Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Ц.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Ш.Энхмаа /ҮД-0692/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Цогбадрахын Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201626023091 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Аварга дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Өмнөговь аймаг, Хүрмэн, 2 дугаар баг, Тулга-д оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Хандгайт 10 дугаар гудамж, 144 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, КЛ95052916 регистрийн дугаартай,  Буурал овогт Цогбадрахын Мөнхбаяр. 

 

Шүүгдэгч Ц.Мөнхбаяр нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мөнхбаяр мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохиролд 2,500,000 төгрөг өгсөн. Хүн зодсон нь миний буруу. Тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Мөнхбаярын өгсөн:

            “... Манай хамгаалагч Анхбаярыг нэг танихгүй залуу цохисон. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан чинь Буян-Аврал цаанаас ирээд намайг чи зохион байгуулагч нь юм уу гэсэн. Тэгэхээр нь би үгүй, хамгаалагч гэсэн чинь Буян-Аврал та нар надад багадна, би олон шивэгчинтэй, шивэгчин нараа дуудна, та нар шиг цалин горьдсон юмнууд яагаад байгаа юм гээд Анхбаяр бид хоёрыг хэл амаар доромжилсон. ... Буян-Аврал миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод бид хоёр барьцалдаж аваад, маргалдаад зодолдсон. Тэр үед Өсөхбаяр ах салгах гэтэл Буян-Аврал бид 2 хэн хэндээ новширохгүй, эр хүмүүс шиг үзнэ, та нар холд гээд бид 2 барилдаад, нэг нэгнийхээ нүүр лүү цохисон. Тэгтэл тэр залуу ядарсан бололтой замын хажуугийн боржур дээр суугаад, над руу салаавч гараад, би шивэгчингээ дуудаж байна гээд утсаар хүн дуудаад байсан. Тэгэхээр нь би хажууд нь очоод өвдөгөө нугалж байгаад Буян-Авралын эрүү рүү нэг удаа өвдөглөсөн чинь Буян-Аврал хойшоо саваад уначихсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Буян-Авралын өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний 03 цагийн үед манай найз Сүхжаргал над руу яриад, би Гандангийн нэмэх 25 нэртэй бааранд байна. Чи хүрээд ир намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хорооллын бичилд байрлах гэрээсээ гараад, такси бариад, нэмэх 25 баарны гадаа очоод, дотогшоо нь орсон. Тэгтэл Сүхжаргал 2 танихгүй залуутай тал шил хар чингис архи ширээн дээрээ тавиад уугаад сууж байсан. Тэгээд би тэр 3-тай хамт суугаад тэр архинаас нь уугаад 04 цагийн үед баар нь хаагаад бид 4 баарнаас гарсан. ... Тэгээд тэр залуу бид 2 маргалдсан чинь тэр залуу намайг заамдаад, бид 2 нэг нэгнийгээ ганц нэг удаа нүүр лүү нь цохиод салсан. Тэгээд би замын хажууд явган сууж байтал тэр залуу буцаж араас ирээд, миний зүүн талын эрүү орчим руу өвдөглөж цохьсон. Тэр үед миний ам мурийгаад шүднүүд хоорондоо нийлэхээ больчихсон. ... Тэгтэл надтай нэг өөр махлаг хамгаалагч залуу нь үлдсэн. Тэгэхээр нь би тэр залууд танай хамгаалагч миний эрүү рүү өвдөглөөд эрүү мултарчихсан шиг боллоо чи харсан биз дээ, намайг зүгээр сууж байхад өвдөглөчихлөө гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу би харсан гэж хэлсэн. ... Тэгэхээр нь би дотогшоо ороод намайг өвдөглөсөн Мөнхбаяр гэх залуутай уулзсан. Тэгээд бид 2 хамт гэмтлийн эмнэлэг ороод, би эрүүний зургаа авхуулсан чинь эрүү хугарсан байна, нэгдүгээр эмнэлэг рүү явж мэс засалд ор гэсэн ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Анхбаярын өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр би нэмэх 25, М2 нэртэй баарнуудад хамгаалалт хийхээр хамгаалагчаар ажилд орсон ба нэг ээлжиндээ 3 хамгаалагч 2 баарны голд үүрэг гүйцэтгэдэг ба ачаалтай үед 4 хамгаалагч ажилдаг. Тэгтэл 2016 оны 12 сарын сүүлээр шиг санагдаж байна, би нэмэх 25 бааранд Довдон бид 2 байж байтал гаднаас нэг хүн орж ирээд, гадаа зодоон болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Довдон бид гүйж гарангаа би станцаар Мөнхбаяр луу гадаа зодоон болоод байна гэж хэлсэн. ... Тэгтэл үл таних нэг запуу миний шаардлагыг биелүүлэхгүй, миний нүүрэн тус газар луу нэг удаа гараараа цохьсон. Тэгтэл Мөнхбаяр боль гээд салгасан. ... ахиад нэг өөр залуу Мөнхбаяртай маргалдаад, тэр 2 хоорондоо маргалдаад зодолдох гээд байхаар нь би салгасан. Тэгтэл тэр залуу ахиад Мөнхбаярыг 2-3 удаа нүүр лүү нь цохьсон. Тэгэхээр нь би ахиад салгасан чинь Мөнхбаярыг нөгөө залуу хоёулаа үзчих үү гээд Мөнхбаярын хувцаснаас нь зулгаагаад, хажуугийн гэр хорооллын гудамж руу орсон. Тэгэхээр нь салгах гэтэл Мөнхбаяр байж бай, бид 2 өөрсдөө учраа олчихно гэсэн ба нөгөө залуу нь би новшрохгүй, бид 2 эр хүн шиг үзнэ гээд байсан. Тэгээд тэр залуу Мөнхбаярын нүүр лүү гараараа цохиод, тэр 2 барьцалдаж аваад, газар хамт унаад, буцаж босч ирээд, дахиж ноцолдоод байхаар нь би баарны хажууд байгаа хүмүүсээ зохицуулах гээд баарны үүдэнд очсон ба тухайн үед тэр хоёрын хажууд Өсөхбаяр зохион байгуулагч үлдсэн. Тэгээд би баарны үүдэнд байж байтал нөгөө Мөнхбаяртай зодолдоод байсан залуу гудамжнаас гарч ирээд, баарны урд талын замын хажууд сууж байсан. Тэгэхээр нь энэ 2 салчихлаа гэж бодоод баар луу орсон. Тэгтэл удалгүй нөгөө залуу баарны үүдэнд ирээд, би олон боолтой хүн, гараад ир гээд орилоод байсан. Тэгтэл Өсөхбаяр ах нөгөө залуутай уулзаад, учираа олох шиг болсон ба нөгөө залуу Мөнхбаяртай хамт гэмтлийн эмнэлэг явсан ба маргааш нь уг залуугийн эрүүг нь Мөнхбаяр хугалсан гэдгийг Мөнхбаяраас сонссон ...” гэх /хавтаст хэргийн 18-19-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өсөхбаярын өгсөн:

“... Сар өдрийг нь санахгүй байна. 02-03 цагийн орчимд манай м2, нэмэх 25 нэртэй баарнууд хаах гэж байхад манай хамгаалагч Мөнхбаяртай манай бааранд үйчлүүлж байсан үл таних нэг залуу хэрэлдээд, Мөнхбаярыг гэлэгма гэх мэтээр доромжлоод, тэр 2 заамдалцсан. Тэгэхээр нь би голоор нь ороод салгасан. Тэгтэл тэр 2 бид 2 нэг нэгэндээ новшрохгүй, эр хүн шиг зодолдоно гээд байхаар нь би салгахгүй эр хүн шиг учраа олох байх гээд тоохгүй гудамжинд үлдээсэн. Тэр үөд Мөнхбаяр нөгөө залуутай барьцалдаж аваад, нэг нэгнийгээ заамдаад цохиод байх шиг байсан. Тэгтэл нөгөө залуу нь ядарсан бололтой замын хажуугийн хашлага орчимд суусан. Тэгтэл Мөнхбаяр араас нь очоод, тэр залуугийн зүүн талын шанаа орчим руу нэг удаа өвдөглөөд өвдөгөөрөө цохьсон. Тэгтэл нөгөө залуу хойшоо саваад унасан. Тэгэхээр нь би очоод Мөнхбаярыг татаж аваад, миний дүү боль гээд баар луу оруулсан. Тэгтэл нөгөө залуу босч ирээд, хөгшөөн чи харсан биздээ, би хамгаалагчтай чинь эр хүн шиг үзэх гэж байтал намайг зүгээр амьсгаагаа дараад сууж байхад өвдөглөчихлөө шүү дээ. Одоо миний ам хаагдахгүй, эрүү зөрөөд, шүд нийлэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи манай хамгаалагчтай уулзчих гэсэн чинь нөгөө залуу хамгаалагч Мөнхбаяртай уулзаад, тэр 2 хамт гэмтлийн эмнэлэг явсан ба манай хамгаалагч Анхбаяр хамт явсан шиг санагдаж байна...” гэх /хавтаст хэргийн 22-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаартай:

            1. Буян-Авралын биед тухайн үед эрүүний зүүн булан, баруун үений толгойн хугарал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 27-р хуудас/,

 

  - хохирогч Б.Буян-Авралын өвчний түүхийн хуулбар /хх-н 28-34-р хуудас/

  - хохирол төлсөн баримт /хх-н 74-р хуудас/ зэрэг баримууд болон

 

шүүгдэгч Ц.Мөнхбаярын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Д.Гармаагийн өгсөн:

“... Бид 2 2013 онд танилцсан ба нэг сургуульд сурдаг байсан. Одоогоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа ба би 5 сар гарантай жирэмсэн. ... Мөнхбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, цэргийн алба хаагаагүй. 2008 оноос үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн бэ 2009 онд тойргийн сумын начин цолоор, аймгийн аваргын мөнгө, хүрэл медал, 2010-2012 онд дараалан үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж 3 удаа алтан медалиар шагнуулж байсан. 2015 онд сумын заан цолоор, 2016 онд аймгийн начин цолоор тус тус шагнагдсан. ... Мөнхбаяр их төлөв, уур уцаар багатай, өөрийгөө хөгжүүлэх дуртай, спортоор хичээллэх дуртай ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр  хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Э.Батбуянгийн өгсөн:

“... Би 2012 онд Мөнхбаяртай танилцаад ... Аварга дээд сургуулийн үндэсний бөхийн нэг ангид элсэн орсон. ... Мөнхбаяр нь эцэг эхээс 7-уулаа айлын 5 дахь хүүхэд ба бага насаа Өмнөговь аймагт эцэг эхийнхээ гар дээр өнгөрүүлсэн гэдэг ба Өмнөговь аймгийн 4 дүгээр 10 жилийн сургуульд суралцаад 2013 оны 6 дугаар срд 11 дүгээр ангиа төгсөөд, Аварга дээд сургуульд элсэн орж суралцаж байгаад төлбөрийн асуудлаас болоод 3 дугаар курсээс сургуульдаа явахгүй, ажил хийж байгаа юм. ... Мөнхбаяр зан араншингийн хувьд даруухан, буурь суурьтай, бусадтай нийтэч, олон таван үггүй ба архи уудаггүй, тамхи татдаг ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Болдбаатарын өгсөн:

“... Миний дүү Мөнхбаяр зан араншингийн хувьд даруухан, уур уцааргүй, найз нөхөдтэйгээ эвсэг, элдвийн танхай зангүй, их л төлөв хүүхэд ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 52/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/,

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-50/,

- Бөхийн үнэмлэхийн хуулбар /хх-48-49/,

- Шагналын талаарх баримтууд /хх-н 31-39/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Ц.Мөнхбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэмэх 25” баарны гадна хамгаалагчийн үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Б.Буян-Авралтай хэл амаар доромжиллоо гэж маргалдан улмаар эр хүн шиг үзье гэж зодолдон улмаар түүний зүүн талын шанаа орчим руу нэг удаа өвдөгөөрөө цохиж бие махбодид нь эрүүний зүүн булан, баруун үений толгойн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

            мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч М.Мөнхбаярын “... Буян-Аврал та нар надад багадна, би олон шивэгчинтэй, шивэгчин нараа дуудна, та нар шиг цалин горьдсон юмнууд яагаад байгаа юм гээд Анхбаяр бид хоёрыг хэл амаар доромжилсон. ... Буян-Аврал миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод бид хоёр барьцалдаж аваад, маргалдаад зодолдсон. Тэр үед Өсөхбаяр ах салгах гэтэл Буян-Аврал бид 2 хэн хэндээ новширохгүй, эр хүмүүс шиг үзнэ, та нар холд гээд бид 2 барилдаад, нэг нэгнийхээ нүүр лүү цохисон. Тэгтэл тэр залуу ядарсан бололтой замын хажуугийн боржур дээр суугаад, над руу салаавч гараад, би шивэгчингээ дуудаж байна гээд утсаар хүн дуудаад байсан. Тэгэхээр нь би хажууд нь очоод өвдөгөө нугалж байгаад Буян-Авралын эрүү рүү нэг удаа өвдөглөсөн чинь Буян-Аврал хойшоо саваад уначихсан. Би хохиролд 2,500,000 төгрөг төлсөн. Хүн зодсон нь миний буруу ...” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад хохирогч Б.Буян-Авралын мэдүүлсэн “...Тэгээд тэр залуу бид 2 маргалдсан чинь тэр залуу намайг заамдаад, бид 2 нэг нэгнийгээ ганц нэг удаа нүүр лүү нь цохиод салсан. Тэгээд би замын хажууд явган сууж байтал тэр залуу буцаж араас ирээд, миний зүүн талын эрүү орчим руу өвдөглөж цохьсон. Тэр үед миний ам мурийгаад шүднүүд хоорондоо нийлэхээ больчихсон ... Тэгэхээр нь би дотогшоо ороод намайг өвдөглөсөн Мөнхбаяр гэх залуутай уулзсан. Тэгээд бид 2 хамт гэмтлийн эмнэлэг ороод, би эрүүний зургаа авхуулсан чинь эрүү хугарсан байна, нэгдүгээр эмнэлэг рүү явж мэс засалд ор гэсэн ...” гэх,

            гэрч Л.Анхбаярын “... ахиад нэг өөр залуу Мөнхбаяртай маргалдаад, тэр 2 хоорондоо маргалдаад зодолдох гээд байхаар нь би салгасан. Тэгтэл тэр залуу ахиад Мөнхбаярыг 2-3 удаа нүүр лүү нь цохьсон. Тэгэхээр нь би ахиад салгасан чинь Мөнхбаярыг нөгөө залуу хоёулаа үзчих үү гээд Мөнхбаярын хувцаснаас нь зулгаагаад, хажуугийн гэр хорооллын гудамж руу орсон. Тэгэхээр нь салгах гэтэл Мөнхбаяр байж бай, бид 2 өөрсдөө учраа олчихно гэсэн ба нөгөө залуу нь би новшрохгүй, бид 2 эр хүн шиг үзнэ гээд байсан. Тэгээд тэр залуу Мөнхбаярын нүүр лүү гараараа цохиод, тэр 2 барьцалдаж аваад, газар хамт унаад, буцаж босч ирээд, дахиж ноцолдоод байхаар нь би баарны хажууд байгаа хүмүүсээ зохицуулах гээд баарны үүдэнд очсон ба тухайн үед тэр хоёрын хажууд Өсөхбаяр зохион байгуулагч үлдсэн. ... маргааш нь уг залуугийн эрүүг нь Мөнхбаяр хугалсан гэдгийг Мөнхбаяраас сонссон ...” гэх,

гэрч Б.Өсөхбаярын “... Сар өдрийг нь санахгүй байна. 02-03 цагийн орчимд манай м2, нэмэх 25 нэртэй баарнууд хаах гэж байхад манай хамгаалагч Мөнхбаяртай манай бааранд үйчлүүлж байсан үл таних нэг залуу хэрэлдээд, Мөнхбаярыг гэлэгма гэх мэтээр доромжлоод, тэр 2 заамдалцсан. Тэгэхээр нь би голоор нь ороод салгасан. Тэгтэл тэр 2 бид 2 нэг нэгэндээ новшрохгүй, эр хүн шиг зодолдоно гээд байхаар нь би салгахгүй эр хүн шиг учраа олох байх гээд тоохгүй гудамжинд үлдээсэн. Тэр үөд Мөнхбаяр нөгөө залуутай барьцалдаж аваад, нэг нэгнийгээ заамдаад цохиод байх шиг байсан. Тэгтэл нөгөө залуу нь ядарсан бололтой замын хажуугийн хашлага орчимд суусан. Тэгтэл Мөнхбаяр араас нь очоод, тэр залуугийн зүүн талын шанаа орчим руу нэг удаа өвдөглөөд өвдөгөөрөө цохьсон. ... нөгөө залуу хамгаалагч Мөнхбаяртай уулзаад, тэр 2 хамт гэмтлийн эмнэлэг явсан ба манай хамгаалагч Анхбаяр хамт явсан шиг санагдаж байна  ...” мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаар дүгнэлт,  хохирогч Б.Буян-Авралын өвчний түүхийн хуулбар зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Ц.Мөнхбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Буян-Аврал нь шүүгдэгчээс эмчилгээний зардал болох 2,500,000 төгрөгийг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 74/ гэж байх тул шүүгдэгч Ц.Мөнхбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Мөнхбаярт ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх  болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.        

       

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

            ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Буурал овогт Цогбадрахын Мөнхбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбаярыг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбаярт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, Ц.Мөнхбаяр бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхбаярт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Мөнхбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ