Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2021/00305

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: З овогт Б-ийн Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Х газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө миний бие төсвийн байгууллагад 10-аад жил нягтлан бодогчоор ажиллаж байгаа бөгөөд Увс аймгийн Х газарт нягтлан бодогчоор 2018 оноос эхлэн ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсэн болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан. Ингээд 2021 оны 3 дугаар сард хүүхэд 1 нас 2 сар хүрсэн тул ажилдаа эргэж орох хүсэлтээ гаргасан боловч ажилдаа орж чадаагүй. М овогтой Л-г нягтлан бодогчийн албан тушаалд авсан асуудал яригдаж байсан. Би удаа дараа ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргаад байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажилд эгүүлэн томилоогүй. Иймд Увс аймгийн Х газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Иймд намайг Увс аймгийн Х газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Х газрын дарга Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Танай шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн Б-ийн Ө нь Х газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/61 тоот Б.Ө-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар тус газрын нягтлан бодогч албан тушаалд томилогдож 2019 оны 12 дугаар сарын 02-ны Б/26 тоот тушаалаар Жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөө авсан байна. Б.Ө-г чөлөөтэй байх хугацаанд тухайн үед Х газрын дарга байсан Н нь иргэн М.Л-г 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 тоот М овогтой Л-г ажилд түр томилох тухай тушаалаар түр томилсон ба 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/67 тоот М овогтой Л-г ажилд томилох тухай тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд томилсон байна. Иймд Ц.Ө-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: М овогтой Л нь Х газарт 2020 оны 9 дүгээр сарын 16-нд Б/56 тоот тушаалаар нягтлан бодогчоор томилогдсон туршилтын хугацаанд ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 17-ны Б/67 тоот тушаалаар үндсэн ажилтан болсон. Миний хувьд Ө өмнө нь ажиллаж байсныг мэдээгүй. Г нягтлангаас ажил хүлээн авсан болно. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдалгүй, хуулийн дагуу ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс нягтлан бодогчоор томилон ирүүлэхийг зөвшөөрсөн Зөвшилцөх бичиг-ийг аван хууль дүрмийн дагуу ажиллаж байна. Ажлаа өгч чадахгүй. Учир нь миний бие хуулийн дагуу шат дамжлагаар нь томилогдон ажиллаж байна. Би одоогоор 3 сартай жирэмсэн. Энэ асуудал сэтгэл зүйд хүндээр тусч байна. Иймд Ө нь өргөдөл гаргасан нь миний ч эрх ашгийг хөндөж байгаа тул энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж энэ нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Х газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/61 тоот Б.Ө-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар тус газрын нягтлан бодогч албан тушаалд томилогдож 2019 оны 12 дугаар сарын 02-ны Б/26 тоот тушаалаар Жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөө авсан байна. Б.Ө-г чөлөөтэй байх хугацаанд тухайн үед Увс аймгийн Х газрын дарга байсан Н нь иргэн Л-г 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 тоот М овогтой Л-г ажилд түр томилох тухай тушаалаар түр томилсон ба 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/67 тоот М овогтой Л-г ажилд томилох тухай тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд томилсон байна. Ийм учраас Б.Ө-г шууд ажилд нь  томилох  боломжгүй болчихоод байгаа юм. Түүнээс Ө-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй  Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Увс аймгийн Х газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ө нь Увс аймгийн Х газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/61 тоот тушаалаар тус газрын нягтлан бодогчоор томилогджээ.

Улмаар Увс аймгийн Х газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөө авчээ. Тэрээр 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр охин М-г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил албан тушаалыг нь хэвээр хадгалахаар заасан байхад нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ө-г Увс аймгийн Х газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Х газраас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Л-д шүүх хуралдааны товыг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ө-г Увс аймгийн Х газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Х газраас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР