Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 125/ШШ/2022/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Ч , Ж.Э нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн А/686 дугаар захирамж нь хууль бус гарсан тул уг захирамжийн хавсралтийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ний едрийн А/607 дугаар "эзэмшил газрын байршил өөрчлөх тухай" засаг даргын захирамжийн Ж.Э , Б.Ч  нарийн эзэмшлийн Баянхайрхан багийн Солонго хороололд 391 м2 газрыг хэвээр үлдээж, Ж.Э , Б.Ч  нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгохыг газрын албаны дарга Д.А-т даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч , Ж.Э , нэхэмжлэгч Ж.Э-ийн өмгөөлөгч Ж.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдөр ажиллаж буй аймгийн Засаг дарга Д.А- нь 2014 онд аймгийн Засаг даргаар томилогдсон даруйдаа өмнөх аймгийн Засаг дарга нарын олон зуун иргэдэд хууль журмын дагуу эзэмшүүлсэн газруудыг, тухайлбал 4 захирамжаар Ж.Э  нарын 85 иргэнд эзэмшүүлсэн газрыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулалгүй, хууль зөрчснийг эрх бүхий байгууллага шалган тогтоосон дүгнэлт байхгүй байхад шууд хууль зөрчсөн гэж А/57 дугаар захирамж гарган хүчингүй болгож, авто замын трасст оруулах, дахин төлөвлөлтөд оруулах, бохирын шугам татах зэрэг үйлдэл гаргасан тул .... байгууллага, шүүхэд хандаж захирамжийг хүчингүй болгуулж, эзэмших эрхээ сэргээлгэсэн болно. МИний хувьд гэхэд үл хөдлөх хөрөнгө бүхий 900 м.кв газар замын трасст орсон, бохирын шугам татсан зэрэг газар эзэмших эрхээ зөрчүүлсэн тул 7 жил хөөцөлдсний дүнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Засаг дарга Ж.Ганбат нар нь миний нөлөөлөлд өртсөн газрын байршлыг өөрчилж, Газрын тухай хуулийн дагуу бидэнд тус бүр 391 м.кв газрыг А/607 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. Гэтэл өөрсдийнх нь 2014 онд ажиллаж байхдаа хууль, иргэний эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, засаж залруулсан Засаг дарга Ж.Ганбатын А/607 дугаар захирамжийг Д.А  нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны А/668 дугаар ганц хуудас захирамжийг бидэнд мэдэгдэхгүй нууцаар, тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлах зарчимд нийцээгүй гэх ямар ч хуулинд байхгүй үндэслэл бичиж хүчингүй болгосон тул Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/668 дугаар захирамж нь бидний газар эзэмших эрхийг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын А/607 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн тус бүр 391 м.кв газарт газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Бидэнд газар эзэмшүүлсэн А/607 дугаар захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болох тухайд гэвэл 2020 оны А/686 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дах хэсэг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан хуулийн заалтуудыг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлж, хууль зөрчсөн хууль бус захирамж болсон гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлд “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэж заасан. Хууль, эрх зүйн хэлтэстэй Засаг дарга хууль бус захирамж гаргасанд харамсаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нараас хүргүүлсэн болон шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхээс цуглуулсан тайлбар мэдүүлэг зэрэг хэргийн материалд байгаа материалууд дотор Ж.Ганбат даргын гаргасан А/607 дугаар захирамжийг хууль зөрчиж гаргасан гэж буруутгах нэг ч нотлох баримт байхгүй. Нөгөө талаар А/607 дугаар захирамжаар хууль зөрчиж газар эзэмшүүлсэн тухай иргэн байгууллагаас албан тушаалтнаас ирүүлсэн өргөдөл, гомдол байхгүй. А/607 дугаар захирамжийг хууль зөрчиж гаргасныг шалган тогтоосон хуулиар тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны акт, дүгнэлт зэрэг нотлох баримт байхгүй тул А/686 дугаар захирамжийг хууль зөрчиж гаргасан, хууль бус акт юм. А/607 захирамжийг хуульд нийцүүлж гаргасан нотолгоо байгаа гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6 дахь хэсэгт заасан болон 73 дугаар зүйлд заасны дагуу захиргаа шийдвэр гаргах ажиллагаа явуулаагүй байж 2020 онд А/686 дугаар захирамж буюу захиргааны акт гэх 1 хуудас цаасаар Засаг даргын А/607 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Засаг дарга Д.А  эрх хэмжээгээ хэтрүүлж, хууль зөрчиж А/686 дугаар захирамж гаргасан, уг захирамж хууль бус гэдэг нь тодорхой байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2009, 2010 оноос хойш хэд хэдэн удаа аймгийн Засаг дарга болон газрын албанд газар эзэмших тухай хүсэлтээ өгч байсан. Улмаар аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/404 тоот захирамжаар би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 11-р гудамжны хойд талд 226,5 м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй болсон. Дараагийн сонгуулиар Говь-Алтай аймгийн Засаг даргаар О.А  сонгогдож, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/57 тоот захирамжаар өмнөх засаг даргын А/404 тоот захирамжийг хүчингүй болгосон. Би тухайн үед энэ талаар мэдээгүй бөгөөд уг асуудлаар холбогдох албан тушаалтан, албаны хүмүүстэй удаа дараа уулзаж, цаашид газар дахин нөхөж авах талаар уулзаж байсан. Тэдгээр хүмүүс нь уг газар хүчингүй болгосон, инженерийн шугам сүлжээ хийгдэх ажлын дараа газар шилжүүлж олгох талаар надад хэлсэн. Миний өргөдөл гаргаж байсан тухай баримт нь архивын газарт байгаа байх, зарим баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Би 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр газрын албанд өмнөх хүчингүй болсон газрыг сэргээж өгөх, эсхүл газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй бол өөр инженерийн шугам сүлжээ бүхий газарт орон сууцны зориулалтаар газар эзэмших боломжийг олгож өгнө үү гэж хүсэлт гаргасан. Миний уг хүсэлтийг дагуу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/607 тоот захирамжаар надад газар эзэмших эрхийг. Уг газрыг олгохдоо 2020 оны газрын төлөвлөгөөнд орсон байсан газраас олгосон. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолыг гаргасан. Уг төлөвлөгөөнд тусгагдсан байршилд заасан газарт газар эзэмших эрхээ сэргээж авсан гэж үзэж байгаа. Биднийг Солонго хороололд газар эзэмших эрхтэй болох үед газар төлөвлөлтөнд орсон ямар нэгэн тендер сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар газрыг иргэнд эзэмшүүлж байсан зүйл байхгүй. Солонго хороололд инженерийн шугам сүлжээ тавигдах үеэс эхлэн тухайн газарт сонгон шалшгаруулалт зарлагдаж байгаа байх. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн Засаг даргын А/686 захирамжаар бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул шүүхэд хандсан. Засаг дарга нь удаа дараа өмнөх засаг даргын захирамжийг хүчингүй болгож байсан гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: “...Аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 02-ны едрийн А/607 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт "...орон сууцны зориулалттай нөлөөлөлд ертсен газрын..." гэж заасан байгаа нь иргэн Б.Ч-ийн эзэмшиж байгаа уурын зуухны барилга бүхий ахуйн зориулалттай газарт хамааралгүй байна. 2. Мөн иргэн Ж.Э-ийн эзэмшиж байсан газар нь аймгийн Засаг даргын 2014 оны 02 сарын 17-ны өдрийн А/57 дугаар захирамжаар хүчингүй болсон, мен эзэмшиж байсан газар нь нелеелелд хэрхэн өртсөн нь тодорхойгүй байхад газрын байршил еорчлон эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зерчсен болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.  

Нэхэмжлэгчийн Ж.Э-ийн өмгөөлөгч Ж.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нэхэмжлэгч Ж.Э нь удаа дараагийн газар эзэмших хүсэлтийн дагуу газар эзэмшсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “...” гэж заасныг хангасан байна. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...” гэж заасны дагуу хүсэлт гаргаж байсан тул түүнд газар эзэмшүүлэх шийдвэр гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Тухайн газрыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/686 дугаар захирамжаар хүчингүй болгохдоо Ж.Э-т ямар байдлаар мэдэгдсэн, сонсох ажиллагаа хийсэн эсэх талаар хэрэгт авагдсан баримтыг шинжлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “...” гэж, 26.2-т “...” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-т “...” гэж заасан бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэрийн талаар тайлбар, мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгээс 27.7-д зааснаар эрхийг нь хангах үүрэгтэй. Гэтэл Ж.Э-т тухайн газрыг хүчингүй болгох талаар огт мэдэгдээгүй нь хэргийн 72, 73 дахь хуудсанд авагдсан мэдэгдэх хуудасны он сараас харагдаж байна. Энэ нь эрх нь зөрчигдсөн хүмүүсийн тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “.. мэдэгдлийг тус бүрт” гэж заасныг зөрчсөн. Энэ хүмүүсийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тул мэдэгдэх хуудсыг тэдэнд шууд хүргүүлэх ёстой байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Үүний талаар хариуцагч талаас маргасан, нотлох баримт бүрдүүлж өгсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй захиргааны акт буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын А/686 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “...” гэж заасныг баримталсан. Уг заалт нь бүх шатны Засаг дарга нарын захирамж гаргах бүрэн эрхийг илтгэсэн. Мөн тус захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “...” гэж заасныг баримталсан. Уг заалт нь иргэнд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргахад ямар ч хамааралгүй. Засаг дарга нь тухайн сумын нутагт иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг баримталж хүчингүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Засаг даргын бүрэн эрх, бусад хууль тогтоомжийг зөрчих эрхийг олгоогүй. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс нэгийг нь ч баримтлаагүй. Захиргааны ерөнхий хуулийн “40.2.3-т заасан бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэх шаардлагыг хангасан байх ёстой” гэж заасан. Нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газрыг хүчингүй болгох бодит нөхцөл байдлыг тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчимд нийцүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хэрэгт авагдсан 2019 оны газрын төлөвлөгөө дүгнэж, 2020 оны газрын төлөвлөгөөнд тусгагдсан байдлаас харахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчимд гэх асуудлын хувьд нэхэмжлэгч нарын авсан газарт ямар журмаар төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах зарчим, журам нь хэрэгт байхгүй. Хэн сонгон шалгаруулалт, дуудлага худалдааг явуулах, тус дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтанд хэн оролцох талаар нотолсон баримт хэрэгт байхгүй. Үүнээс харахад нэхэмжлэгч нарын газрын эрхийг хүчингүй болгохдоо бодит нөхцөл байдлыг тогтоосон эсэх нь эргэлзээтэй. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд “.... зөрчсөн бол ...” гэж заасны дагуу Газрын тухай хуульд заасан үндэслэлгүйгээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч нар нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн А/686 дугаар захирамж нь хууль бус гарсан тул уг захирамжийн хавсралтийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ний едрийн А/607 дугаар "эзэмшил газрын байршил өөрчлөх тухай" засаг даргын захирамжийн Ж.Э , Б.Ч  нарийн эзэмшлийн Баянхайрхан багийн Солонго хороололд 391 м2 газрыг хэвээр үлдээж, Ж.Э  Б.Ч  нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгохыг газрын албаны дарга Д.А-т даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            2. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ч , Ж.Э  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

3. Хэргийн үйл баримтын тухайд: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2008 оны 5 сарын 08-ны өдрийн 151 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Б.Ч-т Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, Барилгын уурын зуухны зүүн талд, 900 м.кв талбай бүхий газрыг аухйн зориулалтаар эзэмшүүлжээ.

3.1 Улмаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга болон “Ундрага-Алтай” ОНӨҮГ нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “БУК”-ын 20-р байрны гадна бохир усны салбар шугамын ажил”-ын гэрээ байгуулан Б.Ч-ийн эзэмшлийн уурын зуухны хажуугаар бохирын шугам татах ажил хийгдсэн байна. Уг бохирын шугам татах ажлын хүрээнд Б.Ч-ийн эзэмшлийн 900 м.кв талбай бүхий газраар бохир усны үзлэгийн 3 худаг, татан зайлуулах 3 салбар шугам байрлуулсан байна.

3.2 Мөн Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр “Гудамж төслийн замын трасс шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтанд иргэн Б.Ч-ийн эзэмшлийн газар нь тус замын трасст орохоор төлөвлөгдсөн байгааг тусгажээ.

3.3 Нэхэмжлэгч Б.Ч нь ийнхүү нөлөөлөлд өртсөн гэх газраа өөр байршилд жишиг газар авахаар холбогдох эрх бүхий байгууллагад удаа дараа хандаж байсан байна.

3.4 Харин нэхэмжлэгч Ж.Э  нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/404 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баянхайрхан баг 11-р гудамжны хойд талд 226,5 м.кв талбай бүхий газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болжээ.

3.5 Улмаар Говь-АЛтай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/608 тоот “Эзэмшил газрын байршил өөрчлөх тухай” захирамжаар нэхэмжлэгч Б.Ч  Ж.Э нарын эзэмшлийн газрын байршлыг өөрчлөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, Солонго хороололд тус бүр 391 м.кв талбай бүхий газрыг 30 айлын орон сууцн зориулалтаар эзэмшүүлжээ.

3.6 Үүний дараагаар Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/686 дугаар “Захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч нарын эзэмшил газрын байршил хэмжээг өөрчилсөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/608 тоот “Эзэмшил газрын байршил өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгосон байна.

            4. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “... Иргэн Ж.Э , Б.Ч бид 2020 оны 11 дугээр сарын 02-ний А/607 дугаар аймгийн засаг даргын захирамжийн дагуу Баянхайрхан багийн Солонго хороололд 391 хугацаатайгаар хуулийн дагуу эзэмшихээр болж, газар эзэмших гэрчилгээгээ M² газрыг 15 жилийн аваагүй байхад аймгийн засаг дарга О.А нь хууль бус үндэслэлээр уг захирамжийг бидэнд мэдэгдэхгүй хүчингүй болгосон байна …” гэж

            5. Хариуцагчаас “...Аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 02-ны едрийн А/607 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт "...орон сууцны зориулалттай нөлөөлөлд ертсен газрын..." гэж заасан байгаа нь иргэн Б.Ч-ийн эзэмшиж байгаа уурын зуухны барилга бүхий ахуйн зориулалттай газарт хамааралгүй байна. 2. Мөн иргэн Ж.Э-ийн эзэмшиж байсан газар нь аймгийн Засаг даргын 2014 оны 02 сарын 17-ны өдрийн А/57 дугаар захирамжаар хүчингүй болсон, мен эзэмшиж байсан газар нь нелеелелд хэрхэн өртсөн нь тодорхойгүй байхад газрын байршил еорчлон эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зерчсен болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

            6.  Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

            6.1 Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/686 дугаар “Захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч нарын эзэмшил газрын байршил хэмжээг өөрчилсөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/607 тоот “Эзэмшил газрын байршил өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгохдоо  тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасныг үндэслэжээ.

            6.2 Мөн маргаан бүхий захиргааны актын захирамжлах хэсэгт “Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчимд нийцүүлээгүй, хууль зөрчиж гаргасан хавралтад дурдсан аймгийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгосугай” гэжээ.

            6.3 Говь-Алтай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзлээ.

            Тухайлбал, маргаан бүхий актыг гаргахдаа  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасныг үндэслэсэн бөгөөд тус заалт нь иргэн, хуулийн этгээд анх газар эзэмших хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргахдаа аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газрыг сонгож хүсэлт гаргах шаардлагатай болохыг тодорхойлсон заалт гэж үзэхээр байна.

            Нэхэмжлэгч нар нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/607 тоот “Эзэмшил газрын байршил өөрчлөх тухай” захирамжаар шинээр газар эзэмших эрхтэй болоогүй, өмнө эзэмшиж байсан газрын байршил хэмжээг өөрчлүүлсэн. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан газар эзэмшүүлэх хүсэлт гаргахад тавигдах шаардлагатай холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

6.4 Харин эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс аль нь тогтоогдож байгааг бодит байдалд нийцүүлэн тайлбарлаж захирамж гаргах ёстой.

            Харин хариуцагч нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо дээрх хуулийн заалтыг бодит байдалд нийцүүлэн тайлбарлаж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадаагүй байх тул маргаан бүхий актыг хуульд нийцүүлэн гаргаж чадаагүй гэж дүгнэлээ.

                        6.5 Нэгэнт хариуцагч нь уг захирамжаа хуульд нийцүүлэн гаргаж чадаагүй байх тул шүүх хариуцагчийн уг алдааг зөвтгөх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Б.Ч, Ж.Э нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус заасныг  баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн А/686 дугаар захирамж нь хууль бус гарсан тул уг захирамжийн хавсралтийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ний едрийн А/607 дугаар "эзэмшил газрын байршил өөрчлөх тухай" засаг даргын захирамжийн Ж.Э  Б.Ч нарын эзэмшлийн Баянхайрхан багийн Солонго хороололд 391 м2 газрыг хэвээр үлдээж, Ж.Э , Б.Ч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгохыг газрын албаны дарга Д.А-т даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/686 дугаар захирамжийн Ж.Э , Б.Ч  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

            2. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/607 дугаар захирамжийг үндэслэн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан баг Солонго хороололд Ж.Э , Б.Ч нарт эзэмшүүлсэн тус бүр 391 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.А-т даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Г.СОНИНБОЛОР