| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2021/00272/И |
| Дугаар | 152/ШШ2021/00312 |
| Огноо | 2021-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2021/00312
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Э-ийн Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт Д-ийн Д-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 670.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, хариуцагч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Увс амгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах Итгэл захын махны заалнаас иргэн Д-с үхрийн бүтэн мах 670.000 төгрөгөөр худалдан авсан. 1 кг-ыг нь 7500 төгрөгөөр авсан. Улаанбаатар хотод амьдардаг хүүгийндээ авсан, тэгээд махаа хүүгийнх рүүгээ Улаанбаатар хот руу явуулсан. Удалгүй хүү маань утсаар яриад Ээж ээ энэ махнаас шивтэр үнэртээд байна. Идэх ямар ч боломжгүй юм байна гэж хэлсэн. Би Д-тай очиж уулзаад чамаас авсан махнаас шивтэр үнэртээд идэж болохгүй байна гэж байна би мэргэжлийн хяналтын газарт шалгуулна гэж хэлээд явсан. Би Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагуудад нөхцөл байдлын талаар хэлэхэд лабораторын эмэгтэй Улаанбаатар хотод шинжилгээнд өг гэж хэлсэн. 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүүхдүүд маань уг маханд шинжилгээ хийлгэхэд өвчилж үхсэн малын мах болох нь тогтоогдсон. Би шинжилгээний хариуг аваад дахиад Д-тай очиж уулзаад үзүүлсэн. Тухайн үед Д болон түүний ээж нь их уурласан тул би Д-г дагуулаад хүнсний захын мах хариуцсан хяналтын байцаагч У гэж эмэгтэйтэй уулзаж хэлсэн. Би энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж үзсэн. Цагдаагийн байгууллагаас намайг Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарга гэж хэлсэн. Иймд би нэхэмжлэл гаргасан юм. Миний махны үнэ 670.000 төгрөгийг Д-аас гаргуулж өгнө үү. Би зөвхөн махны үнийг л нэхэмжилж байгаа. Түүнээс биш Улаанбаатар хотод шинжилгээнд өгсөн зардал гэх мэт зөндөө зардал гарсан... гэжээ.
Хариуцагч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүнсний захын махны зааланд мах зардаг юм. 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр манай ээж утсаар яриад Надад Зүүнговиос цагаан идээ авч ирж өгдөг нэг эмэгтэй нэг үхрийн мах 4 үхрийн дотор зарна гэж байна. Чи тэр махыг авах уу гэж хэлсэн. Би тэр махыг очиж үзэхэд бага үхрийн мах байсан бөгөөд би Энэ ямар учиртай мах вэ гэж асуухад Улаанбаатар хот руу явуулах гэж байсан мах юм. Хөл хорионоос болоод явуулж чадсангүй гэж хэлсэн. Би тэр хүнтэй үнээ тохиролцоод тэр махыг бүтнээр нь 600.000 төгрөгөөр авсан. Тэгээд махаа зарах гээд махны зааланд зогсож байтал Т ирээд энэ махыг сонирхоод асуухад нь Би энэ махыг 600.000 төгрөгөөр авсан юм аа. Танд нэг их ашиг харахгүй 1 кг-ыг нь 7.500 төгрөгөөр өгье гэж хэлээд бүтнээр нь 670.000 төгрөгөөр өгсөн. Т тэр өдрөөс хойш 14 хоногийн дараа махны зааланд ирээд манай ээжид Тэр махнаас чинь шивтэр үнэртэж байна гээд уурлаад явсан гэж байсан. Хэд хоногийн дараа би энэ эгчид Би махаа үзье гэж хэлээд Т эгчийн гэрт очиж үзэхэд граждаа байсан 3 кг орчим жижиг цэнхэр тортой мах үзүүлсэн. Тэр бараг 1 сарын дараа болсон асуудал. Тэр махны хагасыг нь энэ эгч өөрөө авч үлдсэн юм байна лээ. Надад үзүүлсэн мах ядаж миний зарсан махны мал нь байсан бол би яахав гэж бодох байсан. Гэтэл бүтэн 90 кг махнаас идэж уугаад 3 кг орчим жижиг мах үзүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр махыг өөрийн мах гэж танихгүй байсан. Би нэг эгч 2 дүү, ээжийн хамт өнчин өрөөсөн өссөн. Өнөөдрийг хүртэл зөвөөр амьдарч ирсэн. Надад хүн луйварддаг муухай зан байсан. Т эгч тэр дор нь Энэ чиний зарсан мах шинжилгээнд явуулъя гэж хэлээд хамт шинжилгээнд өгөөд шинжлүүлсэн бол би ийм маргаан гаргахгүй байсан. Гэтэл мах авч явснаас хойш бараг нэг сарын дараа ямар мах шинжлүүлсэн нь мэдэгдэхгүй нэг шинжилгээний бичиг барьж ирсэн. Иймд нэхэмжлэлйиг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т нь хариуцагч Д-д холбогдуулан махны үнэ 670.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д нь Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйл буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид үхрийн мах зарсан, нэхэмжлэгч нь үхрийн махны үнэ 670.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардах эрхээ алдахаар заажээ.
Тухайн үхрийн маханд шинжилгээ хийсэн Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн Шинжилгээний дүнгийн хуудас-т тухайн шинжилгээг хэний хүсэлтээр хийсэн нь тодорхойгүй байх тул хариуцагчаас худалдаж авсан мах гэдгийг нотлох боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь үхрийн махыг хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан тул шаардах эрхээ алджээ.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д-д холбогдох худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 670.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Д-д холбогдох махны үнэ 670.000 төгрөг гаргуулах тухай Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР