| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 187/2024/0172/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/194 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,
Улсын яллагч: З.Бат-Амгалан
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Бат-Амгалангаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-ийн Б-д холбогдох 2310038580088 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Тэдмэнт бетон зуурмаг ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Б-ийн Б /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь “2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь “2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатй учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2310038580088 дугаартай хэргээс:
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст дуудлага өгсөн лавлагааны хуудас /хх-ийн 15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Б-н хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Лавай захын уулзвараар өөрийн эзэмших Тоёота приус маркийн автомашиныг жолоодон ачааны зориулалттай волво маркийн автомашин миний зүүн гар талаас дуут дохио чангаар өгч орж ирсэн. Би нэгдүгээр эгнээд автомашинаа зогсоож уг волво маркийн машины жолоочийн эсрэг талаар нь очиход 60 орчим насны эрэгтэй байсан. Тэр хүн надад хандаж “чи яаж явад байгаа юм” гэх зэргээр маргаан үүссэн. Тэр үеэр жолооч залуу бууж ирээд “чи яаж байгаа юм. Наад хүн рүүгээ яагаад дайраад байгаа юм” гэж хэлсэн. Намайг түүнтэй маргалдах үед хөлөөрөө хавирч унагаасан. Тэгэхэд араас нь явж байсан Волво маркийн машины жолооч залуу бас бууж ирээд бас намайг хөл рүү хавирч унагаасан. Тэгээд тэнд зам дээр ажиллаж байсан үл таних хүмүүс ирж биднийг салгасан. Бас манай ээж, дүү нар гарч ирсэн. Болсон үйл явдлаг харсан. Бас салгаж гэж оролдсон. Хамгийн сүүлд машинаасаа бууж ирсэн Б гэх залуу намайг хавирч унагаасан. Мөн Б гэх аавтайгаа цуг машинд явж байсан залуу намайг 1 удаа хавирч, мөн дараа нь гарын алга хэсгээрээ нүүр рүү түлхэж унагаасан. Тэр үед л миний толгой дүүрч, нүд харанхуйлж, нэг сэрэхэд би доор нь орсон байдалтай байсан. Уг ачааны автомашинуудын хоёр жолооч залуу нийлж намайг зодсон. Миний тархинд судас хагарсан харвалт өгсөн. Мөн тухайн үед уруул язрах зэрэг эрүүл мэндийн хохирол гэмтэл үүсэж, мөн өмсөж явсан цамц, подволк урагдаж, нүдний шил зэрэг 300,000 орчим төгрөгийн эд материалын хохирол учирсан. Мөн миний ээж Л-ийн гарын алганы ар талд зулгарсан байсан. Миний дүү Н-ы гарын шуун дээр бас зулгарсан байсан. Би уг үйл явдлын улмаас цэргийн төв эмнэлгийн мэдрэлийн тасагт энэ оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд би эмчийн хяналтад гэрээр өдрийн эмчилгээ хийлгүүлж байгаа. Одоогоор эрүүл мэндийн зардал төлбөр 3 сая гаруй төгрөг гараад байна. Би баримтуудыг цуглуулж хэргийн материалд хавсаргаж өгч, нийт дүнг тооцно. Б гэх залуу нь намайг 1 удаа хавирч унагаасан. Мөн дараа нь гарын алгаараа нүүр рүү түлхэж унагааснаас болоод ар дагзаараа савж унаснаас миний бие, эрүүл мэндэд гэмтэл учирсан. Дараа нь гүйж ирсэн Б гэдэг залуугийн хувьд намайг хавирч унагаасан. Харин миний биеийн хаана, яаж цохисон талаар тодорхой санахгүй байна. Гэхдээ тэр Б гэдэг залуугийн хувьд намайг заамдаж авч, зууралдах зэргээр уг маргаанд хажуугаас оролцож байсан. Би өөрийн эрүүл мэндэд учирсан зардал, хохирлыг л түргэн барагдуулах хүсэлтэй байна. Би төрийн албанд ажилдаг. Тэгээд энэ асуудлаас болоод нэлээд олон хоногоор чөлөө авч, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 38, 42 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Л-ийн гэрчээр өгсөн “...Би хүү Б, охин Н нарын хамт Приус автомашинаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлгөөнд оролцоод явж байхад ачааны том машинууд Лавай захиын уулзварт орж ирээд бидний машиныг шахаж орсон. Энэ асуудлаас маргаан үүссэн. Би хүүгээ машины цонхоор харж байхад жолооч нь кабинаас бууж очоод миний хүү Б-г хөлөөр доогуур нь хавирч унагаагаад дээрээс нь цохисон. Тэр үед би хүү Бн царай нь тод харагдаж байсан. Миний хүүгийн царай цонхийж цайсан. Иймд би машинаас буугаад очиход хоёрдахь ачааны автомашинаас бас жолооч нь бууж ирээд бас миний хүүг хамжиж гараараа толгой руу нь цохиж, хөлөөрөө гэдэс, хэвлий, толгой руу нь өшиглөсөн. Үүнээс болоод миний хүү эрүүл мэндээрээ хохироод тэр шөнөжин толгой нь өвдөж, огиулаад цэргийн нэгдсэн төв эмнэлэгт харвалт гэх оноштой хэвтэж эмчлүүлсэн. Нийтдээ 10 орчим хоног эмчлүүлсэн. Одоо ирэх оны 1 дүгээр сараас хэвтэж эмчлүүлнэ. Бид эмнэлгийн байгууллагаар их явж зардал их гарч байна. Би үнэхээр гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 40 тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12723 дугаартай “...Г.Б-н биед тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатй учруулсан болох нь шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлэг, хохирогч Г.Б-н мэдүүлэг, гэрч Д.Л-ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12723 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Б-ийн “2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатй учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Хохирогч Г.Б нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б нь “2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатй учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 54 тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Б-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч гомдол саналгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтой болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ