Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

                                           

        

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Л.Батгэрэл,

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /ҮД-2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

  

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бүдээгийн Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн 201624001069 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Дархан-Уул аймаг, 1 дүгээр баг Партизан 2-39А тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн,

мөн  Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, ТА86110312 регистрийн дугаартай, Боржигон овогт Бүдээгийн Эрдэнэцогт.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамдинбазарын өргөн чөлөө, гудамж замд Тоёота Чейзер маркийн 34-81 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай гохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс Э.Энхбаярын эзэмшлийн Т.Приус маркийн 87-78 УНЕ дугаарын машиныг мөргөж, 150,000 төгрөгийн хохирол учруулсан осол гаргаад, зугатаж явахдаа Ди Эй Эм Пүба ХХК-ийн эзэмшлийн ВМW Х-3 маркийн 83-91 УНН дугаарын машинд 898000 төгрөгийн, иргэн Ө.Мөнхбаатарын эзэмшлийн Х.Аванте маркийн 38-52 УНХ дугаартай машинд 645,000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад, мөн дүрмийн 2.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад, осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэцогт мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би эрүүл жолооч дуудах хооронд ийм зүйл болсон. Найз маань намайг согтоогоод модны хоёрт машин дотор орхисон байсан. Тухайн үед цаг агаар хүйтэн байсан бөгөөд түлхүүр зоолттой байсан. Харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эрдэнэцогт мэдүүлэхдээ:

“... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 19 цаг болж байхад Баянхошууны 1 граашид машинаа тавьчихаад байж байхад зүс таних залуу 1 шил 0.75 литрийн архи авчихсан ирсэн. Тэр архийг граашид байсан Т.Чейзер маркын 34-81 УНЗ дугаартай авто машинд суугаад уусан. ... Тэгээд нэг сэрээд хартал нэлээд даарчихсан ганцаараа машинд сууж байсан. Би түлхүүрээ үзтэл машинд зоолттой байсан ба би машинаа асаагаад нэлээд байж байгаад нөгөө дүү рүү залгатал утсаа авахгүй болохоор нь тэндээсээ хөдлөөд Баянхошуу руу орохоор явж байсан ба замын нэгдүгээр эгнээнд нэг ачааны машин ачаа буулгаад байж байхаар нь хажуугаар нь гарах гээд урсгал сөрөөд орж байх үедээ нэг машин мөргөсөн. Тэгээд буцаад ухартал ард байсан бас нэг машиныг мөргөсөн. Тэгэхээр нь би урагшаа хөдлөөд замаа чөлөөлөх санаатай урагшлаад мөн өмнөөсөө ирж байсан нэг машиныг шүргээд замын баруун гар тал руугаа зогссон. Энэ үед нэг жолооч араас ирэхээр нь машинаасаа буугаад уучлаарай цагдаа дуудчих гээд машин дотроо сууж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/  

 

   Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.Мөнхбатын өгсөн:

   “... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой ажлаа тараад 22 цаг өнгөрч байхад гараад Модны 2-н замаар ВМW Х 3 маркийн 83-91 УНН гэсэн дугаартай компанийхаа нэр дээр байдаг машиныг жолоодоод явж байтал араас түг хийхээр нь эргээд хартал ард талд юу ч харагдахгүй байсан ба гэнэт баруун гар талаар цагаан өнгийн машин гарч ирээд, урд гараад зогссон. Би машинааасаа буугаад хартал нөгөө машинаас нэг бараан өнгийн хувцастай хүн буугаад хойшоо чиглэлтэй гүйгээд явчихсан. Тэр хүнийг харахад согтуу байгаа нь мэдэгдэж байсан. Би машин дээр нь очоод татаад үзэхэд хаалгаа түгжчихсэн байсан. Замын цагдаад дуудлага өгөөд байж байхад хоёр залуу хүрч ирээд, энэ машины жолооч хааччихав гэхээр нь намайг мөргөчихөөд машинаасаа буугаад зугтаагаад явчихлаа гэсэн. Ингээд ойролцоогоор 10 гаруй минутын дараа хар өнгийн хувцастай нэг залуу ирээд, машиныг тойроод яваад байхаар нь жолоочыг нь мөн байна гэж бодоод, таксинд суух гэж байхад нь барьж аваад, чи энэ машины жолооч мөн биз дээ гэхэд би биш эхнэртэйгээ хамт харих гэж байгаа хүн байна гээд худлаа яриад байсан. Үнэлгээгээр 898,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо гаргаж өгөөгүй байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ө.Мөнхбаатарын өгсөн:

            “... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэрлүүгээ харих гээд явж байсан. Ингээд модны 2-н нарийн замаар баруунаас зүүн гар тийш явж байхад зүүнээс баруун гар тийш явж байсан нэг цайвар өнгийн машин урсгал сөрж орж ирээд, миний машины зүүн хажуу хэсэг рүү мөргөөд, тэр чигээрээ зугтаад явсан. Би тухайн үед машинаасаа буух гэсэн боловч хаалга гажсан байсан учраас бууж чадаагүй. Үнэлгээгээр 645,000 төгрөгийн хохирол учирсан. Одоогоор төлж барагдуулаагүй байгаа. Миний машиныг мөргөөд тэр чигээрээ явж байгаад бас нэг ВМW маркийн машин мөргөөд, зогсож байхад нь араас нь гүйгээд очиход нөгөө машины жолооч энэ машины жолооч машинаа хаячихаад зугтаад явчихлаа гэж байсан. Тэгээд цагдаа дуудаад хэсэг хүлээж байхад шал согтуу өөр машин барих гэж байгаад ВМW маркийн авто машины жолоочид баригдсан гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Э.Энхбаярын өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад би эхнэрийнхээ хамт нэг нэг машин жолоодоод, Баянгол дуүргийн модны хоёрын нарийн замаар Максын байр руу орох гээд зогсож байхад нь нэг Т.Чейзер маркын 34-81 УНЗ дугаартай авто машин гэнэт ухраад, манай машины зүүн хойд талын хойд хаалга хэсэг рүү мөргөсөн. Тэгэхээр нь би харж байсан учраас нөгөө машины жолооч дээр очоод, чи яаж байгаа юм бэ гэтэл 30 гаруй насны туранхай залуу би бичиг баримтаа өгье гээд байхаар нь би цагдаа дуудаад хэмжилт хийлгэе гээд хэлтэл нөгөө жолооч машинаа асаагаад, ахиж ухраад, машины хаалга руу дахиж мөргөчихөөд, тэр чигээрээ зугтаагаад явчихсан. Зугтаагаад явж байхдаа бас хоёр машин мөргөсөн гэсэн. Үнэлгээгээр 150,000 төгрөгийн хохирол учирсан. Одоогоор төлж барагдуулаагүй байгаа. Би Т.Ландкруйзер маркын 78-87 УНЯ гэсэн машинтай эхнэрийнхээ араас дагаад явж байсан. Осол хэрэг гарахыг нүдээр харсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Адилжаргалын өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нөхрийнхөө нэр дээр байдаг Т.Приус Маркийн 87-78 УНЕ дугаартай авто машиныг жолоодон Баянгол дүүргийн Модны хоёрын нарийн замаар явж байгаад, хойшоо эргээд 56-р байр руу орох гээд байж байхад нэгдүгээр эгнээнд зогсож байсан нэг Т.Чейзер маркийн 34-81 УНЗ дугаартай авто машин гэнэт ухраад, манай машины зүүн хойд хаалга хэсэг рүү мөргөсөн. Тэгээд жолооч нь гээд нэг хүн бууж ирээд, бичиг баримтаа өгчихье, тэгээд дараа нь машиныг чинь засаад өгье гэж байснаа цагдаа дуудсан чинь гэнэт машиндаа суугаад, асаагаад, дахин ухраад, манай машиныг мөргөчихөөд, зугтаагаад явчихсан. Зам тээврийн ослоос болж гэмтэл учраагүй. Машиндаа ганцаараа явсан.          150,000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээгээр тогтоогдсон. Би уг автомашиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан. Зам хуурай, халтиргаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Нөгөө жолооч шал согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Одбаярын өгсөн:

            “... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би Улз-15 гэсэн дуудлагын оффицерийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд 22 цаг өнгөрч байхад Модны 2-н замд зам тээврийн осол хэрэг гарсан байна гэсэн дуудлага өгөгдөөд, би ойролцоогоор 5-10 минутын дараа осол хэрэг гарсан газарт очсон. Энэ үед Т.Чейзер маркийн 34-81 УНЗ дугаартай авто машин миний машиныг мөргөчихөөд, яваад өглөө гээд Адилжаргал гээд нэг эмэгтэй зогсож байсан. Ингээд би жолооч Адилжаргалаар авто машинаа мөргүүлсэн цэгийг заалгачихаад байж байхад цаанаас нэг машины жолооч ирээд, тэнд бас нэг машин мөргөчихөөд яваад өглөө гээд хэлээд байж байхад удалгүй гар станцаар Гранд Хилл зочид буудлын харалдаа бас нэг зам тээврийн осол гарлаа, жолооч нь согтуу байсныг зогсоосон байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд мөргөгдсөн гэх машинууд дээр очоод, замаар явсан хоёр хүнийг хөндлөнгийн гэрчээр авч хэмжилт хийсэн. Зам тээврийн осол гаргасан машины жолооч нь эхлээд Т.Приус маркын 87-78 УНЕ, дараа нь Х.Аванте маркийн 38-52 УНХ, ВМW Х-3 маркийн 83-91 УНН дугаартай авто машинуудыг мөргөөд, жолооч нь машинаасаа буугаад, осол хэргийн газраас зугтаасан ба нэг машиных нь жолооч нөгөө жолоочийг харж таниад, намайг очих үед байлгаж байсан. Би осол хэргийн газрын үзлэг хэмжилтийг хийгээд, дараа нь жолооч Б.Эрдэнэцогтоор драйгер үлээлгэн шалгахад 1,8 гарсан ба би эргүүлийн ээлжинд хүлээлгэн өгөөд, дараагийн дуудлага руугаа явсан. Би ачигч машинаар ТС-6 тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан. Бид нар осол хэрэг гарсан газарт очоод, зураг авдаггүй юм. Яагаад гэвэл зураг угаалгах нөхцөл боломж байхгүй учраас авдаггүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

 

              Техникийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай:

              1. Т.Чейзер маркын 34-81 УНЗ дугаартай автомашины жолооч Бүдээгийн Эрдэнэцогт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” мөн дүрмийн 7.17 дахь заалт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг

зөрчсөн байх үндэслэлтэй байна.

              2. ВМW Х-3 маркийн 83-91 УНН дугаартай авто машины жолооч Н.Мөнхбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

              3. Х.Аванте маркийн 38-52 УНХ дугаартай авто машины жолооч Ө.Мөнхбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

              4. Т.Приус маркын 87-78 УНЕ дугаартай авто машины жолооч Ш.Адилжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна …гэх дүгнэлт, /хх-ийн 57-р хуудас/,

 

             - Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-6-р хуудас/

- Кости-Эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 45-46, 53-54-р хуудас/

- Ашид Билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-н 49-50-р хуудас/

- Захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл /хх-ийн 78-р хуудас/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 17, 20, 23, 27, 31-р хуудас/

- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 76-77-р хуудас/

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, торгох шийтгэвэр /хх-ийн 93-97-р хуудас/

- Жолоочийн лавлагаа /хх-ийн 72-р хуудас/ болон,

 

Шүүгдэгч Б.Эрдэнэцогтын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч С.Цэрэнхүүгийн өгсөн:

“... Манайх гэрээсэээ 6-уулаа ба би дээрээсээ 5 дахь хүүхэд нь ба манай дүү Эрдэнэцогт хамгийн бага дүү минь байгаа юм. Манай дүү Дархан-Уул аймагт аав, ээжийн хамт амьдардаг, зан аашийн хувьд түргэн зантай, хүнд тусархуу хүн байгаа юм  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42-р хуудас/

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

- Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 98-99 дүгээр хуудас/

- Б.Эрдэнэцогтын “АСАП” сангийн лавлагаа /хх-ийн 100-101 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамдинбазарын өргөн чөлөө, гудамж замд Тоёота Чейзер маркийн 34-81 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай гохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс Э.Энхбаярын эзэмшлийн Т.Приус маркийн 87-78 УНЕ дугаарын машиныг мөргөж, 150,000 төгрөгийн хохирол учруулсан осол гаргаад, зугатаж явахдаа Ди Эй Эм Пүба ХХК-ийн эзэмшлийн ВМW Х-3 маркийн 83-91 УНН дугаарын машинд 898,000 төгрөгийн, иргэн Ө.Мөнхбаатарын эзэмшлийн Х.Аванте маркийн 38-52 УНХ дугаартай машинд 645,000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад, мөн дүрмийн 2.5 дахь заалт “Зам тээврийи осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад, осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь:

шүүхий хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэцогтын “...2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 19 цаг болж байхад Баянхошууны 1 граажд машинаа тавьчихаад байж байхад зүс таних залуу 1 шил 0.75 литрийн архи авчихсан ирсэн. Тэр архийг граажд байсан Т.Чейзер маркын 34-81 УНЗ дугаартай авто машинд суугаад уусан. ... Тэгээд нэг сэрээд хартал нэлээд даарчихсан ганцаараа машинд сууж байсан. Би түлхүүрээ үзтэл машинд зоолттой байсан ба би машинаа асаагаад нэлээд байж байгаад нөгөө дүү рүү залгатал утсаа авахгүй болохоор нь тэндээсээ хөдлөөд Баянхошуу руу орохоор явж байсан ба замын нэгдүгээр эгнээнд нэг ачааны машин ачаа буулгаад байж байхаар нь хажуугаар нь гарах гээд урсгал сөрөөд орж байх үедээ нэг машин мөргөсөн. Тэгээд буцаад ухартал ард байсан бас нэг машиныг мөргөсөн. Тэгэхээр нь би урагшаа хөдлөөд замаа чөлөөлөх санаатай урагшлаад мөн өмнөөсөө ирж байсан нэг машиныг шүргээд замын баруун гар тал руугаа зогссон ...

Би эрүүл жолооч дуудах хооронд ийм зүйл болсон. Найз маань намайг согтоогоод модны хоёрт машин дотор орхисон байсан. Тухайн үед цаг агаар хүйтэн байсан бөгөөд түлхүүр зоолттой байсан. Харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх,

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н.Мөнхбатын мэдүүлсэн            “... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой ажпаа тараад 22 цаг өнгөрч байхад гараад Модны 2-н замаар ВМW Х 3 маркийн 83-91 УНН гэсэн дугаартай компанийхаа нэр дээр байдаг машиныг жолоодоод явж байтал араас түг хийхээр нь эргээд хартал ард талд юу ч харагдахгүй байсан ба гэнэт баруун гар талаар цагаан өнгийн машин гарч ирээд, урд гараад зогссон. Би машинааасаа буугаад хартал нөгөө машинаас нэг бараан өнгийн хувцастай хүн буугаад хойшоо чиглэлтэй гүйгээд явчихсан. Тэр хүнийг харахад согтуу байгаа нь мэдэгдэж байсан. ...  Үнэлгээгээр 898,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо гаргаж өгөөгүй байгаа ...” гэх,

 иргэний нэхэмжлэгч Ө.Мөнхбаатарын мэдүүлсэн “... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэрлүүгээ харих гээд явж байсан. Ингээд модны 2-н нарийн замаар баруунаас зүүн гар тийш явж байхад зүүнээс баруун гар тийш явж байсан нэг цайвар өнгийн машин урсгал сөрж орж ирээд, миний машины зүүн хажуу хэсэг рүү мөргөөд, тэр чигээрээ зугтаад явсан. ... Үнэлгээгээр 645,000 төгрөгийн хохирол учирсан. ... Миний машиныг мөргөөд тэр чигээрээ явж байгаад бас нэг ВМW маркийн машин мөргөөд, зогсож байхад нь араас нь гүйгээд очиход нөгөө машины жолооч энэ машины жолооч машинаа хаячихаад зугтаад явчихлаа гэж байсан ...” гэх,

иргэний нэхэмжлэгч Э.Энхбаярын мэдүүлсэн “... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад би эхнэрийнхээ хамт нэг нэг машин жолоодоод, Баянгол дуүргийн модны хоёрын нарийн замаар Максын байр руу орох гээд зогсож байхад нь нэг Т.Чейзер маркын 34-81 УНЗ дугаартай авто машин гэнэт ухраад, манай машины зүүн хойд талын хойд хаалга хэсэг рүү мөргөсөн. Тэгэхээр нь би харж байсан учраас нөгөө машины жолооч дээр очоод, чи яаж байгаа юм бэ гэтэл 30 гаруй насны туранхай залуу би бичиг баримтаа өгье гээд байхаар нь би цагдаа дуудаад хэмжилт хийлгэе гээд хэлтэл нөгөө жолооч машинаа асаагаад, ахиж ухраад, машины хаалга руу дахиж мөргөчихөөд, тэр чигээрээ зугтаагаад явчихсан ...” гэх,

гэрч Ш.Адилжаргалын мэдүүлсэн “... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нөхрийнхөө нэр дээр байдаг Т.Приус Маркийн 87-78 УНЕ дугаартай авто машиныг жолоодон Баянгол дүүргийн Модны хоёрын нарийн замаар явж байгаад, хойшоо эргээд 56-р байр руу орох гээд байж байхад нэгдүгээр эгнээнд зогсож байсан нэг Т.Чейзер маркийн 34-81 УНЗ дугаартай авто машин гэнэт ухраад, манай машины зүүн хойд хаалга хэсэг рүү мөргөсөн. Тэгээд жолооч нь гээд нэг хүн бууж ирээд, бичиг баримтаа өгчихье, тэгээд дараа нь машиныг чинь засаад өгье гэж байснаа цагдаа дуудсан чинь гэнэт машиндаа суугаад, асаагаад, дахин ухраад, манай машиныг мөргөчихөөд, зугтаагаад явчихсан ...” гэх, 

           гэрч Ц.Одбаярын мэдүүлсэн “... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би Улз-15 гэсэн дуудлагын оффицерийн үүрэг гүйцэтгэж байсан. ... Зам тээврийн осол гаргасан машины жолооч нь эхлээд Т.Приус маркын 87-78 УНЕ, дараа нь Х.Аванте маркийн 38-52 УНХ, ВМW Х-3 маркийн 83-91 УНН дугаартай авто машинуудыг мөргөөд, жолооч нь машинаасаа буугаад, осол хэргийн газраас зугтаасан ба нэг машиных нь жолооч нөгөө жолоочийг харж таниад, намайг очих үед байлгаж байсан. Би осол хэргийн газрын үзлэг хэмжилтийг хийгээд, дараа нь жолооч Б.Эрдэнэцогтоор драйгер үлээлгэн шалгахад 1,8 гарсан ба би эргүүлийн ээлжинд хүлээлгэн өгөөд, дараагийн дуудлага руугаа явсан ...” гэх мэдүүлгүүд, Техникийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаар дүгнэлт, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Кости-Эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, Ашид Билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, Захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэцогтод холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Б.Эрдэнэцогтыг зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь иргэний нэхэмжлэгч Э.Энхбаярт 150,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ө.Мөнхбаатарт 686,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, дээрх иргэний нэхэмжлэгч  нар нь гаргах гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул  иргэний нэхэмжлэгч Э.Энхбаяр, Ө.Мөнхбаатар нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Кости-Эстимэйт ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр BMW X-3  маркын 83-91 УНН улсын дугаартай автомашинд 898,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон, энэхүү үнэлгээнд талууд хэн аль нь маргаагүй байх тул шүүгдэгч Б.Эрдэнэцогтоос 898,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Мөнхбатад олгох нь зүйтэй.

 

  Шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн,

мөн  Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн ба түүний ялтай байдал нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарч байх тул ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэцогтод ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулав. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 293, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бүдээгийн Эрдэнэцогтыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэцогтыг 3 (гурав) сар 5 (хоног)  баривчлах ялаар тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Б.Эрдэнэцогтыг нийгмээс тусгаарлан, тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар Б.Эрдэнэцогтоос 898,000  /найман зуун ерэн найман мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4-56-36 тоотод оршин суух, ШЕ79062711 дугаарын регистртэй, Далай овгийн Намжилийн Мөнхбатад  олгосугай.    

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэцогтод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эрдэнэцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ