Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2021/00306

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Х овогт Д-ийн С-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт холбогдох,

    Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгийн эрхлэгч Э, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.С нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Х сумын сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн нягтлангийн ажлыг хавсран гүйцэтгэж ажиллаж ирсэн. Эрхлэгч Э-ийн ажлаас чөлөөлөх тушаал дээрх үндэслэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

- Цэцэрлэгт бие даасан нягтлангийн орон тоо, гэрээт ажилтан 2 гэсэн орон тоо огт байхгүй байхад шинээр нягтлангийн орон тоо үүсгэж тушаал гаргаж ажилтан авсан.

- Цэцэрлэг нь мөн төрийн аудитаас хязгаарлалттай дүгнэлт авсан гэх боловч 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хяналт шалгалт хийгдэж гарсан зөрчил нь Нярав Б хоол хүнснээс дутаасан. Нягтлан миний бие эрхлэгчийн тушаалаар үр дүнгийн цалин бодсон гэсэн 2 акт төлбөр тавигдаж төлбөрийг барагдуулсан. Байцаагч Н хэлэхдээ Хязгаарлалттай дүгнэлтэд нягтланд арга хэмжээ байхгүй, зөвлөн туслаж төлбөрийг хугацаандаа барагдуулах дүгнэлийг хүргэсэн. Надад 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр сумын засаг даргын албан тоот, 5 дугаар сарын 01-ний өдөр эрхлэгчийн албан тоот ирж 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Энэ байдлыг нам улс төрийн шинжтэй гэж үзэж байна. Эрхлэгч нь тушаал гаргахдаа Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны 43-р тоот тогтоол, Засгийн газрын 326 дугаар тоот тогтоох, Төсвийн хууль гэх мэт хууль дүрэм журмыг зөрчсөн гэж үзэж байна. Манай сум нь Ковид 19 өвчний халдвар 4 дүгээр сарын 12-ны өдрөөс гарч сумын Засаг даргын захирамжаар 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоосон байх хугацаанд Ажлаа өг гэж удаа дараа дарамталж сургуулийн ёс зүйн хороонд, мөн сумын Цагдаагийн дарга Г-д өргөдөл өгч нар руу яриулж дарамт шахалт үзүүлсэнд гомдолтой байна. Иймд миний нэхэмжлэл, гомдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

   Хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгийн эрхлэгч Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Увс аймгийн Х сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Э миний бие Монгол улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэг, хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгүүдийг үндэслэж мөн ажил хавсарган гүйцэтгэх гэрээний 7.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/13 дугаартай С-тай байгуулсан ажил хавсарган гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаал гаргасан. С нь Х сумын Сургуулийн үндсэн нягтлан бодогчоор ажилладаг. Манай цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэхээр гэрээ байгуулаад гэрээний хугацаа дууссан тул тушаал гаргасан. Сумын засаг даргын шийдвэрээр 3 байгууллага дундаа нягтлан бодогч гэрээгээр ажиллуулах зохицуулалтыг аймгийн Засаг дарга, Санхүү албаны дарга Э-тэй ярилцаж ийм шийдвэр гаргасныг сумын удирдлага бидэнд танилцуулсан. Жижиг байгууллагын дарга нарт энэ зохицуулалтын дагуу ажиллах үүрэг даалгавар сумын Засаг дарга өгсөн бөгөөд миний бие С-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан байсан тул тушаал гаргасан. Гаргасан тушаалаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нв хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Нэхэмжлэгч Д.С нь Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаалаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор томилогджээ.

     Мөн Увс аймгийн Х сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/10 тоот тушаалаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилж, гэрээ байгуулсан ба Увс аймгийн Х сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/13 тоот тушаалаар Цэцэрлэгийн нягтлан бодогчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа төрийн аудитын шалгалтаар хязгаарлалттай дүгнэлт авсан, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажил хавсран гүйцэтгэх гэрээг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цуцалжээ.

     Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Увс аймгийн Х сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Ажлын ачааллыг нягтруулах, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Н.Э-тай нягтлан бодогчийн ажлыг гүйцэтгүүлэхээр хугацаатай гэрээ байгуулжээ.

     Увс аймгийн Х сумын Засаг даргын зүгээс 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Соёлын төвийн эрхлэгч, Цэцэрлэгийн эрхлэгч, Сум дундын Ойн ангийн дарга нарт Сум дундын Ойн анги, Цэцэрлэг, Соёлын төв зэрэг орон нутгийн байгууллагуудыг хариуцсан гэрээт 1 нягтлан бодогчийг шинээр ажиллуулахаар аймгийн Засаг даргатай зөвшилцсөний дагуу одоо ажиллаж байгаа нягтлан бодогч нарын холбогдох тооцоог хийж гэрээгээр ажиллуулах нягтлан бодогчийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллах боломж нөхцөлөөр ханган хамтран ажиллахыг хүсье гэх албан тоотыг хүргүүлсэн байна.

     Нэхэмжлэгч Д.С нь Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажилладаг ба тус сумын Цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаа гэрээний хугацаа дууссан, өөр нягтлан бодогч томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

   Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

    Хариуцагчаас гаргаж ирүүлсэн Увс аймгийн Х сумын Цэцэрлэгийн хамт олноос Увс аймгийн Х сумын төрийн санд хүсэлт гаргах нь, хурлын тэмдэглэл гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар байх тул үнэлээгүй болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР