Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1767

 

МАГАДЛАЛ

 

2018.07.27                                                  Дугаар 1767                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Л.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00996 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Ч-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Д-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 111 522 213 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Л.Ч нь Д.Д-д зээлийн гэрээний дагуу дараах зээлүүдийг олгосон. Үүнд, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ӨХШ14/35 тоот зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ӨХШ14/41 тоот гэрээгээр 17 000 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ӨХШ15/08 тоот зээлийн гэрээгээр 6 000 000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ӨХШ15/17 тоот зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 8 360 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээнүүд нь сарын 1.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор заасан. Д.Д нь дээрх зээлийн төлбөрүүдээс нэгийг нь одоо болтол төлөөгүй тул ӨХШ14/35 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 900 000 төггрөг, ӨХШ 14/41 тоот гэрээний үндсэн төлбөр 17 000 000 төгрөг, хүү 255 000 төгрөг, алданги 8 500 000 төгрөг, нийт 25 755 000 төгрөг, ӨХШ15/08 тоот гэрээний үндсэн төлбөр 6 000 000 төгрөг, хүү 224 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 9 224 000 төгрөг, ӨХШ15/17 тоот гэрээний үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, хүү 1 573 333 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 31 573 333 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 8 360 000 төгрөг, хүү 1 529 880 төгрөг, алданги 4 180 000 төгрөг, нийт 14 069 880 төгрөг, бүгд 111 522 213 төгрөгийг Д.Д-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Д.Д би Ш А ХХК-ийн хувь нийлүүлэгч бөгөөд тус компани нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу Баянхонгор аймгийн Галуут суманд алт олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг. 2013 оны сүүлээр гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани манай компанийн 50 хувийн хувьцааг 2 500 000 ам.доллараар авч бидний эзэмшиж байгаа алтны 3 орд дээр хамтран ажиллах санал тавьж судалгааны ажил хийгдэж байх үед Г ХХК-ийн захирал, нэхэмжлэгч Л.Ч би энэ үнээр чинь танай компанийн 50 хувийг авъя, эхний хөрөнгө оруулалтын бүх ажлыг би хариуцъя гэсэн санал тавьсан. Миний бие Л.Ч-ыг уул уурхайн бизнесийн туршлагатай хүн гэж хүндэлж явдаг учраас дуртай зөвшөөрч, хамтран ажиллах санал тавьж судалгааны ажил эхлүүлээд байсан гадаадын хөрөнгө оруулалттай компанид татгалзсан хариу өгч Л.Ч захиралтай хамтран ажиллахаар болсон. Ингээд Л.Ч захирал хэлэлцэн тохирсон хөрөнгө оруулалтаа хийлгүй, хүлээлт үүсгэж байгаад мөнгө олгохоор болохдоо зээлийн гэрээ хийж бидэнд мөнгийг цувуулж өгч байсан. Дээрх     мөнгө нь уурхайн үйл ажиллагааг явуулах ямар ч боломж бүрдүүлээгүйгээс санхүүжилт дутаж тухайн жилүүдэд уурхайн үйл ажиллагаа доголдсоор 2016 онд уурхайн ажил огт явагдаагүй. Л.Ч амлалтандаа хүрэлгүй манай компанийг их хэмжээний алдагдалд хүргэсэн атлаа хөрөнгө оруулсан мөнгөндөө алданги тооцон нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Хэдийгээр Л.Ч нь хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон ч нэгэнт бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул хариуцагч миний бие нэхэмжилсэн мөнгийг гэрээний дагуух хүүгийн хамт хугацаа тохирч төлөх талаар эвлэрэн хэлэлцэхэд бэлэн байна. Харин дээрх үндэслэлүүдээр алдангийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-гаас          110 383 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ч-д олгож, үлдэх 1 138 413 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 715 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжинд 709 869 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ч-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө би шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан болно. Шүүгчийг татгалзах болсон үндэслэлээ тайлбарлавал, хүсэлтийг хангахаас татгалзсантай шууд хамааруулж татгалзан гаргах хүсэлт тавиагүй болно. Хариуцагч Д.Д нь Өвөрхангай аймагт өндөр настай аавыгаа удаан хугацаанд сахиж байгаад ирсэн тул нэхэмжлэгч Л.Ч-тай өөрийн биеэр биечлэн уулзаж амжаагүй, мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж байгаа Г ХХК болон Ш А ХХК-ийн асуудлуудыг иргэд хоорондынхоо тооцооноос ялгаж салгаж тохиролцон эвлэрэх асуудлыг хөндөж тавих хүсэлт байгаа болохыг шүүхэд тайлбарлаж талуудыг эвлэрэх боломжоор хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөхийг хүссэн. Гэтэл шүүх тийм боломж олгоогүй хэрнээ итгэмжлэлээр олгогдсон эвлэрэх эрхийнхээ хүрээнд шийд, заавал хурал хойшлуулах ямар ч шаардлага байхгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө хувиар одоо эвлэр гэж шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулан шахалт үзүүлж, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэгчтэй биечлэн уулзах боломжгүй байсан зэргийг анхаарч үзэхгүй байгаа зэрэг нь шүүгч уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэхэд хүргэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаар хуудасны дээрээс 3 дахь догол мөрөнд “Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгчийн татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжгүй юм” гэж дүгнэсэн нь туйлын ойлгомжгүй дүгнэлт болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн гэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч Д.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 111 522 213 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ

Хариуцагч Д.Д нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 20 000 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 17 000 000 төгрөгийг сарын 1.5 хүүтэй, 1 сарын хугацаатай, 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 8 360 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч Л.Ч-аас зээлсэн нь хэрэгт авагсдан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байгааг шүүх зөв дүгнэсэн байна.

/хх4-8/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн үүрэгт 30 900 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн үүрэгт 25 755 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн үүрэгт 9 084 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 14 044 800 төгрөг буюу нэхэмжлэгч   Л.Ч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 110 383 800 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж нэхэмжлэгчийн тооцоог зөвтгөн, нэхэмжлэлийн шаардлагаас 1 138 413 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байгуулсан 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний 1.2-т “...хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүүг 4 хувь болгон өөрчлөх ба талууд харилцан тохиролцсон болно” гэх тохиролцоо нь хууль зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх боловч гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй талаар шүүхийн дүгнэлт зөв юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө-аас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны явцад “нэхэмжлэгч Л.Ч-тай хариуцагч Д.Д биечлэн уулзаж, эвлэрэн хэлэлцэх талаар ярилцах тул хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай”, “нэхэмжлэгч Л.Ч нь Г ХХК-тай ямар харилцан хамааралтай болохыг тогтоолгох тухай” хүсэлтүүд гаргасныг хүлээж аваагүй, талуудыг эвлэрэх боломжоор хангаагүй, шүүгч хэргийг шударгаар хянан шийдвэрлэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзэж шүүгчээс татгалзсан, уг татгалзлыг хуульд заасан журмаар шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзжээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хуульд заасан нийтлэг журмын дагуу тус шүүх хуралдаан явагдсан, хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад “татгалзах зүйлгүй” гэж хариулсан, шинээр гаргах нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө “эвлэрэн хэлэлцэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах”, “нэхэмжлэгч Л.Ч нь Г ХХК-тай ямар харилцан хамааралтай болохыг тогтоолгох тухай” хүсэлт гаргасныг, шүүх хэлэлцээд нэхэмжлэгч Л.Ч-аас тус иргэний хэрэгт төлөөлөх бүрэн эрхийг П.У-д олгосон бөгөөд тэрээр хариуцагчтай эвлэрэх боломжтой, мөн зохигчдын хоорондын зээлийн гэрээний харилцаатай холбоотой маргаанд нэхэмжлэгч Л.Ч нь Г ХХК-тай харилцан хамааралтай болохыг тогтоох нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамж гаргажээ. /хх65, 66/

Ийнхүү хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдэд хамаарахгүйгээс гадна, түүнийг шүүгчээс татгалзах хүсэлтээ зохих ёсоор гаргасан гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгчийн татгалзан гаргах тухай хүсэлтээ хуульд заасан ямар үндэслэлээр гаргасан нь тодорхой бус байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар татгалзлыг шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж заасантай нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасан талуудын эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг шүүх зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00996 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 709 869 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                М.НАРАНЦЭЦЭГ