Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01530

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01530

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, 15 дугаар хороо, Энэбишийн гудамж,*******, 134 тоот хаягт оршин суух,******* /РД: ЦД73090928/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол,, 38 тоот хаягт оршин суух, Мянгад овогт Цэвэг-Очирын Уртнасан /РД: НГ73073162/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 53 дугаар байр, 6 тоот хаягт оршин байх, Санхеро ХХК /РД: 5380154/ нар холбогдох,

 

55,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрхэмбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянгын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрхэмбаяр нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь хариуцагч Ц.Уртнасангийн хэлсний дагуу Санхеро ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Санхеро ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Арцатын ам гэх газар баригдаж буй Гачуурт гарден цогцолборын 33 тоот хаягт байрлах 120 м.кв талбай бүхий байшинг барьж ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх ёстой байсан. Д.Эрдэнэчимэгийг очиж үзэхэд уг байшингийн газар шорооны ажил нь хийгдэж байсан тул Д.Эрдэнэчимэг нь итгэсэн, мөн Санхеро ХХК-ийн зүгээс байшингийн мөнгө болох 55,000,000 төгрөгийг Ц.Уртнасанд өгөөрэй гэсний дагуу кассын орлогын ордер дээр бичиж тэмдэглэж 55,000,000 төгрөгийг Ц.Уртнасан хүлээлгэж өгсөн, уг мөнгийг авсан тухайгаа хариуцагч хүлээн зөвшөөрдөг. 2015 оны 08 дугаар сард уг байшинг хүлээлгэж өгөх ёстой байсан боловч байшин баригдаагүй юм. Тиймээс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Санхеро ХХК-тай дахин гэрээ байгуулж 2016 оны 11 дүгээр сард байшинг хүлээлгэж өгөх талаар тохиролцсон боловч одоог хүртэл уг байшинг хүлээлгэж өгөөгүй байна. 2017 оны 08 дугаар сард Д.Эрдэнэчимэг нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг хэрэг нь 3 жилийн турш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж 2020 оны 12 дугаар сард иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байна гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсний дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Ц.Уртнасангаас 55,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Бид 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ц.Уртнасан, Санхеро ХХК нарыг хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн орон сууц захиалан байгуулах гэрээнүүдийг үндэслээгүй. Ц.Уртнасан, Санхеро ХХК нараас 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Санхеро ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, уг гэрээг нотлох баримтын үндсэн дээр хавтаст хэрэгт хавсрагснаас биш уг гэрээний үүргийг шаардаагүй тул Санхеро ХХК-ийг уг хэрэгт хариуцагчаар байснаа болиод татгалзсан. Харин Д.Эрдэнэчимэг нь мөнгөө өгсөн хүнээсээ мөнгөө буцааж авахын тулд Ц.Уртнасанг хариуцагчаар татсан. Хариуцагч Ц.Уртнасан нь Д.Эрдэнэчимэгээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг. Иймд Ц.Уртнасанг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Ц.Уртнасангийн өмгөөлөгч Б.Зулбаярын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.Уртнасан нь Д.Эрдэнэчимэгээс 55,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч уг иргэний хэргийн хариуцагч нь Ц.Уртнасан мөн үү гэдэг нь эргэлзээтэй юм. Учир нь нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь Санхеро ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байна. Үүнээс үзэхэд уг иргэний хэргийн хариуцагч нь Санхеро ХХК юм. Ц.Уртнасан нь Санхеро ХХК-д газар эзэмших эрхийн 4 гэрчилгээг шилжүүлж өгсөн байдаг. Иймд гэрээ байгуулсан Санхеро ХХК-тай хариуцлагын асуудал ярих нь үндэслэлтэй байна. Харин хариуцагч Ц.Уртнасан болон Д.Эрдэнэчимэг нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Хариуцагч Ц.Уртнасан нь уг 55,000,000 төгрөгийг Санхеро ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулаагүй, харин өөрийн эзэмшлийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь хариуцагч Ц.Уртнасанд холбогдуулан 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч тал ... Д.Эрдэнэчимэг, Ц.Уртнасан нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Харин хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс 55,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч Д.Эрдэнэчимэг нь Санхеро ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ багйуулсан. Хариуцагч Ц.Уртнасан нь уг 55,000,000 төгрөгийг Санхеро ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулаагүй, өөрийн эзэмшлийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Ц.Уртнасан биш, Санхеро ХХК байх тул хариуцагчаа зөв тодорхойлох шаардлагатай гэж маргажээ.

 

Хариуцагч Ц.Уртнасанд шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул өөрийн эзгүйд өмгөөлөгч Б.Зулбаярыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр бичгээр шүүхэд мэдэгдсэн, мөн хариуцагч нь шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь Санхеро ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Санхеро ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам гэх газарт Гачуурт гарден цогцолборын 33 тоот хаягт байрлах 120 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулж, Д.Эрдэнэчимэгт хүлээлгэн өгөх, Д.Эрдэнэчимэг нь орон сууцны үнэ 176,400,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, Д.Эрдэнэчимэг, Санхеро ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь хариуцагч Санхеро ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ц.Уртнасанг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, 55,000,000 төгрөгийг шаардсан болно.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, Санхеро ХХК-иудын хооронд байгуулагдсан дээр дурдсан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ болон Укасанфловер ХХК гэх тэмдэг дарагдсан Кассын орлогын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байрны урьдчилгаа төлбөр гэх гүйлгээний утга бүхий 55,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн ордерыг хариуцагч үгүйсгээгүй, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн ... 55,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Уртнасан хүлээн авсан, өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... байрны урьдчилгаанд 55,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ц.Уртнасанд хүлээлгэж өгсөн гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Ц.Уртнасан нарын хооронд орон сууц захиалан бариулах гэрээний харилцаа үүсээгүй боловч 55,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Уртнасан нь хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч Ц.Уртнасанг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, мөн 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Ц.Уртнасангаас 55,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Уртнасангаас 55,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 432,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР