өөрийн эд хөрөнгөтэй байгаасай л гэж хүсэж байна. Миний бие одоогоор Хан-Уул дүүрэгт өөрийн ээжийндээ амьдарч байгаа, хариуцагч Б.Мөнхнасан бидний дундын өмчлөлийн буюу Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр,,ны 36 тоот хаягт байрлах 50.31 м/к орон сууцанд нь амьдарч байгаа. Иймд охин М.Наранг эх О.Цэнд-Аюуш миний асрамжинд үлдээж, эцэг Б.Мөнхнасангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын өмчлөлийн дээрх орон сууцнаас хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулна. Б.Мөнхнасан орон сууцаа 90,000,000 төгрөгөөр үнэлэж байгаатай маргахгүй. Миний бие нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод охин М.Нарангийн асрамж хамгаалагчаар өөрийгөө тогтоолгох гэх ташаа бичсэн байна, энэ нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага юм. Мөн улсын тэмдэгтийн хураажид 534,293.93 төгрөг гаргуулах гэж тусдаа шаардлага мэтээр ташаа бичсэн байна, улсын тэмдэгтийн хураамж гаргуулах нь нэхэмжлэлийн шаардлага биш юм. Тухайн орон сууцыг банкны зээлээр худалдаж авахад би урьдчилгаанд мөнгө төлөөгүй, зээлнээс мөн төлж байгаагүй гэв.
Хариуцагч Б.Мөнхнасангийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайжав нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид хоёр мөнгө, санхүүгийн асуудлаас шалтгаалан хэрэлддэг байсан нь үнэн. Бидний хэрэлддэг шалтгаан бол би байрны зээл болон цалингийн зээлтэй байсан. Сард нийт 1,700,000 төгрөгийн зээл төлдөг. Би нийт 2,000,000 төгрөгийн цалин авдаг. Үлдсэн мөнгө нь байрны мөнгө, тог, усны мөнгөнд өгөөд цаана нь 100,000 төгрөг л үлддэг байсан. Гэсэн хэдий ч би охиндоо боломжийн хэмжээгээр туслаад авах хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг байсан. О.Цэнд-Аюушийг би байрныхаа зээлийг төл гэж шахалтанд оруулаагүй. Гол маргалддаг байсан зүйл нь манай эхнэр 1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан боловч өөрийнхөө цалингаас гэртээ болон өөртөө зарцуулалгүй хаашаа хийж байгаа нь мэдэгдэхгүй дуусчихдаг байсан. Энэ тал дээр би бухимддаг байсан. Жирэмсэн болсны тухайд гэвэл бид хүүхдээ төрүүлье гэж ярилцсан боловч өсөлтгүй болсон байсан. Хоёр удаа биш гурван удаа хүүхдээ авахуулсан. Хамгийн сүүлийнх нь төрөх дөхсөн 2, 3 сар дутуу байсан. Эмнэлэгт үзүүлэхэд асуудалгүй байна гэсэн боловч декритээ авахын өмнөх сар нь эмч энэ хүүхдийг төрүүлэх боломжгүй байна. Уруул тагнай нь сэтэрхий, эд эс нь дутуу гэж хэлсэн тул хоорондоо ярилцаж байгаад хүүхдээ авахуулсан. Байрны зээлийн тухайд гэвэл би хадам талаас мөнгө аваагүй хадгаламж барьцаалсан зээл аваад, өөрийн машинаа зараад зээлийн төлөлтөө өөрөө хийгээд явж байгаа. Би сар болгон цалингаасаа 100,000 төгрөгийг хүүхэддээ өгдөг байсан. Өмнөх сар өгч чадаагүй. Би охин М.Наранг эх О.Цэнд-Аюушийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шижнээч дүгнэсэн тул охиноо ээжид нь үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Би одоо Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр,,ны 36 тоот хаягт байрлах 50.31 м/к орон сууцанд нь амьдарч байгаа. Тухайн орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ нь 90,000,000 төгрөг байгаа. Хамтран амьдарснаас үүдээд уг байрыг авсан юм биш, харин амьдралын шаардлага, хэрэгцээгээ хангахын тулд Б.Мөнхнасан нь цалингийн зээл авч уг орон сууцыг зээлээр авсан юм. Үүнээс харахад Б.Мөнхнасан нь өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдаж авсан байна. Б.Мөнхнасан нь өөр орон сууц авахаар мөнгөө төлсөн байсан боловч уг барилга нь баригдаагүй учир төлсөн мөнгөө буцаан авч, мөн дээр нь автомашинаа зарж уг орон сууцны урьдчилгааг төлж худалдаж авсан байдаг. Нэхэмжлэгч тал нь Б.Мөнхнасантай хамтын амьдралтай байсан эсэхийг тогтоолгоогүй учир хамтран өмчлөх хөрөнгөөс охинд ноогдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Мөн уг орон сууц нь банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд 37,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Цэнд-Аюуш нь хариуцагч Б.Мөнхнасанд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэмж гаргуулж, дундын эд хөрөнгөнөөс охин М.Наранд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Мөнхнасан нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаад үндэслэлээ ... Охин М.Наранг эх О.Цэнд-Аюушийн асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Харин Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр,,ны 36 тоот хаягт байрлах 50.31 м/к орон сууц нь дундын өмчлөлийн эд хөрөнгө биш, би өөрөө цалингийн зээл авч, мөн машинаа зарж урьдчилгааг бүрдүүлж, үлдсэн төлбөрийг банкнаас зээл авч тухайн орон сууцыг авсан. гэж тайлбарлажээ.
Дараахь үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Цэнд-Аюуш, хариуцагч Б.Мөнхнасан нар 2015 онд танилцан, 2015 оны 08 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн ба зохигчид гэрлэлтээ батлуулаагүй, мөн тэдний дундаас 2018 оны 01 дүгээр сарын 10-нд охин М.Наран төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2020 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 1107000428 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж хуульчилсан ба зохигчид охин М.Наранг эх О.Цэнд-Аюушийн асрамжид үлдээхийг хэн аль нь зөвшөөрсөн, мөн шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн 102/ШЗ2021/02410 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг хүүхдийн асрамжийн асуудлаар шинжээчээр томилоход шинжээч буюу кейс менежер Б.Оюун-Эрдэнэ, сэтгэл зүйч Г.Өрнөхбилэг, нийгмийн ажилтан Г.Юмжирдулам нар охин М.Наранг эх О.Цэнд-Аюушийн асрамжинд үлдээх талаар шинжээч багийн дүгнэлтийг тус шүүхэд гаргаж ирүүлсэн зэргийг харгалзан охин М.Наранг эх О.Цэнд-Аюушийн асрамжинд үлдээж, эцэг Б.Мөнхнасангаар хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хэдийгээр Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр,,ны 36 тоот хаягт байрлах 50.31 м/к орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б.Мөнхнасан худалдан авч өмчлөгчөөр бүртгэгдсэн буюу хамтран амьдрах хугацаанд бий болсон үл хөдлөх эд хөрөнгө боловч зохигчид гэрлэлт батлуулаагүй тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч О.Цэнд-Аюушийн шүүх хуралдаанд гаргасан ... тухайн орон сууцыг худалдан авах урьдчилгаанд би мөнгө оруулаагүй, зээлнээс төлж байгаагүй гэх тайлбар, хариуцагчийн ... өөр байр худалдаж авах гэсэн боловч баригдаагүй тул мөнгөө буцааж аваад машинаа зараад мөнгийг нь нийлүүлээд орон сууцны урьдчилгаанд өгсөн, сар бүр зээлээ би цалингаасаа төлж байгаа гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, мөн хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000752304 дугаартай гэрчилгээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/201944766664 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГҮ/201944766664 тоот барьцааны гэрээ зэргээс үзэхэд маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх боломжгүй байна.
Иймд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Наранг эх О.Цэнд-Аюушийн асрамжинд үлдээж, эцэг Б.Мөнхнасангаас хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр,,ны 36 тоот хаягт байрлах 50.31 м/к орон сууцнаас охин М.Наранд ногдох хэсгийг гаргуулах гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин М.Наранг эх О.Цэнд-Аюушийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин М.Наранг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Мөнхнасангаас гаргуулан олгосугай.
3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр,,ны 36 тоот хаягт байрлах 50.31 м/к орон сууцнаас охин М.Наранд ногдох хэсгийг гаргуулах гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР