Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/104

 

2024         05           28                                            2024/ШЦТ/104

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б:Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгч: Б.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Бын Пд холбогдох эрүүгийн 2435000000107 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 19...... оны 12 дугаар сарын 04-нд Хөвсгөл аймгийн ........... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “..........”ХХК-д ........... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн .............. сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,  Х овогт Бын Пд /РД:............../.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.П нь жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Г.Бын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 59........93 тоот дансанд 700.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Р.Бгийн Хаан банкны 58...........23 тоот дансанд 50000 төгрөг нийт 750.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилан мэхэлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Пг Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.П нь жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Г.Бын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 59........93 тоот дансанд 700.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Р.Бгийн Хаан банкны 58...........23 тоот дансанд 50000 төгрөг нийт 750.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Б.П, Р.Б нарын Хаан банкны 59.........93, 58..........23 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 6-12 дахь тал),

Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд  хохирогчоор өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 16, 18 дахь тал),

Гэрч Р.Сгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

Гэрч П.Мийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Гэрч Р.Бгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Шүүгдэгч Б.Пн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Залилах гэдэг нь бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд итгэлийг нь олох тодорхой үг хэллэг, үйлдлээр зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг зориуд төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь авах үйлдэл юм.

Энэ гэмт хэрэг нь гэмт этгээд нь авсан эд хөрөнгөө буцаан өгөхгүй байх зорилгоор эсхүл буцаан өгөх боломжгүй гэдгээ мэдсээр байж  төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг авч байгаагаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдана.

Шүүгдэгч Б.П нь жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Г.Бын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 59.........93 тоот дансанд 700.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Р.Бгийн Хаан банкны 58.........23 тоот дансанд 50000 төгрөг нийт 750.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Б.П нь гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг шунахай сэдэлттэйгээр гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.   

Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд “2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 750.000 төгрөгийг Б.П гэгч хүн миний дансанд хийсэн тул ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан  (хавтаст хэргийн 70 дахь тал)-г үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.П урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал)–аар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Пн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Пд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бын Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгө залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Пд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГАНСҮХ