| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 187/2024/0287/Э/220/2024/0194 |
| Дугаар | 2024/ШЦТ/312 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/312
2024 05 01 2024/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Намидцэрэн хөтлөн,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогч Б.Г*******,
шүүгдэгч С.Т*******, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т******* овогт С******* Т*******т холбогдох 2303000000588 дугаартай эрүүгийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ула******* хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******-ийн 5 дугаар курсийн оюутан, ам бүл 7, аав, ээж, 4 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Хүннү ******* хотхоны ******* тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй,
Т******* овогт С******* Т******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Т******* нь “...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо Хүннү-******* хорооллын авто грашийн зам дээр Тоёота Приус маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.8-т заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Lexus-RX450 маркийн УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тус тээврийн хэрэгслийн жолоох болох Б.Г*******ын бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Т******* нь “...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо Хүннү-******* хорооллын авто грашийн зам дээр Тоёота Приус маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.8-т заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Lexus-RX450 маркийн УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тус тээврийн хэрэгслийн жолоох болох Б.Г*******ын бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Т*******ийн “... гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Г*******ын “...Гомдолтой байгаа. Сэтгэл санааны хохирлын мөнгө нэхэмжилнэ. Гэмтсэн хугацаанд гарсан алдагдсан боломж бололцооны төлбөр мөнгө гэж байдаг болов уу. Тухайн үед машинаа хэдэн төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Урьдаас ачаа таваар авсан байсан. Энэ хугацаанд удахгүй машинаа зарагдчихаар байсан. Энэ банк бустайгаа 5-6 удаа харьцсан байсан. Би сарын дотор зээлээ хаачихдаг. Банк бусаас өмнө 200-300 сая төгрөгийн зээл аваад хаасан байсан. Сүүлд энэ машин дээр 71,700,000 төгрөгийн зээл авсан байсан. Энэ хугацаанд надад мөнгө, төгрөг өгсөн юм байхгүй. Өөрийнхөө мөнгөө боломж бололцоогоороо гаргаад машинаа засуулаад янз бүрийн юм хийлгэчихсэн. Өчигдөр нийт 93,000,000 орчим төгрөгийн зээл хаасан. Олж байгаа жаахан хэдэн юмаа далд хийгээд өчигдөр зээлээ хаасан. Ерөнхийдөө наана нь энэ хохирол учраагүй байсан бол би өмнөх зээлээ төлөөд зээлийн хүү нэмж төлсөн. Сэтгэл ханамж сайн биш байгаа...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2303000000588 дугаартай хэргээс
102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 6 дугаар тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13, 15-16 дугаар тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр тал/,
Lexus RX450 маркийн УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 7,608,080 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-42 дугаар тал/,
Тоёота приус-30 маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 590,000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-50 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Г*******ын хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн орчим гараад байрныхаа доор байдаг гражийн тоот зогсоолоос Жэй Траст кредит ББСБ-н нэр дээр байдаг Lexus RX450 маркийн УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслээ ганцаараа жолоодож гарчихаад буцаад 12 цагийн орчим граж руугаа 203 дугаар байрны доод гражийн хаалгаар ороод баруунаас зүүн чиглэлтэй зогсоолруугаа 30 км цагийн хурдтай явж байх үед миний зүүн талаас чиглэлтэй ирсэн Тоёота приус-30 маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл машины талын хаалга руу мөргөсөн. Би тухайн машиныхаа рулийг дотор талаас нь баруун гараараа барьж явсан болохоор мөргүүлэх үед руль хүчтэй зүүн талруугаа мушгиад миний баруун гарын шуу эвгүй хөдөлж болохоо байгаад хавдсан. Тэр өдрөө гэмтлийн эмнэлэг дээр ирээд зураг авахуулахад баруун гарын бугуй орчимд яс хугарсан байсан. Одоо тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 7,600,000 төгрөг болж байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг хийлгэх шаардлагагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19, *******0 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Ц өгсөн “...Тоёота приус маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Би тухайн өдөр охин Тд өөрийн машинаа унах зөвшөөрөл өгсөн юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ослоос үүссэн хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 102, 105 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Жэй Траст кредит ББСБ-н хууль ёсны төлөөлөгч М.Ц өгсөн “...Хохирлын үнэлгээгээр гарсан 7,608,080 төгрөгийг буруутай этгээдээр гаргуулан авах хүсэлтэй байна. Фидуцын гэрээний 5.13-д зааснаар бусдад учирсан хохирлыг иргэн Б.Г******* бүрэн хариуцна гэж заасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 196 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14438 дугаартай “Б.Г*******ын биед баруун шууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 938917 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-72 дугаар тал/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 333833 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-62 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч Б.Ихтайваны өгсөн “...Тоёота приус-30 маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн тусгал нь стандартын шаардлага байхгүй байгаа нь тухайн осол болсон цаг хугацаа, орон зайд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 199 дүгээр тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сүхбаатарын 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1304 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 90 дүгээр тал/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тогтоол, хохирогч Б.Г*******аас хохиролтой холбоотой гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 34-39 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Т*******ийн яллагдагчаар өгсөн “...Lexus маркийн машиныг үзэгдэх орчин хязгаарлагдмал үед харалгүй зүүн талаас нь хаалга хэсэг рүү нь мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 83 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Т******* нь “...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо Хүннү-******* хорооллын авто грашийн зам дээр Тоёота Приус маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.8-т заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Lexus-RX450 маркийн УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тус тээврийн хэрэгслийн жолоох болох Б.Г*******ын биед эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Lexus RX450 маркийн УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 7,608,080 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Тоёота приус-30 маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 590,000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Цогзолмаа, М.Цэнд-Очир нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14438 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 938917 дугаартай, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 333833 дугаартай дүгнэлт, шинжээч Б.Ихтайваны мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сүхбаатарын 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1304 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”, Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тогтоол, хохирогч Б.Г*******аас хохиролтой холбоотой гаргаж өгсөн хохирлын баримтууд зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.
Иймд, шүүгдэгч С.Т*******ийн Тоёота Приус-30 маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч Б.Г*******ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Хохирогч Б.Г******* нь эмчилгээний зардал 962,556 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэлд учирсан хохиролын үнэлгээ 7,608,080 төгрөг нийт 8,570,636 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч нь 2,000,000 төгрөгийг дансаар /хх-ийн 215 хуу/, шүүхийн шатанд 1,500,000 төгрөгийн нөхөн төлсөн байх тул үлдэгдэл 5,070,636 төгрөг болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Т*******ээс гаргуулах нь зүйтэй.
Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт Б.Г******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулах шаардлагыг гаргав.
Шүүх, гэмт хэрэг гарсан байдал хохирогч Б.Г*******ын эрүүл мэндэд учирсан хохирол уг гэмтлээс болж түүний бие махбодод учирсан өвдөлт шаналал, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г*******ын амьдралын чанарт нөлөөлсөн сөрөг үр дагавар, сэтгэл санааны хямрал зэрэгт дүгнэлт хийж Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөвт заасны дагуу хүнд хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлэн тооцож 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Г*******т олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч С.Т******* нь энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарт төлөх төлбөргүй болно.
Харин хохирогч Б.Г******* нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Т******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч С.Т*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч С.Т******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид хохирол төлсөн мөн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 216 дугаар тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч С.Т*******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд С.Т*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Т******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх хуульд заасан үндэслэл болно.
Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т******* нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7,8, 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т******* овогт С******* Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Т*******ийг 600 /зурагаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т*******т оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т******* нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т*******ээс 16,070,636 /арван зургаан сая далан мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч ХуланЦувдаг овогт Буджавын Г******* /РД:ОИ91072511/-т олгосугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч , улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ