Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00235

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02239 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/01772 дугаар магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

З-д холбогдох

61,557,360.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас хариуцагч З-д холбогдуулан 61,557,360.57 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02239 дүгээр шийдвэрээр: Згийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч З-гаас нийт 61,557,360.57 /жаран нэгэн сая таван зуун тавин долоон мянга гурван зуун жаран төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,736.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/01772 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181ШШ2023/02239 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Згийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтад” гэснийг “Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,736.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч нь батлан даалтын гэрээгээр зээлдэгч “Х” ХХК-ийн 2014.05.16-ны өдрийн ... тоот зээлийн гэрээгээр “Г” ХК-аас авсан 250,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь буюу 150,000,000 төгрөгийг зээлдүүлэгчийн өмнө бүрэн хариуцахаар батлан даасан.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр магадлалыг хянах үндэслэл болох тухайд.

Анхан болон давж заалдах шатны шүүх Згийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх хэсгийг хоорондоо зөрүүтэй хэрэглэсэн байна.

Тус хуульд “9.1. С нь дараах үйл ажиллагааг явуулна, 9.1.1. банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах” гэж заасан.

Тус хуулийн заалтын агуулгыг авч үзвэл хариуцагч буюу Згийн батлан даалт гаргах дүнгийн хязгаар нь зээлийн дүнгийн 60 хувиар хязгаарласан утгатай заалт байна. Энэ нь маргалдагч талуудын хооронд байгуулсан гэрээний заалттай нийцэж байгаа бөгөөд батлан даагчийн хүлээх үүргийн хязгаар нь үндсэн зээл 250,000,000 төгрөгийн 60 хувь буюу 150,000,000 төгрөгийн батлан даалт гаргасан гэх нэхэмжлэгчийн үндэслэлтэй нийцэж байна. Тиймээс уг хууль нь тус маргаанд хэрэглэх ёстой хууль мөн байна.

Гэтэл анхан шатны шүүх уг хуулийг хэрэглэхдээ хариуцагчийн батлан даасан үүргийн хэмжээг зээлийн эцсийн үлдэгдэл дүн буюу барьцаагаар хангагдсаны дараа үлдсэн дүнгийн 60 хувь гэж илт буруу, эсрэгээр тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэг /магадлалын 6-р нүүр/-т “3ээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх ...хуулийн зохицуулалт нь Згийн үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийг тодорхойлсон зохицуулалт ба Згаас батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй...” гэж анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэжээ.

Хэдий давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн уг хуулийг буруу хэрэглэсэн болохыг тогтоосон боловч уг хууль хэрэглээг зөвтгөж, зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэхийн оронд уг хуулийг хэрэглэхээс татгалзаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр шийдвэрлэсэн нь мөн хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэж байна.

Гны зүгээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд зээл олгохдоо батлан даалт болон барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 100 хувь байхаар гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл нэг үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар барьцаа болон батлан даалтаар хангах аргыг зэрэгцүүлж ашигласан. Барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангасан тул үлдэх хэсгийг батлан даагч хариуцаж төлөх нь хууль болон гэрээнд нийцнэ. Давж заалдах шатны шүүхээс Згийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх хэсгийг тайлбарлаж байгаагаар үүрэг хангагдсан гэж үзвэл Г 61,557,360.57 төгрөгийг төлүүлэх боломжгүй болж хохирч үлдэж байгаа юм.

4.2. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх заалтыг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэсэн байх ба уг хуулийн заалтад батлан даагчийн үүргийг хязгаарлах тухай ямар нэг агуулга байхгүй байна. Харин эсрэгээрээ батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй нийт үүргийг хариуцахыг заасан болох нь тодорхой байна.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахдаа давж заалдах шатны шүүх нь гаргаж буй шийдвэрийн эсрэг зохицуулалтыг ашиглаж байгаа нь хууль хэрэглээний илэрхий алдаа болохын зэрэгцээ анхан шатны шүүхийн хууль хэрэглээнээс зөрүүтэй байна гэж үзэж байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2006.12.21-ны 53 дугаар тогтоолд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх заалтыг үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөрийг хариуцах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх заалтыг үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хүлээх хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээхийг хэлнэ гэж тус тус тайлбарласан байна.

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэглэсэн хуульд хариуцагчаас нэхэмжилж буй үүргийг хязгаарласан заалт байхгүй болох нь тодорхой байна.

4.3. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан батлан даалтыг гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн зохих зүйл, заалтуудыг буруу хэрэглэсэн.

Батлан даалтын гэрээний 1.4-т “Батлан даагчийн батлан даах хэмжээ үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60% байна” гэж заасан.

Давж заалдах шатны шүүх уг гэрээг тайлбарлахдаа “Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах ба Батлан даалтын гэрээний 1.4, 3-ын 3.4.1-т зааснаар хариуцагчийн батлан даах үүргийн дээд хэмжээ нь төлөөгүй үлдэгдэл дүнгийн 60 хувь гэж заасан байх тул хариуцагч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гүйцэтгээгүй зээлийн үүргийн үнийн дүнгийн 60 хувийг хариуцах үүрэгтэй байна” гэж дүгнэсэн боловч гуравдагч этгээдийн төлөөгүй зээлийн үлдэгдэл дүнг тодорхойлохдоо барьцаагаар хангагдсаны дараа үлдсэн дүнгээр тооцсон байгаа гэрээний тус заалтыг илтэд буруу тайлбарлаж, “барьцаагаар хангуулсны дараа үлдэх зээлийн үлдэгдэл” гэх гэрээнд огт байхгүй нөхцөл нэмж оруулан тайлбарлаж байгаа нь илэрхий хууль хэрэглээний алдаа болно.

Тус маргааны гол зүйл нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнг гэрээний дагуу хэрхэн зөв тодорхойлох тухай асуудал болно. Нэхэмжлэгч нь уг дүнг барьцаагаар хангагдахаас өмнөх дүн гэж үзэж, хариуцагчаас шаардаж байгаа бол хариуцагч нь барьцаагаар хангуулсны дараа үлдэх дүн гэж маргаж буй.

Шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг зөв хэрэглэн гэрээг тайлбарласан бол тус асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжтой байсан. Гэрээнд үлдэгдэл дүн гэдэг нь аль үеийн үлдэгдэл болохыг шууд заасан зохицуулалт байхгүй тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасны дагуу бусад нөхцөлийн агуулгыг харгалзан тайлбарлах ёстой.

Үүнд:

Гэрээний 1.1 дэх заалт: Батлан даасан нийт үүргийн дүн 150,000,000 төгрөг,

Гэрээний 1.6, 2.1, 3.4.1 дэх заалтууд: зээлдэгч зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног хугацаа өнгөрсний дараах үлдсэн зээлийн үлдэгдлийн 60%-ийг Батлан даагч төлөх үүрэгтэй болох нь тодорхой харагдаж байна. Уг 90 хоногийн хугацаа нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон барьцаалуулагч нарын эсрэг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр өнгөрсөн байсан ба шүүхийн шийдвэрээр зээлийн төлбөрийн үлдэгдэл баталгаажсан байдаг. Иймд шүүхээр баталгаажсан уг дүнг зээлийн үлдэгдэл дүн гэж тооцох үндэслэлтэй юм.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын байгуулсан батлан даалтын гэрээний зүйл заалтыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1- д заасныг хэрэглэж байгаа бол ийнхүү үгийн шууд утгыг анхаарч хэрэглэхдээ гэрээнд байхгүй нөхцөл нэмж оруулан тайлбарлах эрхгүй, харин тухайн тохиолдолд хэрэглэх ёстой Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дах заалтыг хэрэглээгүй нь хууль хэрэглээний алдаа болно.

Түүнчлэн, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасныг мөн шүүх хэрэглээгүй.

Батлан даагчийн хүлээх үүргийг хязгаарласан үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна гэсэн хязгаарлалт нь 250,000,000 төгрөгийн 60 хувь буюу 150,000,000 төгрөгөөр хязгаарлагдана гэж ойлгох ёстой. Батлан даалтын гэрээний 2.1 болон Батлан даагчаас Ганд ирүүлсэн баталгаа гаргах тухай 2014.05.14-ний 216 дугаартай албан бичгээс энэ нөхцөл байдал тодорхой харагдаж байна.

Бидний зүгээс Зд 2022.11.01-ний өдөр 18/10-0344 дугаар Батлан даалтын үүрэг гүйцэтгүүлэх тухай албан бичгийг хүргүүлж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн биелүүлээгүй үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 131,081,999.57 төгрөгийг шаардсан. Дээрх дүн нь батлан даагчийн хариуцахаар үүрэг хүлээсэн хязгаараас бага байна.

Иймд хуулийг зөв хэрэглэх замаар нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр магадлалыг хянах үндэслэл болох тухайд.

Давж заалдах шатны шүүхээс зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцохоор шүүх хурал хойшлуулах тухай хүсэлт, хойшлуулах зайлшгүй үндэслэл бүхий баримтыг 2023.09.15-ны өдөр тус шүүхэд хүргүүлж, шүүгчийн туслахад энэ талаар танилцуулсан. Гэвч шүүхээс энэхүү хүсэлтийг шийдвэрлэлгүй орхиж зохигчийн мэтгэлцэх эрхээр хангагдах эрхийг ноцтойгоор зөрчиж давж заалдах шатны шүүх хуралдааныг явуулсан байна.

Тухайн маргааны гол зүйл нь талуудын хооронд байгуулсан гэрээг хэрхэн тайлбарлах, талууд гэрээг байгуулахдаа хэрхэн ойлгож, хамтын ажиллагааны зорилго юу байсан, ямар нөхцөлд гэрээг байгуулсан зэрэг нь маргааны шийдэлд хамааралтай буюу дан ганц бичгийн нотлох баримтаас гадна талуудын тайлбар, асуулт хариулт, мэтгэлцээний аргаар тогтоогдох нөхцөл байдлаас хэргийн шийдэл хамаарах онцлогтой маргаан болно.

Иймд нэхэмжлэгч талыг хүндэтгэх шалтгаантай байтал эзгүйд хуралдааныг хийсэн нь шүүхийн шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Згаас 61,557,360.57 төгрөгийг гаргуулж “Г” ХК-д олгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.11.10-ны өдрийн 001/ШХТ2023/01362 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч З-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 61,557,360.57 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...“Г” ХХК нь “Х” ХХК-тай 2014.05.16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаагаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож З үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувийг өөрийн хөрөнгөөр төлөхөөр батлан даалтын гэрээ байгуулсан. ...Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр шүүхэд хандсанаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2017.01.25-ны өдрийн 00259 дугаартай шүүгчийн захирамжаар “Х” ХХК нийт 268,533,690.06 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хануулахаар шийдвэрлэсэн. Зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгийг худалдан борлуулж 138,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 131,081,999.57 төгрөгийн төлбөр үлдсэн, дээрх үнийн дүн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 46.6 хувьтай тэнцэх тул З-г үүргээ гүйцэтгэхийг шаардсанд 78,652,799 төгрөгийг төлж, үлдэх төлбөрөө төлөхөөс татгалзсан тул зээлийн үлдэгдэл  төлбөр 61,557,360.57 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө...” гэж тодорхойлсон,

Хариуцагч З тайлбартаа: “...тус З “Х” ХХК-ийн зээл 250,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувьд батлан даалт гаргасан, ...үлдэгдэл төлбөр 131,087,999.57 төгрөгийн 60 хувь буюу 78,652,799.44 төгрөгийг Г-инд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

8. Анхан шатны шүүх “...хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэлийг хангахгүй...” гэж дүгнэн З-гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар хэргийг шийдвэрлэхээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

9. Дээр дурдснаар хоёр шатны шүүх ижил шийдвэр гаргасан боловч өөр өөр хууль хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “...хоёр шатны шүүх хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлээр хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.

10. Зохигчийн хооронд Батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д нийцсэн.

Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, үүргээ гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.

З хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар сан нь дараах үйл ажиллагааг явуулна, 9.1.1-д банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах, ... гэжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2014.05.16-ны өдрийн Батлан даалтын гэрээгээр “...батлан даагч З нь “Г” ХХК, “Х” ХХК-ийн хооронд 2014.05.16-ны өдөр байгуулагдсан 250,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Зээлийн гэрээгээр зээлдэгч нь хүлээсэн үүргээ зээлдэгч бүрэн биелүүлж чадна, үүргээ биелүүлээгүй тохиолдолд Батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг хүлээнэ, ...батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна...” гэж харилцан тохиролцжээ.

Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй байна.

Гагцхүү нэхэмжлэгч нь хариуцагчийн хүлээх үүргийг үндсэн зээлийн 60 хувь гэж тодорхойлсон бол хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь гэж маргасан тул “үндсэн зээлийн үлдэгдэл дүн”-г хэрхэн тодорхойлох нь маргааны зүйл болжээ.

11. З хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар З зээл хүссэн боловч барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргахаар зохицуулсан нь З-гийн эрхэд хамаарах зохицуулалт буюу батлан даах хэмжээ зээлийн 60 хувиас хэтэрч болохгүй гэсэн агуулгатай байна.

Харин хэдэн хувиар батлан дааж, хариуцлага хүлээхээ гэрээгээр тохирох бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 1.4-т хариуцагчийн батлан даах хэмжээг “үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь” гэж харилцан тохиролцсон бөгөөд улмаар талуудын эрх үүргийг тодорхойлсон 3 дугаар зүйлийн, Батлан даагчийн үүргийг тодорхойлсон 3.4 дүгээр хэсгийн 3.4.1-д зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх гэжээ.

Дээрх тохиролцоог нэхэмжлэгч тал гэрээний үүрэг барьцаагаар хангагдахаас өмнөх дүн, өөрөөр хэлбэл зээлдэгч зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног хугацаа өнгөрсний дараах үлдсэн зээлийн үлдэгдлийн 60 хувь гэж тайлбарласан бол хариуцагч тал зээл төлүүлэх хангалттай арга хэмжээ авагдсаны дараах зээлийн үлдэгдэл үнийн дүнгийн 60 хувь ойлгоно гэж тус тус маргасан байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар  гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно, 198.4-т хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээнд заасан “үндсэн зээлийн үлдэгдэл дүн”-гийн агуулгыг гэрээний шууд болон гэрээний бусад нөхцөл байдал, агуулгад илүү тохирсон утгаар нь үндэслэл бүхий тайлбарласан гэж үзнэ.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, 460.4-т батлан даагч нь батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус зохицуулсан.

Иймд үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бүхий л арга хэмжээ авагдсаны дараа буюу барьцааны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос төлбөрийг тооцсоны дараа гэрээнд заасан хэмжээгээр буюу үндсэн зээлийн үлдэгдэл  дүнгийн 60 хувиар хариуцагчийн үүргийг тодорхойлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх гэрээг зөв тайлбарласан байна.

З хууль нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлохгүй тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/01772 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Г” ХХК-аас 2023.10.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,736.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

                                                                                                 Н.БАТЧИМЭГ

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД