Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 29

 

М-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0029/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Н.Амаржаргал,

Шүүгдэгч М- нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлээр М-д холбогдох эрүүгийн 2040000000036 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1970 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43-01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ч-н М-

2020 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43-01 тоотод оршин суух гэртээ согтуугаар өөрийн хүү С-тай архи уулаа гэж хоорондоо маргалдаж улмаар хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч М-д холбогдох 2040000000036 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх М-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр прокурорт буцаасныг эс зөвшөөрч байна.

Нэгдүгээрт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нарийвчлан тогтоогоогүй байна..., мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 8.3-д “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн харилцан зөрүүтэй мэдүүлэг нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Хоёрдугаарт: Шинжээчийн дүгнэлтүүдээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед талийгаач, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цус шүүгдэгчийн өмсөж явсан хувцас, талийгаачийн өмсөж явсан хувцас дээр илэрсэн, шүүгдэгч нь ямар бүлгийн харьяаллын цустай болох нь тодорхойгүй байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тухайн гэмт хэрэг болсон үед шүүгдэгч, талийгаач нартай уулзаагүй гэх мэдүүлгийг өгсөн байх тул уг нөхцөл байдлыг шалгаж тогтоох нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зарчимд нийцнэ.

Гуравдугаарт: Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны үед гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байрны оршин суугч нараас хэрүүл маргаан гарч байсан эсэхийг тогтоох шаардлагатай байна гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон, М- нь бусдыг алсан болох нь нотлогдож байхад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, хэрэгт  хамаарал бүхий нотлох баримтуудад зөв дүгнэлт хийлгүй, гэмт хэргийг хэн үйлдсэн, хэргийн санаа сэдэлтийг нарийвчлан тогтоох, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд тухайн байрны оршин суугч нараас хэрүүл маргаан гарч байсан талаар шалгах шаардлагатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан нотлох баримт болох 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хийсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлэн авсан гэрэл зургууд /хх-ийн 30-32 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-н “...унтаж байгаад сэрэхэд 23 цаг өнгөрч байсан. Манай нөхөр хүүтэйгээ гал тогооны өрөөнд маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би та нар унтаач гэж хэлсэн. Тэгтэл удалгүй С “ээжээ” гээд хашхирсан. Манай бага охин “ээжээ ахаас цус гараад байна” гээд уйлахаар нь босоод гал тогоо руу очиж байхад манай нөхөр гэрээсээ гараад гэрийн хаалга хаагдаж байсан. ...С гал тогооны өрөөний коридорын шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр би хүүгээ яачихваа гэж асуусан чинь хүү ёолоод байсан. “аавыг гэж хүнд битгий хэлээрэй” гэж хэлээд ухаан алдсан. Удалгүй гаднаас цагдаа, эмнэлэг ирсэн. ...манай хүүг аав нь хутгалсан, С-н хэвлийн хэсэгт хутгаар зүсэгдсэн байсан, шархнаас нь цус гарч байсан. Намайг унтаж байхад тэр хоёр хоорондоо маргалдаж байгаа сонсогдохоор нь сэрсэн. Манай нөхөр хүүгээ архи уулаа гэж байсан, манай хүү ч гэсэн аавыгаа архи уулаа гэж хоорондоо маргалдаад байх шиг байсан...,

...миний баруун гарын долоовор хурууны дээд талд зүсэгдсэн байсан. Хэзээ юунд зүссэнээ мэдэхгүй байна. Энэ зүсэгдсэн шархнаас цус гарч байсан. Тухайн үед хүүгээ шалан дээр хэвтэж байхад нь барихад цус болж байсан болохоор хүүгийн цус гэж бодож байсан. ...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэг дээр байхад миний гар хөндүүр болсон байхаар нь харсан чинь зүсэгдсэн байсан. ...Би М-ыг цагдаад баригдаад явах гэж байхад нь уулзахад “...чи эрүүл байсан биз дээ, бид 2-ын дунд байж салгахгүй яасан юм бэ” гэж хэлж байсан. Тэгэхээр би тэр 2-ыг муудаж байхад нь очсон юм шиг байна, би бол санахгүй байгаа юм, би нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 хуудас/,

Гэрч А-н “...намайг гэртээ унтаж байхад 2020 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед дүү А-н нөхөр М над руу утсаар яриад “М- ахыг хүүхдээ хутгалсан байна, эмнэлэг дээр яаралтай оч” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 38-39 хуудас/,

Гэрч Э-н “...намайг цагдаагийн хэлтсийн туслах жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхад 2020 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 00 цаг 06 минутын үед М- гэх хүн ганцаараа гүйж орж ирээд “...би хүүгээ хутгалчихлаа, түргэн дуудаарай” гээд өөрийнхөө гэрийн хаягийг хэлсэн. ...М- гэх хүний согтуурлыг шалгахад 0.70 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч С-н “...ээж гэрт ороод хувцсаа тайлаад унтлагын хувцсаа  өмсөөд орондоо орж хэвтсэн. Ээжийг хэвтсэний дараа аав, ах хоёр өндөг шарж идсэн. Тэгээд ээжтэй хамт хэвтсэн, аавыг гарч явсныг мэдээгүй, харин шөнө ахыг “ээжээ” гэж дуудахад нь сэрээд ээжээс түрүүлээд гүйгээд очсон. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 хуудас/,

Гэрч Б-н “...2020 оны 3 дугаар сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байхад том хүү М- ганцаараа согтуу орж ирсэн. ...М-ыг “унт” гээд газраар ор засаж өгөөд унтуулсан. Би М-ыг унтсаны дараа 22 цагийн үед ороо засаад унтсан. Тэгээд өглөө сэрэхэд манай хүү М- байгаагүй.  Хэзээ гэрээс гарсныг мэдэхгүй байна. Манайд М-ыг ирэхэд биед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй, хамар, амнаас цус гарсан зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/,

Шинжээч А-н “...шинжилгээгээр амь хохирогч С-н биеийн хэвлийн зүүн хажуу хэсгээр гялтангийн арын зай руу нэвтэрч хатгагдсан шарх, мөн хэвлийн зүүн дээд хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдсон тул дүгнэлтдээ хурц ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэж бичсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 106 хуудас/,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр “...талийгаач нь дээрх хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас дотуур цус алдаж нас барсан...” гэх дүгнэлт /хх-ийн 101-105 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1529 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...шинжилгээнд ирүүлсэн цамцанд зүсэгдэлт гарсан байна. Цамцанд гарсан гэмтэл хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт /хх-ийн 123-124 хуудас/,

2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр М-ын согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэлд 0.70 хувийн согтолттой болохыг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 194 хуудас/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудсанд “...хэвлийн зүүн талаар 2 удаагийн нэвтэрсэн шархтай...” гэж бичигдсэн тэмдэглэл /хх-ийн 39 хуудас/,

М-ын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн гэрчээр өгсөн “...тухайн үед би галд тогооны өрөөнд хутганы комны хажууд зогсож байсан болохоор нэг хутга гартаа бариад хүүгийнхээ гэдэс рүү дүрчихсэн. ...хүүгээ хутгалснаа мэдээд гэрээсээ гарч гүйгээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

М-ын яллагдагчаар өгсөн: “...Намайг гэр рүү орсон чинь С намайг “зайл” гэж хэвтэж байхдаа хэлсэн. Тухайн үед С нүцгэн бие дээрээ ээжийнхээ ногоон халаадыг өмсөөд ирж байсан. Намайг гал тогооны өрөөний шүүгээний хажууд зогсож байхад над руу ирээд “та дүү нараа дууд, айна гэж байхгүй” гэж хэлээд миний хоолойг гараараа боосон. Тэгэхээр нь хажуудаа байсан хутганы комноос нэг хутга барьж аваад хүүгийнхээ гэдэс рүү дүрчихсэн. Тэгээд хүүгээ хутгалсан гэдгээ мэдээд гэрээсээ гүйж гараад цагдаа руу очиж хүүгээ хутгалсан талаараа хэлээд эмнэлэг дууд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 176-177 хуудас/,

Мөн шүүгдэгч М-ын шүүх хуралдаанд өгсөн “...гал тогооны өрөөнд хүү бид хоёр байсан, өөр хүн байгаагүй, би хутгалсан...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-н шүүх хуралдаанд өгсөн“...намайг унтаж байхад манай нөхөр хүүтэйгээ гал тогооны өрөөнд маргалдаад байх шиг байсан. Манай бага охин ээжээ гээд намайг чангааж сэрээгээд “ахаас цус гараад байна” гэж уйлахаар нь босоод гал тогоо руу очиход манай нөхөр гэрээс гараад хаалга хаагдаж байсан. Хүүг маань манай нөхөр хутгалсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар М- нь согтуугаар өөрийн хүү Сү-тай архи уулаа гэж хоорондоо маргалдаж улмаар талийгаач С-г 2 удаа хутгалж, санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон.

Гэтэл шүүх шүүгдэгч М- нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн.

Шүүгдэгч М- нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т хуульчилж өгсөн тул шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2,  16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй, хэтэрхий өрөөсгөл дүгнэлт хийжээ. Мөн шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн болон Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтүүдээр амь хохирогч С нь 3 дугаар бүлгийн, хууль ёсны төлөөлөгч Б, насанд хүрээгүй охин С нар нь 4 дүгээр бүлгийн цустай болох нь тогтоогдсон. Нөгөө талаар хэргийн газрын үзлэгээр арчдас, мөн талийгаачийн өмсөж явсан хувцас дээрээс 4 дүгээр бүлгийн цус илэрсэн нь тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэлд “биед нь шинээр үүссэн гэмтэл, шарх байхгүй, баруун гарны 2 дугаар хурууны дотор талд ташуу зүсэгдсэн 1.5 см хуучин зүсэгдсэн сорви байна” гэсэн тэмдэглэл, хавтаст хэрийн 34-37 хуудсанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-н “...миний баруун гарын долоовор хурууны дээд талд зүсэгдсэн байсан. Хэзээ юунд зүссэнээ мэдэхгүй байна. Энэ зүсэгдсэн шархнаас цус гарсан байсан. Тухайн үед хүүгээ шалан дээр хэвтэж байхад нь барихад гар цус болж байсан болохоор хүүгийн цус гэж бодож байсан. ...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэг дээр байхад миний гар хөндүүр болсон байхаар нь харсан чинь зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлгээр хэргийн газарт байсан арчдас, мөн талийгаачийн өмсөж явсан хувцаснаас хууль ёсны төлөөлөгч Б-н бүлгийн цус илэрсэн нь тогтоогдож байна. М-ын бусдыг алсан үйлдэл нотлогдсон байхад М-ын цусны бүлгийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Гэмт хэрэг болох үед оршин суугч нараас хэрүүл, маргаан гарч байсан эсэхийг тогтоох шаардлагатай гэжээ. М-ын үйлдсэн гэмт хэрэг нь ахуйн хүрээнд өөрөөр хэлбэл гэр бүлийн хүрээнд буюу тухайн үед гэрч М-, түүний эхнэр Б, насанд хүрээгүй охин С, талийгаач С- нар байсан ба эхнэр Б, охин С нар унтаж байсан, хэрэг үйлдэгдэх үед М-, түүний хүү талийгаач С- хоёроос өөр хүн байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад оршин суугч нарыг асуух шаардлагагүй юм. Учир нь гэмт хэрэг гарахад оршин суугч нар нь хэргийг харсан, эсхүл байсан гэрч биш учраас оршин суугч нарыг асууснаар энэ гэмт хэргийг хэн үйлдсэн, хэн байсныг гэрчлэхгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Хавтаст хэргийн 91-93 дугаар хуудсанд талийгаачийн цогцсонд хийсэн үзлэгийн тэмдэглэлд “..гар, өвдөг, хөлөнд зулгаралт үүссэн...” гэж, 101 дүгээр хуудсанд цогцсонд задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлийн актад “...цогцосны гадна үзлэгээр гуя, баруун хөл, зүүн хөлд гэмтлүүд үүссэн...” гэж бичигдсэн, 69 дүгээр хуудсанд гэрч Хонгор “...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед М-д үзлэг хийхэд хүзүүнд улаалт байсан, мөн зүүн нүд хөхөрсөн цус хурсан байсан...” гэж мэдүүлснээс үзэхэд яллагдагч М-, талийгаач С- нар хоорондоо харилцан зодолдсон болох нь шүүгдэгчид учирсан гэмтлүүдээр тогтоогддог.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн гэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

М-ын хэргээ хүлээсэн мэдүүлэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, М-ын цусны бүлгийг тогтоох, орон сууцны бусад оршин суугчдаас мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй, энэ хэрэг нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас ахуйн хүрээнд үйлдэгдсэн тул хэргийг хавтаст хэргийн хүрээнд улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би хүүгээ хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хүү маань намайг боохоор нь би хутга авснаа санаж байна. Би 2014 онд архины эмчилгээ хийлгэж спираль тавиулсан болохоор мартаж санадаг болсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр эд мөрийн баримт хараад хэргийн талаар санасан. Тухайн хэрэг болдог шөнө 00 цагийн үед Э гэх цагдаа надаас мэдүүлэг авч, нүцгэн биеийн зураг авсан ба Э “таны хоолойнд 10 хурууны ором байна. Мөн ар нуруунд улаан толбо байна” гэж хэлж байсан. Маргааш нь Хонгор гэх цагдаад хувцасаа тайлаад нуруугаа харуулахад зүгээр байсан ба харин хоолой улайлттай байсан. ...Тухайн өдөр миний төрсөн өдрийг тэмдэглээд эхнэрийг найзууд ирээд архи хувааж уусан. Хүү маань гараад явсан. Би архи битгий уугаарай гэж захиж байсан. Би нэг шил архи хувааж уугаад согтоод ээжийнд очиж унтсан. Шөнө гэртээ ирэхэд хүү гэртээ ирчихсэн байсан бөгөөд намайг хуруугаараа заагаад “зайл” гэж хэлсэн. Намайг гал тогооны өрөөнд ороход хүү араас орж ирээд миний нүд рүү цохиод хоолойг маань боосон. Тухайн үед хүү намайг шүүгээн дээр дараад өсгий ч газар хүрэхгүй, чих дүнгэнээд байхаар нь гараараа юм тэмтэрч аваад цохисон. Сүүлд хутга гэдгийг нь хараад хүү бид хоёр хоёулаа гайхсан. Ноцолдож байхдаа хутга гэдгийг нь анзаараагүй. Хүүгийн гэдэснээс цус гарч байхыг хараад гарч цагдаа дуудсан. Би хүүгийнхээ амь насыг хохироосноо хүлээн зөвшөөрч байна. Хүү маань хэрэг гардаг өдөр цонхоор орж гарахдаа өөрөө гэмтсэн тул манай гэрийн цонхыг гадна талаас нь авсан зургийг болон зураг авсан хоёр цагдааг, хэрэг болох үед гэр ямар байдалтай байсан талаар эхнэрээс болон дүү нараас мэдүүлэг авахуулахыг хүсч байна гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлээр М-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх М-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

М-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байхад шүүх “гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоох, шүүгдэгчийн цусны бүлгийг тогтоож,  гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хэрүүл маргаан гарсан талаар тухайн байрны оршин суугч нараас мэдүүлэг авах” зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын тухайд: М- нь “хүү С- намайг цохиж, хоолой боосон, миний нүд хөхөрч, хүзүү болон нуруун дээр улаан толбонууд байсан тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх шаардлагатай” гэсэн тайлбарыг тус шүүхэд гаргасан бөгөөд мөрдөгч Э-н “...М-ын баруун билүү зүүн нүд нь улайсан байсан, өөр гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаартай “М-ын биед зүүн нүдний дээд зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх-ийн 80-81 хуудас/, шинжээч Х-н “...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед М-д үзлэг хийхэд хүзүүнд нь улайлт байсан, мөн зүүн нүд нь хөхөрсөн цус хурсан байсан. Өөр ил харагдах шарх, гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 хуудас/ зэргээс үзэхэд шүүгдэгчийн С-ын хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, амь насыг нь хохироосон үйлдэлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах үндэслэлгүй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийн анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО