Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
Хэргийн индекс | 125/2022/0018/з |
Дугаар | 125/ШШ/2022/0022 |
Огноо | 2022-08-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 125/ШШ/2022/0022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.С-ийн
Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Засаг даргад холбогдуулан гаргасан
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022-04-01-ний едрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, бусад хохирлыг барагдуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Д.Б , хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.С нь Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022-04-01-ний едрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, бусад хохирлыг барагдуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/890 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байна.
3.Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б/03 тоот захирамжаар нэхэмжлэгч Х.С-г Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.
4. Нэхэмжлэгч Х.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Х.С миний бие нь 2022 оны 4 сарын 01-ний өдөр Мөст сумын Засаг даргын Б/03 тоот захирамжаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, өөрөө хүсэлтээ гаргасан, 2022 оны төсөвт тэтгэмж нь суусан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.
Миний бие нь өөрөө хүсэлтээ гаргаагүй, надад сонсох ажиллагаа явуулаагүй, тэтгэмжээ аваагүй, тэтгэврээ тогтоолгоогүй. Захиргааны ерөнхий хуулийн дагуу төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, арга хэмжээ авахдаа заавал сонсох ажиллагаа явуулж миний нөхцөл байдал сонсох, надаас тайлбар бичгээр гаргуулаагүй, нэг талыг эрх ашгийг хамгаалж ёс зүйгүй үйлдэл гаргаж миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан.
Би ажлаасаа хууль бус чөлөөлөгдсөн тухайгаа Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлд гомдлоо гаргасан боловч гомдлын хариуг хянан шийдвэрлэхдээ Мөст сумын Засаг дарга шийдвэрийг хэвээр шийдвэрлэсэн бөгөөд “... Бусад асуудлаа шүүхийн байгууллагад хандана уу” гэж ирүүлсэнд гомдолтой байна.
Төрийн албаны тухай хуулийн 62-р зүйл, 62.1.1 дэх заалт хуульд зааснаас бусад үндэслэлээр Төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байна гэсэн заалтуудыг тус тус зөрчсон тул гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр анх намайг ажлаас чөлөөлсөн захирамж гарч, миний ажлыг хүлээж авах гэхэд нь би “Би тэтгэмжээ суулгуулсан хэдий ч үрчлэлтийн талаар маргаантай асуудал байгаа тул би тэтгэмжээ авах эрхгүй болсон, ажлаа өгөх боломжгүй” гэдгийг тайлбарлаад ажил хүлээлцэх асуудал нь хойшилсон. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг хариуцагч надад танилцуулсан. Тус захирамжаас болж маргаан үүсч, би ажлаа хүлээлгэж өгсөн. Би тухайн үед яагаад сонсох ажиллагаа явуулаагүй талаар Засаг даргаас асуусан. Гэтэл засаг даргаас надад “ Тэтгэвэрт гарч байгаа тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй” гэсэн. Тэр үед би “Би төрд 30 жил ажиллачихаад улс төрийн шалтгаанаар ажлаас гарахгүй. Тэтгэвэрт гарах байсан бол зохих журмын дагуу тэтгэвэрт гарах ёстой” гэж хэлсэн. Мөн би зохих газар нь хандана гэдгээ хэлсэн. Тухайн үед хариуцагч нь “Хуульд зааснаар цалин, холбогдох шимтгэлийг гэхэд хэрэв хууль бус захирамж гаргасан бол би өөрөө хариуцлагаа хүлээнэ” гэсэн. Би улмаар төрийн албаны зөвлөлд гомдлоо хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс “Засаг даргын захирамж нь тэтгэмж суулгуулсан үндэслэлийг баримталсан байна. Гомдолтой байгаа бол шүүхэд ханд” гэсэн хариуг өгсөн. Хэрэв би тэтгэвэрт гарах байсан бол миний үрчилж авсан хүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 6 нас хүрч байх тул тус өдрөөс надад тэтгэвэрт гарах эрх үүссэн. Мөн хүүхдийн үрчлэлтийн маргаан үүссэн байсан. Нөхөр маань 2020 онд нас барсан. Хүүхдийн үрчлэлтийн асуудлаас болж хүүхэд маань сургууль, цэцэрлэгт явж чадахгүй байгаа. Хүүхдүүд маань бусад төрийн үйл ажиллагаанд хамрагдах гэхэд түүний эрх зөрчигдсөн. Улмаар үрчилж авсан хүүхдийнхээ овгийг нь сэргээлгэхээр шүүхэд хандсан. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн овог сэргэсэн тул иргэний бүртгэлийн байгууллагаас хүүхдийн иргэний бүртгэлд өөрчлөлт ордог гэсэн. Одоогийн байдлаар иргэний бүртгэлийн байгууллагад шүүхийн шийдвэр очоогүй байгаа. Би ажлаас гарсны дараа тэтгэмжийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас асуухад үрчилж авсан хүүхдийн мэдээллийг хараад “Таны тэтгэвэр 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс тогтоно” гэсэн. Би санхүүгийн хэлтэст хандаж “Тэтгэмжийн мөнгөө авчихаад 55 нас хүрээд тэтгэвэртээ гарч болох уу?” гэхэд надад “Таны тэтгэвэр тогтож байж таны тэтгэмж авах эрх үүснэ. Хэрэв та хууль бусаар тэтгэмж авбал төрд буцааж төлөхөөр болно” гэж хэлсэн. Улмаар надад тэтгэмж авах, тэтгэвэр авах эрх үүсэхгүй, би хохирч үлдэхээр байгаа тул захиргааны хэргийн шүүхэд хандсан” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мөст сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 захирамжинд маргаан үүсгэсэн. Хариуцагчийн тайлбарын хувьд өөрийн гаргасан захирамжийн утга агуулгаас өөрөөр тайлбарлаж байна. Маргаан бүхий актын гол үндэслэлт нь тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн, тэтгэмж суусан гэх үндэслэл байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан. Уг зохицуулалтын гол агуулга нь тухайн хүн өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох гэсэн байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны төсөвт тэтгэмж суулгаж өгнө үү гэх хүсэлтийн дагуу Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж нь сумын төсөвт суугдсан. Уг журмын дагуу төсвийн төсөөлөл өгөхийн тулд нэхэмжлэгч нь 2021 онд тэтгэмж суулгуулах тухай хүсэлтээ гаргасан. Төсөвт тэтгэмж суусны дараа нэхэмжлэгчийн хувийн байдал өөрчлөгдсөн буюу түүний үрчилж авсан хүүхдийн маргаан үүссэн. Засаг даргын захирамжийн тухайд 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн захирамж гарахад нэхэмжлэгчнь 50 насанд хүрсэн байх гэсэн хуулийн шаардлагад хүрсэн боловч үрчилж авсан хүүхэд нь 6 нас хүрээгүй байсан. Нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан гэх асуудлын хувьд хариуцагч нь “Надад хандаж хүсэлт гаргаагүй ч санхүүгийн хэлтэст хүсэлт гаргасан тул надад хандаж хүсэлт гаргасантай адилтгана” гэж тайлбарлаж байна. Ажил олгогчид хаяглаж тэтгэвэрт гарах тухай хүсэлт гаргасан тохиолдолд өөрөө хүсэлт гаргасан гэж ойлгоно. Нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай захирамжаар тэтгэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх гэх ойлголт нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөх боломжтой. Нэхэмжлэгч нь 5 жилийн дараа тэтгэмж авах нөхцөл байдал үүснэ. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны тухайд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондоо ярилцах байдлаар тус ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй. Мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгчид бичгээр тайлбарлах боломжийг олгох ёстой. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, хөндөгдөх гэж буй эрх ашгаа хамгаалах боломжоор хангах ёстой. 2022 оны 3 дугаар сард захирамж гаргаж, нэхэмжлэгчид танилцууулснаар сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 захирамжийн тухайд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-т заасныг баримталсан. Энэ нь засаг даргын эрх хэмжээний асуудлыг зохицуулсан зохицуулалт Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж заасан. Тус заалтанд тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн гэж заасан. Хариуцагчийн тайлбарлаж буй нэхэмжлэгчийг төрийг хуурсан, 4 хүүхэдтэй мэтээр төрийг залилсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг архи уудаг, хөзөр тоголдог гэх асуудал нь захиргааны маргаанд хамаарахгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.С өөрийн хүргэн болох Болор-Эрдэнийн хүү /Билгүүн наранг/ өөрсдийн нэр /Ч.Отгонбаярын / нэр дээр үрчлэн авч Алдарт эхийн 2 дугаар одонгийн болзол ханган одон авч тухайн жилээс эхлэн одонгийн мөнгө авч байгаа юм. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.2-д заасан "Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэсэн заалтыг хангасан байсан учраас Тус сумын санхүү албанд 2022 оны 07 дугаар сарын 06 өдөр тэтгэмж тэтгэвэр тогтоолгохыг шийдвэрлэж өгөх хүсэлт өргөдлийг гаргасан байна. Уг өргөдөлийг хүлээн авч мөн сард нь сангийн яаманд уламжилсан.
Сангийн яам Х.С-ийн өргөдөлийг хүлээн авч шийдвэрлэн 2022 оны төсөвт 27.525.727 төгрөгийг тус сумын ЗДТГ-ын үндсэн данс 100161855001 тоот дансанд 2022 оны 02 сард оруулсан юм. Одоо тэтгэмжийг авах асуудал нээлттэй бэлэн байгаа болно. 2.2021 оны 01 сарын 11 өдөр сумын засаг дарга миний бие Х.С-тай ажлын өрөөндөө биечлэн уулзаж санал асуулга ярихад Х.С Би нэг жилийн дараа тэтгэвэрт гарна. энэ хугацаанд хамтран ажиллах санал хэлснийг сумын ИТХ-ын дарга А.Ариунболдтой зөвшилцөн бид хоёр тухайн үед өөрт нь саналыг нь дэмжиж хариултыг өгч тохиролцсон юм.
Улмаар Х.С-ийн тэтгэврийн насны хугацаа болж, ЗДТГ-ын дансанд тэтгэмж байршсан учраас 2022 оны 03 сарын 21 нд дахин биечлэн уулзаж тэтгэвэрт гарах санал асуулгыг хэлж захирамж гаргах санал хэлэхэд Х.С би 2022 оны 04 сарын 01-ний өдөр ажлаа нэр төртэй хүлээлгэж өгье гэж тохиролцсон билээ. Энэ санал асуулгыг тавихад Сумын засаг даргын орлогч Н.Цогоо, сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Бямба-Очир нар байлцсан болно. Энэ нь Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: 27.4.3.биечлэн уулзах; гэж заасны дагуу 2 удаа биечлэн уулзаж санал асуулга хийсэн мөн Х.С 2021 оны 07 сарын 06 өдөр гаргасан өргөдөлдөө” ....улсад нийт 29 жил 6 сар ажиллаж миний бие 4 хүүхэд төрүүлж өсгөсөн тул 50 настай гавъяаны амралтад гарах гэж байна.
Иймд миний асуудлыг шийдвэрлэж өгнөүү гэсэн өргөдлийг үндэслэн сумын засаг даргын 2022 оны 04 дугаар сарын 01 ний өдрийн Б/03 тоот захирамж гарган ажлаас чөлөөлсөн юм. Үүнтэй холбогдуулан Х.С надад санал асуулга хийгээгүй үрчилж авсан хүүхдээ эцэг эхэд нь буцааж байгаа учраас тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн гомдлыг Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гаргажээ. Төрийн албаны зөвлөл нь уг гомдолын хариуг ирүүлэхдээ сумын засаг даргын захирамжийг хэвээр үлдээсэн байна
Би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сумын Засаг даргын ажлаа авсан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдахад “Х.С нь төрийн албанд ажиллаж чадахгүй байна. Албаны паспорт ашиглаж Солонгос улсад 2021 оны 8 дугаар сар болтол ажил орхиж явсан. Энэ хүнийг тамгын газрын даргаар ажиллуулах боломжгүй. Тамгын газар дээр архи уудаг, хөзөр тоглодог” гэж яригдаж надад ажлаас чөлөөлөх талаар хэлж байсан. Мөн иргэдээс энэ талаар гомдол ирж байсан. Би энэ талаар Х.С-тай ярилцахад тэрээр “Би тэтгэвэртээ гарна. Би 4 хүүхэдтэй, 50 нас хүрэх тул тэтгэвэртээ гарна” гэсэн. Хурлын даргатай энэ талаар ярилцаж зөвшөөрсөн. Тэр хооронд олон хэл ам гарсан. Нэхэмжлэгчийн тэтгэмж нь 2022 оны 02 дугаар сард сумын төсөвт орж ирсэн. Х.С нь урьд нь тэтгэвэрт гарахаар төлөвлөж, охиныхоо хүүхдийг үрчилэн авч, “Алдарт эх-ийн 2-р одонгийн болзол хангасан. Улмаар тэтгэвэрт гарах болоход би тэтгэвэрт гарахгүй гэж хэлсэн. 2022 оны 3 дугаар сард нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захирамж гаргахад “Үрчлэлтийн асуудал үүссэн. Би тэтгэвэрт гарах боломжгүй болсон” гэж хэлсэн. Тиймээс би нэхэмжлэгчийг төрийг залилж байна гэж үзэж байна. Төрийн албанд ингэж ажиллаж болохгүй. Төрийн албаны зөвлөлөөс хариу ирэхэд миний захирамжийг үндэслэлтэй гэж гарсан. Нэхэмжлэгч өөрөө өргөдөл өгч, тэтгэмж нь ирсэн тул нэхэмжлэгчийг би ажлаас чөлөөлсөн. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр захирамж гарахад нэхэмжлэгч нь ажлаас гарахгүй гэж дургүйцсэн. Тухайн үед нэхэмжлэгч нь “Би ёс зүйтэй төрийн албан хаагч тул 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа өгнө” гэж хэлсэн. Гэрч нарын мэдүүлэгт энэ талаар дурдагдсан байсан. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр маш их маргаан болсон. Нэхэмжлэгч нь төрийн албаны хууль, дүрмийг зөрчиж байна. Намайг захирамж гаргах үед үрчлэлтийн асуудал шийдэгдээгүй байсан.Одоо ч нэхэмжлэгч нь 4 хүүхэдтэй хэвээр байгаа. Иймд би өөрийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа Хариуцагч нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг баримталж захирамж гаргасан. Тус захирамжийг гаргах үед нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл байхгүй гэж дүгнэж байгаа. Засаг даргын захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж заасны дагуу захирамж гаргасан. Тус захирамжийг тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан гэж заагаагүй. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, болзол хангасан гэх асуудал нь ялгаатай. Засаг дарг нь 4 хүүхэдтэй, 50 настай гэх нөхцөл байдлыг мэдэхээс биш хүүхдүүдийн асуудлын талаар дүгнэлт хийх боломжгүй байсан. Хүсэлт өгөөгүй байхад тэтгэвэрт гаргасан гэх асуудлын хувьд төрийн албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд заавал өөрөөс нь хүсэлт авахыг шаарддаггүй. Төрийн албан хаагч тэтгэвэрт гарах насанд хүрсэн бол ажил олгогчийн саначилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлтэй. Хүүхдийн үрчлэлтийн асуудал үүсэхэд Засаг даргад мэдэгдсэн гэх асуудлын хувьд энэ талаар нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хүлээж авсан байна. Гэтэл засаг даргын захирамж нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Нэхэмжлэгчийн үрчлэн авсан хүүхэд 6 нас хүрээгүй гэсэн тул үрчлэлтийн маргаан үүссэн гэж ойлгож байна. Нэхэмжлэгчид өөрт нь ашиггүй нөхцөл байдал үүсэхэд тэтгэвэр тогтоолгох талаар асуудал үүсгэх нь зохимжгүй. Тодорхой тохиолдолд сонсох ажиллагаа явуулахгүй байхаар Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” сонсох ажиллагаа явуулахгүй байж болохоор заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.С нь Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022-04-01-ний едрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “...Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана...” гэж зааснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харъяаллын хянан шийдвэрлэх маргаан гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол …шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.” гэж тус тус зааснаар Төрийн албаны зөвлөлд хандан гомдлоо гаргаж хариуг авснаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн байна.
3.Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие нь өөрөө хүсэлтээ гаргаагүй, надад сонсох ажиллагаа явуулаагүй, тэтгэмжээ аваагүй, тэтгэврээ тогтоолгоогүй. Захиргааны ерөнхий хуулийн дагуу төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, арга хэмжээ авахдаа заавал сонсох ажиллагаа явуулж миний нөхцөл байдал сонсох, надаас тайлбар бичгээр гаргуулаагүй, нэг талыг эрх ашгийг хамгаалж ёс зүйгүй үйлдэл гаргаж миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан...” гэж,
5.Хариуцагч С.Б шүүхэд гаргасна тайлбартаа: “Х.С өөрийн хүргэн болох Болор-Эрдэнийн хүү /Билгүүн наранг/ өөрсдийн нэр /Ч.Отгонбаярын / нэр дээр үрчлэн авч Алдарт эхийн 2 дугаар одонгийн болзол ханган одон авч тухайн жилээс эхлэн одонгийн мөнгө авч байгаа юм. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.2-д заасан "Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэсэн заалтыг хангасан байсан учраас Тус сумын санхүү албанд 2022 оны 07 дугаар сарын 06 өдөр тэтгэмж тэтгэвэр тогтоолгохыг шийдвэрлэж өгөх хүсэлт өргөдлийг гаргасан байна. Уг өргөдөлийг хүлээн авч мөн сард нь сангийн яаманд уламжилсан.
Сангийн яам Х.С-ийн өргөдөлийг хүлээн авч шийдвэрлэн 2022 оны төсөвт 27.525.727 төгрөгийг тус сумын ЗДТГ-ын үндсэн данс 100161855001 тоот дансанд 2022 оны 02 сард оруулсан юм. Одоо тэтгэмжийг авах асуудал нээлттэй бэлэн байгаа болно. 2.2021 оны 01 сарын 11 өдөр сумын засаг дарга миний бие Х.С-тай ажлын өрөөндөө биечлэн уулзаж санал асуулга ярихад Х.С Би нэг жилийн дараа тэтгэвэрт гарна. энэ хугацаанд хамтран ажиллах санал хэлснийг сумын ИТХ-ын дарга А.Ариунболдтой зөвшилцөн бид хоёр тухайн үед өөрт нь саналыг нь дэмжиж хариултыг өгч тохиролцсон юм.
Улмаар Х.С-ийн тэтгэврийн насны хугацаа болж, ЗДТГ-ын дансанд тэтгэмж байршсан учраас 2022 оны 03 сарын 21 нд дахин биечлэн уулзаж тэтгэвэрт гарах санал асуулгыг хэлж захирамж гаргах санал хэлэхэд Х.С би 2022 оны 04 сарын 01-ний өдөр ажлаа нэр төртэй хүлээлгэж өгье гэж тохиролцсон билээ. Энэ санал асуулгыг тавихад Сумын засаг даргын орлогч Н.Цогоо, сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Бямба-Очир нар байлцсан болно. Энэ нь Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: 27.4.3.биечлэн уулзах; гэж заасны дагуу 2 удаа биечлэн уулзаж санал асуулга хийсэн мөн Х.С 2021 оны 07 сарын 06 өдөр гаргасан өргөдөлдөө” ....улсад нийт 29 жил 6 сар ажиллаж миний бие 4 хүүхэд төрүүлж өсгөсөн тул 50 настай гавъяаны амралтад гарах гэж байна.
Иймд миний асуудлыг шийдвэрлэж өгнөүү гэсэн өргөдлийг үндэслэн сумын засаг даргын 2022 оны 04 дугаар сарын 01 ний өдрийн Б/03 тоот захирамж гарган ажлаас чөлөөлсөн юм. Үүнтэй холбогдуулан Х.С надад санал асуулга хийгээгүй үрчилж авсан хүүхдээ эцэг эхэд нь буцааж байгаа учраас тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн гомдлыг Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гаргажээ. Төрийн албаны зөвлөл нь уг гомдолын хариуг ирүүлэхдээ сумын засаг даргын захирамжийг хэвээр үлдээсэн байна” гэж тус тус тайлбарлан маргажээ.
Нэхэмжлэгч Х.С нь төрийн жинхэнэ албан хаагч болох нь хэрэгт Ховд аймгийн Мөст сумын Засаг даргаас тус шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/26 тоот албан бичгээр ирүүлсэн тус сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаартай “Төрийн жинхэнэ албан хаагчаар баталгаажуулах тухай” захирамжаар нотлогдож байна.
6.Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01ний өдрийн Б/ 03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгон “Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.С-г ажлаас чөлөөлсөн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-д заасантай нийцээгүй байна .
7.Актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
7.1. Нэхэмжлэгч Х.С нь 1972 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн бөгөөд нөхөр Ч.Отгонбаяртай 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, О.Дөлгөөн, О.Ононгоо, О.Долгион гэх 3 хүүхэд төрүүлжээ.
2018 оны 12 сард нэхэмжлэгч Д. С нь 2016 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн өөрийн төрсөн охин О.Ононгоогоос төрсөн хүү Болор-Эрдэнийн Билгүүнаранг Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/120 дугаар захирамжаар үрчлэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.С нь өөрийн төрүүлсэн 3 хүүхэдтэй, өөрийнхөө төрсөн том охиноос гарсан хүүхдийг үрчилж авсан ба тус үрчилж авсан хүүхэд нь 6 нас хүрээгүй ба уг ажлаас чөлөөлсөн захирамж гарах үед үрчилж өвсан хүүхэд нь 5 настай тул өндөр насны тэтгэвэрт гарах болзлыг хангахгүй байгаа юм . Түүнээс уг хуулийн бусад болзол шаардлага болох 20 оис доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн гэсэн шаардлагыг хангаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
7.4. Гэтэл хариуцагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасныг үндэслэн тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсдэг хэмээн өөрийн гаргасан шийдвэрээ зөвтгөн тайлбарлаж , хуулийг буруу ойлгон хэрэгжүүлж нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэхэмжлэгч Д.С-ийн үрчилж авсан хүүхэд нь 6 нас хүрээгүй одоо 5 насны хүүхэд байгаа тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх , 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болох гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байхад, захиргааны санаачлагаар Д.С-г ажлаас чөлөөлсөн нь даатгуулагч , төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар баталгаажсан эрхийг зөрчсөн хууль бус захирамж байна гэж шүүх үзлээ. .
Тодруулбал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх , 50 нас хүрсэн эх тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болохыг хууль тогтоогч тодорхойлжээ.
Мөн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан өөрөө хүссэн байх шаардлага бөгөөд нэхэмжлэгч Х.С нь Ховд аймгийн Мөст сумын Санхүү албанд тэтгэврийн тэтгэмж тогтоолгох нь хүсэлт гаргасан ба Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-д заасан төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй гэдэг нь тогтоогдож байна .
7.5 Иймд Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар “Х.С-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
8. Үрчлэлт хүчингүй болсон тухайд:
8.1 Нэхэмжлэгч Х.С-ийн зүгээс 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд О.Билгүүннаранг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101 дугаар шүүхийн шийдвэрээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Билгүүннаранг үрчлэгч Ч.Отгонбаяр, Х.С нарт 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай” гэж шийдвэрлэжээ.
8.2 Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн Б.Билгүүннаранг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцсон хэдий ч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 662 дугаар албан бичгээр ирүүлсэн Х.С-ийн үрчлэн авсан болон төрүүлсэн хүүхдийн лавлагаа баримтаар Б.Билгүүрнаран нь Х.С-ийн үрчлэн авсан хүүхэд хэвээр байгаа нь тогтоогдож байна.
8.3 Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ” гэж заасан байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэгч нь холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд оруулаагүй хэвээр байгаа гэж үзэхээр байгаа ч уг байдал нь маргааны үйл баримтанд хамааралгүй байна гэж дүгнэлээ.
9. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Х.С-г “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор шагнагдсан, төрүүлсөн болон үрчилсэн нийт 4 хүүхэдтэй, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Санхүүгийн албанд тэтгэврийн тэтгэмж тогтоолгох тухай өргөдөл гаргасан, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж нь сумын төсөвт суусан гэж тус тус тайлбарлан маргажээ.
9.1 Нэхэмжлэгч Х.С-ийн “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор шагнагдсан, төрүүлсөн болон үрчилсэн нийт 4 хүүхэдтэй, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Санхүүгийн албанд тэтгэврийн тэтгэмж тогтоолгох тухай өргөдөл гаргасан, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж нь сумын төсөвт суусан зэрэг нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуульд заасан шаардлагыг хангасан гэж шууд дүгнэх боломжгүй юм.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцох боломжоор хангах үүрэгтэй.
Гэхдээ энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс дээрх үүргээ биелүүлсэн болохыг нотлож чадахгүй байх боловч гэрч Н.Цогоо, А.Ариунболд нарын өгсөн мэдүүлэгт “...Х.С-тай Засаг даргын өрөөнд уулзаж тэтгэвэр тогтоолгох, насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх асуудлаар сонсох ажиллагаа явуулахад Х.С нь өөрөө 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа нэр төртэй өгье гэсэн...”, “... Х.С нь тухайн үед өөрөө хэлэхэдээ 2022 оны 4 дүгээр сарын 01-ий өдөр ажлаа нэр төртэй өгье гэж хэлсэн” гэх тайлбар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл холбогдох этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
Иймд Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дүгээр “Х.С-г ажлаас чөлөөлөх тухай” акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй., Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг буруу үндэслэн гарсан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөгдсөн байна гэж үзэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул түүний 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа буюу 91 хоногийн цалин болох 8,073,258,08 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох шийдвэрлэв.
11.1 Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Х.С-г Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоосугай.
3. Нэхэмжлэгч Х.С-ийн ажилгүй байсан 91 хоногийн цалин болох 8,073,258,08 төгрөгийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн суутган тооцож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Мөст сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР