Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 28

 

Э.Төгөлдөрт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0028/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Н.Амаржаргал,

Шүүгдэгч Э.Төгөлдөр нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлээр Э.Төгөлдөрт холбогдох эрүүгийн 2040000000053 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 1996 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45-116 тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Энх-Эрдэнийн Төгөлдөр /РД: СЩ96122335/.

Э.Төгөлдөр нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 30-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 7-703 тоотод оршин суух, Д.Мягмарын гэрт архи ууж байхдаа түүнтэй маргалдаж, улмаар хагархай шилээр Д.Мягмарын хэвлийн баруун хэсэгт, мөн Б.Тамирбаатарыг ямар нэг шалтгаангүйгээр хэвлийн зүүн хэсэгт хагархай шилээр тус тус зүсэж, хоёр хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Энх-Эрдэнийн Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Энх-Эрдэнийн Төгөлдөрийг зургаан зуун цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төгөлдөр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21.2 см урттай, 7.3 см өргөн цонхны хагархай шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Төгөлдөр нь дээрх эрүүгийн хэрэгт шийтгүүлэхээс өмнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь 6000000 төгрөгийн торгох ялаас 400000 төгрөг төлж, 5600000 төгрөгийн ялыг эдлээгүй буюу торгох ял эдэлж байгаа ялтан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 600 зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5600000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох, эсхүл мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх байсан.

Гэтэл шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Төгөлдөр нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацаа дуусаагүй” гэж дурдаад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 зуун цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж”  шүүгдэгчийн өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл тул харилцан уялдаа холбоотой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаас гадна шүүгдэгчид оногдуулсан ялыг төрөл болон эдэлбэл зохих ялын хэмжээний талаар тодорхой бичигдэх хуулийн шаардлага тавигддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх эсхүл ялуудыг нэмж нэгтгэж өгнө үү гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлээр Э.Төгөлдөрт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Энх-Эрдэнийн Төгөлдөрийг зургаан зуун цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж ялын хэмжээг тодорхойгүй заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2.3-т заасан Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.8 дугаар зүйлийн 1.2-т заасан “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээг тусгана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцээгүй байна.

Э.Төгөлдөр нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг эдэлж дуусаагүй байхдаа шинээр гэмт хэрэг үйлджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан атал анхан шатны шүүх “шүүгдэгч Төгөлдөрт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацаа дуусаагүй” гэж дүгнэн түүнд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6000000 төгрөгийг торгох ял, мөн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дүгээр 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийн анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Төгөлдөрт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА