| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/01339/и |
| Дугаар | 1765 |
| Огноо | 2018-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 1765
МАГАДЛАЛ
2018.07.27 Дугаар 1765 Улаанбаатар хот
МТХГТА-ны ҮЭХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01339 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч МТХГТА-ны ҮЭХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Д-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч: Э.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Д нь манай гишүүн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байхдаа 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр холбооны өмч болох Япон улсын мөнгөлөг өнгийн Toyota carina маркийн 6867 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Автомашин худалдах худалдан авах гэрээгээр худалдаж авахдаа давхар зээлийн гэрээ байгуулан зээлээр авсан боловч 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банкаар дамжуулж 2 500 000 төгрөгийг шилжүүлсэнээс өөр ямар нэгэн төлбөр төлөөгүй болно. Одоогоор 3 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд шаардахаар өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Уг суудлын авто машиныг энэ хүн 2011 он гаргаад унаж байсан. Энэ хүний нэр дээр байсан машин маань угаасаа Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны өмчийн машин байгаа. 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5 500 000 төгрөгийг бол зээлдүүлсэн асуудлыг өөрөө хүлээн зөвшөөрөөд гэрээ хийгээд машиныг авсан. Ингээд тухайн үед хийсэн гэрээний дагуу 5 500 000 төгрөгийг өгчих, тэгвэл би энэ машиныг өөрийн нэр дээр болгоод өр төлбөрийг барагдуулъя гэдэг асуудлыг тавьсан байдаг. 5 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад явж байхдаа яг энэ мөнгийг шилжүүлээгүй байсан. Ер нь бол зээлийн гэрээний асуудал байна гэж ярихаар ар гэр хэцүү байсан гэдэг асуудлыг ярьж байгаа. Ингээд за энэ автомашиныг өөрт чинь худалдъя. Худалдахдаа 5 500 000 төгрөгөөр худалдаж гэрээ байгуулна, гэрээ байгуулахдаа зээлийн гэрээтэй холбоотойгоор өөрт чинь мөнгөө шилжүүлээгүй ч гэсэн автомашин худалдах, худалдан авах гэрээ дахиж байгуулна гэдэг асуудлыг тавьсан. Бүр болохгүй болоод ирэхээр нь Альфа зочид буудалд та даргын жолоочоор ажилд орох уу гэдэг асуудлыг тавьсан боловч энэ хүн ороогүй. Холбооны дарга байсан цалин хөлсөө авч чадахгүй байна гэхээр энэ машиныг халтуур хийж ар гэртээ нэмэр бол гээд түр бариулж байсан. Иймд Д.Д -ээс дээрх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Уг худалдах худалдан авах гэрээ нь 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна. Би автобус 1 базад 1986 онд ороод тасралтгүй ажиллаж байсан. 1998 онд гэр бүлийн хүн маань нас бараад 0-10 насны гурван хүүхэдтэй үлдээд амьдрал хэцүү байсан. 2007 оны 06 дугаар сард би автобус нэг компанийн үйлдвэрчний хорооны дарга болсон юм. Тэр цагаас эхлэн би нэг ч төгрөгийн цалингүй ажиллаж байсан. Ингээд 2012 он хүртэл цалингүй ажилласан. Тэр хооронд нь манай салбар хорооны н.Э дарга та 2 500 000 төгрөг тушаачих, үлдсэн 3 000 000 төгрөгийг таны амьдралыг харж үзээд авахгүй гэж хэлсэн. Ингээд би 2 500 000 төгрөг өгсөн. Тэгээд гэрээ хийхдээ 5 500 000 төгрөг гэж хийгээд гарын үсэг зурсан. Тэр үед хоёр охин хоёулаа оюутан болсон байсан. Би ганц ч төгрөгийн цалингүй байсан.
Иргэний хуулийн 281-ээс 285 гээд иргэд хоорондын гэрээний зохицуулалтыг авсан байна. Хуулийн этгээд ганц тохиолдолд мөнгө зээлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй байдаг. Иргэний хуулийн 451-456 дугаар зүйлд заасанчлан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгө зээлэх эрхтэй байдаг атал энэ байгууллага тусгай зөвшөөрлийн эрхгүй, өөр чиглэлийн үйл ажиллагаатай хирнээ иргэнд мөнгө зээлүүлсэн гэрээ байгуулсан байгаа нь өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ. Хэрэв энэ машиныг 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Д.Д гэдэг хүнд худалдсан юм бол 2011 оны 07 дугаар сарын 09-нд машинийг барьцаалж зээл авсан гэж ямар агуулга гарч ирээд байгаа юм бэ, Огнооны хувьд зөрүүтэй. Ингээд хоорондоо авцалдаагүй, ойлгомжгүй, агуулга тодорхойгүй, хууль бус хэлцэл байгаа. Хэрэв нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр гэж үзэх тайлбарлах гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Д -ээс 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МТХГТА-ны ҮЭХ-ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлт гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн эсэх тодорхой бус байгаа болно. Уг машины үлдэгдэл төлбөрийг нэхэхээр тэрээр гэрээний үүргээ биелүүлэхээ биечлэн ирж уулзах болон утсаар төлнө хүлээж байгаач гэдэг байсан нь 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хариуцагчтай, холбогдож байсан жагсаалтаас харагддаг. Үүнийг, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Мөн хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хариуцагчтай хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Мөн тус хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэлцэл хийгдсэн гэж шүүх үзэх ёстой атал хэлцэл хийсэн гэж үзээгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Үүнийг гэрч Д.Э , нэхэмжлэгч тал хариуцагчтай холбогдож байсан жагсаалтуудаар нотлох юм. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар "Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана" гэж заасан үндэслэлийг шүүх хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл арга саам хэрэглэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн нь энэ хүний завшаан болоод өнгөрөх ёстой гэж үү, Д.Д нь автомашины төлбөрийн үлдэгдэл 3 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.
Нэхэмжлэгч МТХГТА-ны ҮЭХ нь хариуцагч Д.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх7/ авагдсан бөгөөд уг гэрээгээр худалдагч МТХГТА-ны ҮЭХ нь Тоёота карина загварын 6867 УБГ улсын дугаартай автомашиныг худалдан авагч Д.Д-д 5 500 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг худалдан авагчид шилжүүлж, гэрээний үнээс 2 500 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардах эрх нь 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс тооцогдох атал 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Хариуцагчаас гэрээний үүрэг биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж, биечлэн уулзаж, амаар баталгаа гаргуулж байсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж, үүнтэй холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний Д.Д-тэй холбогдсон жагсаалтыг хэрэгт хавсаргаж, Д.Э г гэрчээр асуулгасан эдгээр баримтууд нь нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэж эргэлзээгүй дүгнэх баримт биш байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч тал шаардах эрхээ хэрэгжүүлээгүйд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүйгээс гадна, шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа байсан гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01339 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
М.НАРАНЦЭЦЭГ